УИХ-ын гишүүн Ш.Адьшаа нарын 26 гишүүн 2022 оны зургаадугаар сарын 03-ны өдөр хилийн боомтын үйл ажиллагаа, нүүрс тээвэрлэлттэй холбоотой ажлыг шалгах Хяналт, шалгалтын түр хороог байгуулахыг санаачилж, УИХ-аар батлуулан ажиллаж буй. Тэгвэл өнөөдрийн /2022.12.08/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар тус Түр хорооны ажиллах хугацааг сунгах асуудлыг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг гишүүн Түр хорооны дарга Г.Ганболдоос дараах асуудлын хүрээнд нэмэлт мэдээлэл авав.
УИХ-ЫН ГИШҮҮН С.ЧИНЗОРИГ: Түр хороо яагаад УИХ-ын гишүүд, иргэд, олон нийтэд бодитой мэдээлэл өгөхгүй байгаа юм бэ?
-Бид нэлээд амаргүй нөхцөл байдалтай ажиллаж байна. Гаднаа жагсагчидтай. Нүүрсний хулгайтай тэмц, нүүрсний хулгайчдыг нэрлэ, хариуцлага тооц гэсэн ийм нөхцөл байдалд бид Түр хорооны хугацааг сунгах асуудал яригдаж байна.
Гэхдээ энэ Түр хороо байгуулагдаад багагүй хугацаа өнгөрсөн. Энэ түр хорооны даргаас өнгөрсөн зургаан сарын хугацаанд Түр хороо нь ямар ажил хийгээд, ямар үр дүнд хүрсэн бэ. Түр хорооны хүрээнд та бүхний одоо шийдэж чадахгүй байгаа, зайлшгүй парламентаас дэмжлэг авах ямар асуудлууд байна гэж та бүхэн үзэж байна вэ?
Тухайлбал, нууцын зэрэглэлтэй хэчнээн гэрээ байгаа юм бэ. Хэд нь нууцлалаас гарч байгаа юм бэ, хэд нь гараагүй байна вэ. Төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой үнийн асар зөрөөтэй асуудлууд ярьдаг.
Гашуунсухайтын зам 1 км нь 5 сая ам.доллар, Богдхаан төмөр зам 1 км нь 8 сая ам.доллар ч юм уу. Гэтэл хувийн хэвшил Ханги чиглэлийн замыг 1 км нь 1.7 сая ам.долларын өртөгтэйгөөр 8 сарын хугацаанд барьж болж байна. Энэ төмөр замын гэрээ чинь нууц байгаа юм уу, ил байгаа юм уу? Гэх мэтчилэн та бүхнийг ажиллахад парламентын зүгээс ямар дэмжлэг хэрэгтэй гэж та бүхэн үзэж байгаа юм бэ.
Ер нь Түр хороо яагаад УИХ-ын гишүүд, иргэд, олон нийтэд бодитой мэдээлэл өгөхгүй байгаа юм бэ. Түр хорооны гишүүд гээд Х.Доржханд гишүүд өөрсдөө л яриад байх юм. Энэ бол баттай тоо гээд. Бараг л 40 их наядын хулгай нүүрсэн дээр гарсан гээд хэвлэлээр гарсан. Түр хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ байж байгаад Их хурал, олон нийтэд бодитой мэдээлэл өгч болохгүй байгаа юм уу? Түр хорооны гишүүд чинь дотроо улс төр хийгээд байгаа юм биш биз дээ гэсэн хардлага байна.
Намайг Засгийн газарт ажиллаж байхад Ч.Хүрэлбаатар сайд нүүрстэй холбоотой асуудлыг шалгаад 370 орчим мянган тонн нүүрс алдагдсан байх магадлалтай байна. Тодорхой хэмжээний тонны машинууд улсын дугаар нь машинууд хоёр талдаа дандаа хоосон орж гарсан гэсэн мэдүүлэгтэй байна гээд асуудал маш их ярьсан. Тухайн үед Засгийн газар асуудлыг цагдаа, хууль хяналтын байгууллагаар шалгуул гээд шилжүүлсэн ч одоогоороо хариу байдаггүй. Зарим нь хууль хяналтын байгууллага дээр хаагдсан гэсэн мэдээллүүд байна.
Тэгэхээр Түр хороо зургаан сарын хугацаанд өөрсдийн хэмжээнд олсон баримт дээрээ тулгуурлаад үнэн бодит мэдээллийг парламент болон иргэдэд өгөх хэрэгтэй байна.
УИХ-ЫН ХЯНАН ШАЛГАХ ТҮР ХОРООНЫ ДАРГА Г.ГАНБОЛД:
-Манай Түр хороо бол УИХ-аас байгуулсан 3 дахь түр хороо. Өмнөх түр хороодууд хугацаагаа сунгаад явж байгаа. Түр хорооны ажлын хүрээнд бид нотлох баримт цуглуулах, гэрч дуудаж байцаах гээд цаг их орж байна.
Хянагч, шалгагч нар ажиллуулж байна. Шинжээч нар цуглуулсан материал дээр сууж байна. Тиймээс бид шууд нотлоод, ийм боллоо гэж зарлахад эрт байгаа юм аа. Тиймээс бид өнөөдөр Түр хорооны хугацааг хүсэлт оруулж байгаа юм.
Түр хороо бол үүргээ гүйцэтгэж байгаа. Сая Б.Пүрэвдорж гишүүн нүүрсний хулгай гэж хоёр жил орилсон гэж хэлж байна. Өмнө нь ч гэсэн Л.Энхболд гишүүн (гишүүн асан) гурван жил энэ чуулганы танхимд нүүрсний хулгайн талаар орилсон. Хэн ч тоогоогүй.
Түр хороо ажилласнаар нийгмийн анхаарлын төвд орж, өнөөдрийн нүүрсний хулгайн асуудал ийм түвшинд ороод явж байгаа юм.
Сая С.Чинзориг гишүүн оффтэйк гэрээнүүдийг асууж байна. Нууцын зэрэглэлтэй учраас УИХ-ын гишүүд ч үүнтэй танилцах боломжгүй байгаа. Харин УИХ-ын Түр хороонд бол хуулийн дагуу нууц гэрээнүүдтэй танилцах боломж олдож байгаа.
Саяхан УИХ-ын даргын захирамжаар Хяналтын ерөнхий сонсгол хийх ажлын хэсэг байгуулагдсан. Энэ хүрээнд оффтэйк буюу нууц гэрээнүүдийг ил болгож, арванхоёрдугаар сарын 21-ний өдөр иргэдэд нээлттэй хэлэлцүүлэх гэж байгаа. Энэ бол Түр хорооны хамгийн том үр дүн гэж хэлэх байна. Яагаад гэхээр энэ гэрээнүүдийн цаана төмөр замыг ямар үнэтэй байгуулсан бэ, үүнийхээ хөлсөнд нүүрсийг ямар үнэтэй авсан юм бэ гээд энэ бүх зүйлүүд ил болно гэдэгт эргэлзэхгүй байгаа.
44 их наядтай холбоотой Т.Доржханд гишүүн нийгэмд ярьсан. Т.Доржханд гишүүн бол Түр хорооны нэг гишүүн мөн. Гэхдээ Түр хорооны хуралд нэг ч суугаагүй. Түр хороон дээр 44 их наядтай холбоотой нэг ч нүүрсний мөнгөн дүнгийн асуудал яригдаагүй. Үүнийг Түр хорооны хуралд сууж байсан С.Ганбаатар болон бусад гишүүд мэдэж байгаа.
Тэгэхээр өнөөдөр нийгмийг талцуулаад байгаа, ард түмнийг төртэй нь талхилцуулдаг, өвлийн хүйтэнд асар олон иргэдийг жагсаасэн энэ мэдээллийнхээ төлөө Т.Доржханд гишүүн хариуцлага хүлээх ёстой. Өөрийнхөө гаргасан мэдээллийн үнэн бодит байдлыг тайлбарлах хэрэгтэй. Нийгэмд гаргаж хэлсэн энэ дүнгээ ямар үндэслэлээр, ямар тооцоо, судалгаатайгаар гаргаж ирснээ тайлбарлах ёстой.
Яагаад гэхээр өнөөдөр ард түмэн 44 их наядын асуудлыг хөндөн жагсаж байна. Өнөөдөр Түр хороон дээр яг бодитой яригдаж байгаа зүйл бол 2.5 сая тонн нүүрсний хулгайн нотлох баримт цуглуулах тухай асуудал байгаа.
Тийм болохоор Доржханд гишүүн тайлбар хийгээд, хэрэв буруу мэдээлэл өгсөн бол ард түмнээс, тэр дундаа өвлийн хүйтэнд жагссан иргэд, жагсаалаас өмнө зогсож байгаад эрүүл мэндийн хувьд эрсдэл хүлээсэн төрийн албан хаагчид, цагдаагийн албан хаагчдаас уучлалт хүсэх ёстой” гэлээ.
Сэтгэгдэл ( 2 )
Тоо бодож чадахгүй эргүү толгой юмуу Доржханд тайлбарлаад байхад ойлгохгүй юмаа
энэ ганболдоос юу горьдох вэ? үүний толгой хүрэхгүй. тэр бум гэдэг тооч мэдэхгүй үүнийг даруй солио.