Хятадын Коммунист намын XX их хурал аравдугаар сарын 16-ны 10 цагт Бээжингийн Ардын их хурлын ордонд нээлтээ хийж, 22-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Их хурлын нээлтийн үеэр ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин хоёр цаг орчим үргэлжилсэн илтгэл тавив. Тэрбээр илтгэлдээ БНХАУ-ын гадаад болон дотоод бодлогын тэргүүлэх чиглэлийг тодорхойлжээ.
Тайванийн асуудал
Ши Жиньпин эх газрын Хятадтай Тайванийг нэгтгэх үйл явц эргэлт буцалтгүй гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлж, БНХАУ-ын эрх баригчид үйл явцыг энхийн замаар хэрэгжүүлэхийн төлөө эрмэлзэх болно гэж онцолжээ. Гэсэн хэдий ч шаардлагатай тохиолдолд хүч хэрэглэхээс буцахгүй гээд шаардлагатай бүхий л арга хэмжээ авах эрхээ хадгалан үлдэнэ хэмээн мэдэгджээ. Түүний хэлснээр, “нэг улс-хоёр систем” томьёо нь Хонконг, Макаогийн жишээн дээр үр дүнтэй болохоо харуулсан. Хонконгийн сонгуулийн тогтолцооны шинэчлэл, “Хонконгийг эх орончид удирдана” зарчмыг нэвтрүүлсэн нь БНХАУ-ын засаг захиргааны энэхүү онцгой бүс дэх нөхцөл байдал “эмх замбараагүй байдлаас хяналтад” шилжихэд хүргэсэн.
Гадаад бодлого
Хятад улс дэлхийд ноёрхох, хил хязгаараа тэлэх бодлого явуулахгүй. Үүнтэй зэрэгцэн Хятад улс хүйтэн дайны үеийн сэтгэлгээ, бусад улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг хүлээн зөвшөөрөхгүй, хоёрдмол стандартын эсрэг байр суурийг баримтална. Хятад улс мөн олон улсын харилцаан дахь ноёрхлын бүхий л хэлбэр, бүдүүлэг хүчний бодлого, протекционизм, нэг талыг баримталсан байдлыг эсэргүүцнэ.
Армийн шинэчлэл
Хятад улс Хятадын Ардын чөлөөлөх армийн шинэчлэлийг түргэтгэх зорилго тавьж байна гэж Ши Жиньпин мэдэгдэв. Хятадын Ардын чөлөөлөх армийг 2027 он гэхэд дэлхийн хамгийн хүчтэй Зэвсэгт хүчний нэг болгох нь тус улсын удирдлагын тэргүүлэх зорилго хэмээн тэрбээр мэдэгджээ. Намын армид тавих хяналтыг бэхжүүлэх, батлан хамгаалах салбар дахь авлигатай тэмцэх ажлыг үргэлжлүүлнэ. Хятадын эрх баригчид Хятадын Ардын чөлөөлөх армийн үндэсний аюулгүй байдал, тусгаар байдлыг хамгаалах стратегийн нөөц боломжийг өргөжүүлэхийг зорино.
Авлигатай тэмцэх нь
ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга илтгэлдээ авлигатай тэмцэх асуудалд онцгой ач холбогдол өгөв. Авлига нь намын оршин тогтнох үндэст заналхийлж буй хамгийн том хорт хавдар гэж Ши Жиньпин тодорхойлов. Хээл хахуультай тэмцэх нь ХКН-ын шинэчлэлийн гол хөтөч нь ба авлигын эсрэг тэмцэх нэг хором ч зогсохгүй.
Бусад зорилтууд
Хятад улсыг технологи, аж үйлдвэрийн их гүрэн болгох нь тэргүүлэх зорилт хэмээн Ши Жиньпин мэдэгдэв. Хятад улс нь эрчим хүч, хүнсний аюулгүй байдлаа хангах, үйлдвэрлэл, нийлүүлэлтийн гинжин хэлхээний тогтвортой, аюулгүй, тасралтгүй ажиллагааг хангахад онцгой анхаарал хандуулна.
ХКН-ын ХХ их хурлын тухай
Хятадын коммунист намын ХХ их хуралд тус намын 96.7 сая гишүүнийг төлөөлсөн 2.3 мянган төлөөлөгч оролцож байна. Их хурлаар сүүлийн таван жилийн үр дүнг хэлэлцэж, ирэх таван жилийн хөгжлийн зорилго, зорилтуудыг батлах юм. Их хурлын үеэр төлөөлөгчид Хятадын коммунист намын Төв хорооны шинэ бүрэлдэхүүнийг сонгож, намын шинэчилсэн дүрмийг хэлэлцэнэ.
Сэтгэгдэл ( 1 )
Хятадууд Данхаас муу байна. Дөнгөж 2035он. Тэгсэн манай качкар Алсын хараатай бүүр 2050 .