Агаарын бохирдлын улмаас жилд нэг сая орчим хүүхэд амьгүй төрж байгааг БНХАУ, АНУ-ын эрдэмтэд тогтоожээ. Өөрөөр хэлбэл нийт амьгүй төрөлтийн тал орчим хувь нь агаарын бохирдолтой холбоотой.
Хятад, Америкийн эрдэмтдийн багийн явуулсан хамтарсан судалгааны дүнг “Nature” сэтгүүлд нийтэлжээ. Судлаачид анх удаа агаар дахь PM 2.5 тоосонцрын өндөр агууламж ургийн эндэгдлийн түвшинд ямар нөлөө үзүүлдэг болохыг тогтоосон байна. Эрдэмтэд 1998 оноос 2016 оны хооронд бага болон дунд орлоготой 54 улсад бүртгэгдсэн 45 мянган төрөлтийн мэдээллийг судалжээ. Эдгээр улс оронд нэг мянган амьд төрөлтөд 10-30 амьгүй төрөлт ногддог бол Их Британи, АНУ-д тус бүр гурван амьгүй төрөлт бүртгэгддэг байна. Судалгаагаар зөвхөн агаар дахь PM 2.5 тоосонцрын агууламж, ургийн эндэгдлийн холбоог судалсан ба хатуу түлш шатаах явцад агаарт дэгддэг PM 2.5 тоосонцор эх болон ургийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг болохыг тогтоох зорилго тавиагүй байна. Учир нь энэ сэдвээр сүүлийн жилүүдэд хэд хэдэн судалгаа хийжээ. Эдгээр судалгаагаар тоосонцор эхийн уушгинаас ураг эхэст хэрхэн очдог болохыг тогтоосноос гадна PM 2.5 тоосонцор ургийн уушги, элэг, тархинд илэрчээ.
Хятад, Америкийн эрдэмтэд PM 2.5 тоосонцор эхэст нэвтэрснээр урагт эхээс очих хүчил төрөгчийг хаадаг гэсэн таамаг дэвшүүлсэн байна. ДЭМБ-ийн зөвлөмжөөс үзвэл, агаар дахь PM 2.5 тоосонцрын агууламжийн дундаж хэмжээ 5 мкг-аас хэтрэхгүй байх ёстой. Судалгаанд оролцсон эхчүүдийн амьдарч буй орчинд энэ түвшин ДЭМБ-ийн тогтоосон зөвшөөрөгдөх хэмжээнээс давж байжээ. Тиймээс PM 2.5 тоосонцрын агууламжийн хэмжээг буруулснаар амьгүй төрөлтийг буруулах боломжтой гэж эрдэмтдийн багийн ахалсан Бээжингийн их сургуулийн судлаач Тао Юэ үзэж байна.
Сэтгэгдэл ( 0 )