Ши Жиньпин 10 жилд Хятадыг хэрхэн өөрчилсөн бэ?

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 24

Хятадын Коммунист намын Төв хороо Ши Жиньпинийг ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар улируулан сонголоо. Ши Жиньпинд гурав дахь бүрэн эрхийн хугацаанд ажиллах боломжийг 2018 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар олгосон. Энэ сард Ши Жиньпиний Хятадын Коммунист намын хамгийн өндөр албан тушаалыг хашаад 10 жил тохиосон ч тэрбээр дэлхий дахинд хаалттай ном хэвээр байна. Харин БНХАУ энэ хугацаанд хэрхэн өөрчлөгдөв? Ши Жиньпинийн тэргүүлсэн арван жилийн хугацаанд Хятад улс онцгой өөрчлөгдсөн.

Өнгөрсөн хугацаанд Хятадын эдийн засаг асар хурдацтай өсөв. Тэрбээр мөн Хятадын экспортоос хараат байдлыг бууруулж, дотоодын хэрэглээг нэмэгдүүлж, цэрэг армийн шинэчлэлийг хэрэгжүүлж, туйлын ядуурлыг устгаж чадсан. Сүүлийн арван жилд Хятадын эдийн засаг 53.9 их наяд юаниас /2012 он/ 114.4 их наяд юаньд хүрч, дэлхийн эдийн засагт эзлэх хувь нь 11.3-аас 18 хувь болж нэмэгджээ. Хятадын ДНБ 2021 онд 17.73 их наяд ам.долларт хүрч, 2012 оныхтой харьцуулахад 100 гаруй хувиар өсжээ. Нэг хүнд ногдох ДНБ 6.3 мянган ам.доллароос 12.5 мянган ам.долларт хүрч, өссөн нь өндөр орлоготой улс орны стандартад ойртой ирэв.

Үүнтэй зэрэгцэн дэлхийн хоёр дахь том эдийн засаг гэсэн Хятадын статус улам бэхжив. Сүүлийн арван жилд Хятадын дэлхийн эдийн засагт оруулж буй хувь нэмэр 30 хувьд хүрсэн нь тус улсыг дэлхийн эдийн засгийн өсөлтийн томоохон хөдөлгөгч хүч болжээ.

Ши Жиньпиний тэргүүлсэн арван жилд Хятад улс инновацын орон болж хөгжив. Инновац нь хөгжлийн хөдөлгүүр болж, шинжлэх ухаан, судалгаанд оруулах хөрөнгө оруулалтын хувь хэмжээ ДНБ-ийн 19.1 хувиас 2.44 хувь болж өсжээ. Хятадын дэлхийн инновацын индекс 34-өөс 12-р байрт орж, урагшилсан байна. Түүнчлэн, тус улс хурдны төмөр зам, 5G сүлжээ зэрэг салбарын бүтээн байгуулалтын үзүүлэлтээр дэлхийд тэргүүлэх байр суурь эзэлж буйгаас гадна сансар судлал, тэр дундаа Ангараг гараг судлалд томоохон амжилт гаргаж байна.

Хятад улс туйлын ядууралд цэг тавив. Сүүлийн арван жилийн хугацаанд хөдөө орон нутгийн 100 сая иргэдийг туйлын ядуурлаас гаргажээ. Ажилгүйдэлтэй тэмцэх хүрээнд тус улсад жилд 13 сая гаруй ажлын байр шинээр бий болж байна. Боловсролын салбарт дэвшил гарч, хөдөлмөрийн насны хүн амын сургалтын дундаж хугацаа 10.9 жилд хүрчээ. Хятад улс нийгмийн халамж, эрүүл мэндийн дэлхийн хамгийн том тогтолцоог бий болгосны дүнд хүн амын дундаж наслалт 75.4-өөс 77.9 жил болж, уртасжээ. Дундаж орлоготой хүн амын эзлэх хувь ¼ байсан бол 1/3 болж нэмэгдсэн байна.

Сүүлийн арван жилд Хятадын эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлжээ. Үр тарианы үйлдвэрлэл нь сүүлийн долоон жил 650 тэрбум кг-д тогтмол хүрч, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж байна. Эрчим хүчний хангамж, нүүрс, газрын тос, байгалийн хийн олборлолт, нийлүүлэлт, хадгалалт, борлуулалтын тогтолцоог боловсронгуй болгож байна.

Өнгөрсөн хугацаанд Хятад улс нээлттэй гадаад бодлого явуулсны дүнд худалдааны гүрний статусаа бэхжүүлж чаджээ. Хятадын бараа бүтээгдэхүүний экспортын олон улсын зах зээлд эзлэх хувь 11-ээс 15 хувь болж өссөн байна. Тус улсын чөлөөт худалдааны гэрээ байгуулсан орны тоо 19 болж өсжээ. Үүнээс гадна “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд нийт 149 улс, 32 олон улсын байгууллагатай хамтран ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top