Дотоодын 5 гадаадын 2 эрдэмтэн академичаар сонгогдлоо

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 12 сарын 08

ШУА-ийн ээлжит Их чуулганаар өнөөдөр /2022.12.07/ гишүүний сонгууль  явууллаа.

 

ШУА-ийн гишүүн сонгох сонгууль  хоёр жилд тутамд нэг удаа зохион байгуулагддаг  бөгөөд  энэ жил дараах дотоодын 9, гадаадын 2 эрдэмтэн нэр дэвшлээ.

1. Б.Батхишиг /Эдийн засгийн шинжлэх ухааны доктор/

2. Ч.Ган-Өлзий /Философийн шинжлэх ухааны доктор/

3. Д.Дагвадорж /Газарзүйн шинжлэх ухааны доктор/

4. Ж.Нарангэрэл /Химийн шинжлэх ухааны доктор/

5. Д.Цэрэндагва /Анагаахын  шинжлэх ухааны доктор

6. Ч.Чимэдрагчаа /Анагаахын шинжлэх ухааны доктор/

7. Р.Энхбат /Физик, математикийн шинжлэх ухааны доктор/

8. Н.Энхболд /Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны доктор/

9. Д.Энхтуяа /Техникийн  шинжлэх ухааны доктор/

10.  Япон улсын Осакагийн олон улсын их сургуулийн процессор Мацүда

11. Москвагийн их сургуулийн Газарзүйн факультетын ерөнхийлөгч,   академич Н.С. Касимов

 ШУА-д өдгөө 61 академич хэргэмтэй эрдэмтэн байдаг бөгөөд Их чуулганд 54 академич оролцож санал өглөө ШУА-ийн гишүүн сонгох журмын дагуу нууц санал хураалт явуулж их чуулганд оролцсон гишүүдийн ¾ ба түүнээс дээш гишүүдийн санал авсан нэр дэвшигчийг академийн гишүүнээр сонгодог дүрэмтэй.

Энэ дүрмийн дагуу   өнөө жил дотоодын 9 эрдэмтнээс Б.Батхишиг  75.5 хувь, Ч.Ган-Өлзий 77.4 хувь, Ч.Чимэдрагчаа 77.5 хувь, Р.Энхбат 77.4 хувь, Д.Энхтуяа 75.0 хувийн саналаар тус тус сонгогдлоо.

Гадаад гишүүний тухайд ил санал хураалт явуулдаг бөгөөд  Япон улсын Осакагийн олон улсын их сургуулийн процессор Мацүда, Москвагийн их сургуулийн Газарзүйн факультетын ерөнхийлөгч,   академич Н.С. Касимов нарыг  сонгуульд оролцогчид 100 хувийн саналаар дэмжиж ШУА-ийн гадаад гишүүнээр сонголоо. 

Сонгогдсон гишүүдийг Монгол Улсын ерөнхийлөгчид уламжилж академич хэргэм олгодог юм.

 Шинээр сонгогдсон гишүүдийн тухай товч мэдээллийг хүргэж байна. 

БАДАМДОРЖИЙН БАТХИШИГ ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Бодлого судлал, улс төрийн эдийн засгийн ухааны салбарын эрхлэгч, Шинжлэх ухааны доктор (ScD), профессор

Б.Батхишиг нь 1990 онд Эдийн засгийн хүрээлэнд “Хөдөлмөрийн хэрээр хуваарилах харилцааг боловсронгуй болгох нь” сэдвээр эдийн засгийн ухааны дэд докторын зэрэг, 2020 онд ШУА-ийн дэргэдэх Эдийн засгийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалуулах зөвлөлд “Монгол дахь зах зээлийн эдийн засгийн хөгжлийн асуудлууд” сэдвээр шинжлэх ухааны доктор (ScD)-ын зэрэг хамгаалжээ. 

Тэрээр эрдэм шинжилгээний бие даасан 82 бүтээл турвиж, хамтын бүтээл 14, ном сурах бичиг, монограф 10-ыг бичсэнээс гадаадад 1, дотоодод 9 бүтээл, редакторласан бүтээл 2, эрдэм шинжилгээний өгүүлэл нийт 47, үүнээс гадаадад 8, дотоодод 39, импакт фактортай сэтгүүлд 5 өгүүлэл хэвлүүлсэн байна. Мөн эрдэм шинжилгээний нийт 30 илтгэл, үүнээс гадаадад 14 илтгэл, дотоодод 16 илтгэл хэлэлцүүлсэн байна. 

Б.Батхишиг нь: 1. Монголд шинэ улс төрийн эдийн засгийн ухааныг хөгжүүлэх үндэс суурийг тавьсан. ШУА-ийн Философийн хүрээлэнд Улс төрийн эдийн засгийн ухааны тасаг, салбар байгуулах үндэслэлийг боловсруулж, 2018-2022 онд 5 монографи бичиж хэвлүүлсэн. Шинэ улс төрийн эдийн засгийн ухааныг барууны онолчдоос өөрөөр, илүү үндэслэлтэй тодорхойлсон. /Б.Батхишиг, ”Адам Смитийн онол ба эдийн засгийн философи”, УБ, 2021, 328 дахь тал/

1. Эдийн засгийн судалгаанд улс төрийн эдийн засгийн ухаан ба экономиксийн арга зүйг хослуулан хэрэглэх анхны оролдлогыг хийж, “Монголын эдийн засгийн хөгжлийн асуудал (Улс төрийн эдийн засгийн ухаан ба экономиксийн судалгаа)” хэмээх монографийг бичиж 2018 онд хэвлүүлсэн.

2. Монголын зах зээлийн эдийн засгийн хөгжлийн 30 жилийн үйл явцыг онолын үүднээс нэгтгэн дүгнэв. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжсэн эсэхийг харуулах нөхцөлүүд ба шалгууруудыг тодорхойлов. /Б.Батхишиг, “Монгол дахь зах зээлийн эдийн засгийн хөгжлийн асуудлууд”, УБ, 2020, 23-24 ба 40-41 дэх тал/

3. Эдийн засгийн өсөлт, хөгжлийн талаарх Харрод-Домарын загварт оюуны капиталын өсөлтийг нэмж тооцох нь зүйтэй гэж үзэж, уг томьёог  хэмээн баяжуулан бичсэн. /Б.Батхишиг, Монгол дахь зах зээлийн эдийн засгийн хөгжлийн асуудлууд, УБ, 2020, 23-24 дэх тал/

 

4. Шинэ эдийн засаг 5 хэв загвараас бүрдэхийг тодорхойлж, тэдгээрийн онцлог, хуучин эдийн засгаас ялгагдах шинжийг онцолсон  /Б.Батхишиг, ”Хуучин ба шинэ эдийн засаг”, УБ, 2022, 20-59 дэх тал/ зэрэг нь түүний шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр болно.

 Чимэдцэрэнгийн Ган-Өлзий  ШУА-ийн Философийн хүрээлэнгийн  Эрдэм шинжилгээний Тэргүүлэх ажилтан, Шинжлэх ухааны доктор (ScD), профессор

Ч.Ган-Өлзий нь  1990 онд Москва хотноо  “БНМАУ-ын хөгжлийн өнөөгийн шатанд нийгмийн шударга ёсыг хэрэгжүүлэх асуудал” сэдвээр дэд докторын зэрэг, 2008 онд Улаанбаатар хотод  “Оюун санаа, зан үйл ба улс төрийн ертөнцийн гоц чанарын шударга зохицол” сэдвээр шинжлэх ухааны доктор (ScD)-ын зэрэг хамгаалжээ.

Тэрээр эрдэм шинжилгээний 178 бүтээл турвиж, ном товхимол 26 үүнээс гадаадад 3 , дотоодод 23, монограф гадаадад 23, дотоодод 16,  редакторласан бүтээл 24, эрдэм шинжилгээний өгүүлэл нийт 122, үүнээс гадаадад 92, дотоодод 23, импакт фактортай сэтгүүлд 7 өгүүлэл хэвлүүлсэн байна. Мөн эрдэм шинжилгээний нийт 48 илтгэл, үүнээс гадаадад 7 илтгэл, дотоодод 41 илтгэл хэлэлцүүлсэн байна. Эрдмийн зэрэг хамгаалсан бүтээл 2, зохиогчийн эрхтэй эрдэм шинжилгээний нэг сэдэвт шинэ бүтээл 22, хамтран зохиогчоор оролцсон бүтээл 24, сурах бичиг 4, толь бичиг 2 хэвлүүлжээ. “Иргэний нийгэм ба ерөнхий боловсрол” сэдэвт ажлаараа 1998 онд Монголын нээлттэй нийгэм хүрээлэн (Соросын сан)-гийн тэргүүн шагнал, “Хүмүүнлэгийн ертөнцийн өөрөө тодрох гоц чанарыг судлахуйн чандмань эрдэнэ” хэмээх нэг сэдэвт ном 2011 оны, “Шинжлэх ухааны философийн зарим асуудал” ном 2016 оны шинжлэх ухааны шилдэг бүтээлийн шагнал, “Эдүгээгийн философи” ном нь Монголын философийн холбооны тэргүүн шагнал “Цагаан лянхуа”-г 2015 онд, “Тогтвортой хөгжил: оюуны ертөнцийн философи” ном нь “Шинжлэх ухаан, технологи, инновац-2018” үзэсгэлэнгийн 3-р байрны шагнал тус тус хүртсэн байдаг. Удирдаж, зөвлөж хамгаалуулсан шинжлэх ухааны доктор 2, доктор 5, магистр 18, албан ёсны шүүмжлэгч:  шинжлэх ухааны доктор 2, доктор 6 байна. Мөн эрдэм шинжилгээний 8 төсөлт ажил  удирдаж зөвлөж гүйцэтгэсэн байна.

Ч.Ган-Өлзий нь: - Өрнө дорнын философийн нийтлэг тал ба өвөрмөц онцлогийг харьцуулан судалж (comparative studies) тайлал зүйн мэдэгдэхүүний билиг хэмээх шинэ философийг боловсруулсан. Энэ нь философийн үндэсний уламжлал, дэлхийн тэргүүлэх хандлага ба шинжлэх ухаан технологийн ололтыг зуучлан холбож, ерөнхий зүй тогтлыг шүтэн барилдахуйн үүднээс тайлбарлах  шинэ баримтлал, судалгааны арга зүй юм.  

- Тайллын мэдэгдэхүүний билигт үндэслэн оршихуйн харьцангуй (relativistic ontology) онолын судалгааны дэг хүрээг шинээр үүсгэжээ. Философийн хуучирсан явцуу хууль, зүй тогтол, категориудыг өөрчлөн шинээр боловсруулж, тайлал зүйн мэдэгдэхүүний билгийн судалгаа болон хэлэлцүүлгийн удирдамж болгов.

- Орчин үеийн дэлхийн шинжлэх ухаанч философи болох (“hermeneutic phenomenology”)-г монголын буддын философийн уламжлалтай харьцуулан шинжилж шүтэн барилдахуйн түгээмэл хуулийг судлах шинэ арга зүй боловсруулав. Энэ нь Орчлонгийн мөн чанар, хөгжлийн зүй тогтлыг хүмүүний ахуйгаар дамжуулан танин мэдэхүй (эпистемологи), өөрөө тодрох мэдэгдэхүүний билиг (феномэнологи), үнэлэмж(аксиологи)-ийн  ба ашиг сонирхол ба үйлийн (прагматик) үндэслэлийг зөв ойлгох, зөв тайлбарлах түгээмэл онол, арга зүй юм. 

- Иргэний ардчилсан, хүмүүнлэг бөгөөд нээлттэй нийгэм төлөвших онол: 

-Намын улс төрийн бодлогоос олон нийтийн улс төрд шилжих үзэл баримтлал: 

- Нийгмийн шударга ёс, шүтэн барилдахуйн зохицолд тулгуурласан хөгжлийн суурь үндэслэл: Харьцангуйн онол ба квант механикийн философийн тулгамдсан асуудлыг космологи, астрофизик, эгэл бөөмсийн физик ба философийн хам холбоонд судалж, байгаль шинжлэлийн нээлтүүд, өөрөө зохион байгуулагдах ба хаосын онол, фракталь геометрийн чанад ерөнхий зүй тогтлыг тайлбарлах  компаратив философийн судалгааны шинэ чиглэлийг үндэслэсэн нь түүний шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр болно.

 Чимэдцэрэнгийн ЧИМЭДРАГЧАА Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн захирал, Анагаахын шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор

Ч.Чимэдрагчаа нь   нотолгоонд суурилсан уламжлалт анагаах ухаан, өрнө дорнын анагаах ухааныг уялдуулан нэгтгэмэл анагаах ухааныг хөгжүүлэх, уламжлалт анагаах ухааны эрдэмтэн судлаачдыг бэлтгэх, хүний нөөцийг бэхжүүлэх, судалгааны орчин, лаборатори, судалгаа үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг сайжруулахад бодитой хувь нэмэр оруулжээ.

 

Ч.Чимэдрагчаа нь “Баданга хүдрийн заар”, “Сампилноров” эмийг судлан  тархины цус харвалтын үед микроглий эсийн хөдлөлзүйд нөлөөлж, М1 хэлбэрийн эсийн үйл ажиллагааг хориглон, харин М2 хэлбэрийг идэвхжүүлж улмаар үрэвсэл, мэдрэлийн эсийн үхжил сөнөрлийг бууруулж, нейрогенезийг дэмжин тархины эдийн үхжилийн талбайг багасгадаг зүй тогтолыг илрүүлсэн. Үрэвслийн эмгэгт нөлөөлөхдөө циклооксигеназ, липооксигеназ зэрэг ферментийн системд нөлөөлөн простагландин Е2, лейкотриен B4 (LTB4), TRPV1 рецепторын экспрессийг бууруулж, эозинофил, нейтрофиль эсийн эмгэг идэвхжил, хемотактисыг багасгах замаар, мөн Т хелпер 2 эсийг идэвхжүүлэн макрофаг эсийн үйл ажиллагааг дарангуйлан цочмог үрэвслийн цитокинуудыг бууруулж буйг судлан тогтоосон.

 Уламжлалт “Лидэр-7” эмийг судлан үйлдлийн механизм, үйлчлэгч бодисуудыг илрүүлэн улмаар мөхлөг хэлбэртэй “Монфлю” эмийн улсын стандартыг батлуулж, эмийн бүртгэлд бүртгүүлэн хэрэглээнд нэвтрүүлсэн.

Баданга хүдрийн заар, тэнгэрийн дүлий мөөг, цагаалин хунчир, монгол хунчир, алаша нохойн хэл, бүтэн навчит хонлин, өвсөн заар, дэлт харгана, улаан башига, зөгийн хор зэрэг 10 уламжлалт эмийн түүхий эд, мөн мана-4, лидэр-7, гарди-5, зомошин-6, ночог-6, юна-4, ямаан сэрдэг-3, дэва-5, анар-5, тагтүггүнсэл, гүргэм-13, марчин-13, жамц-4, чаннадсэлши, танчин-25, тунгалаг-5, барагшин-5, гиван-9, тагзод гүргэм-8, бриангу-2 зэрэг 20 уламжлалт эмийн хими, фармакологи, технологи стандартын судалгааг хийж гүйцэтгэн үзүүлэх нөлөө, механизмыг илрүүлж онол практикийн ач холбогдол бүхий шинэ мэдлэг бий болгон шинжлэх ухаанд хувь нэмрээ оруулжээ.  

Ч.Чимэдрагчаа нь судалгааны ажлынхаа үр дүнгүүдийг Brazilian journal of Medical and Biological Research, Applied Microbiology and Biotechnology, BMC Genomics, Biomedical & Pharmacology, Pharmacognosy Journal, Biomed Pharmacol Journal, International Journal of Pharmaceutical Sciences and Research, Natural Products Chemistry & Research, BMC Complementary Medicine and Therapies, Sapporo Medical Journal, Pharmacy and Medical Sciences, CAJMS зэрэг олон улсын мэргэжлийн сэтгүүлүүдэд 37 өгүүлэл хэвлүүлж, нийт 186 эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлсэн.

Түүний бүтээлээс Scopus мэдээллийн санд 8, Google scholar-т 105 эшлэл хийгдсэн байна. Тэрээр оюуны өмчийн патент, шинэ бүтээлийн гэрчилгээ, барааны тэмдэгт, зохиогчийн эрх 31-ыг авсан байна. 

 Рэнцэний ЭНХБАТ ШУА-ийн Математик Тоон технологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, физик, математикийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор

 Р.Энхбатын шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийг дараах байдлаар тоймлож болно.

 1.  Ажлын гол үр дүн нь "Квазигүдгэр программчлал" гэсэн судалгааны шинэ чиглэлийг оновчлолын онолд бий болгон хөгжүүлж үр дүнгээр нь “Quasiconvex Programming and its Applications” нэртэй монограф гадаадад хэвлүүлсэн.

 

2.  Бас нэг үр дүн нь "Quasiconvex Optimization and its Applications" бүтээл нь 2010 онд "Handbook of Nonconvex Analysis and Applications" гэсэн "International Press"-хэвлэлийн газраас гаргасан номонд хэвлэгдсэн.

3.  Хучилтын бодлогын ерөнхий онол аргыг боловсруулан олон улсад хүлээн зөвшөөрүүлсэн. Үний үр дүнд Италийн математикч Мальфаттийн 1803 онд дэвшүүлсэн 200 гаруй жилийн турш бүрэн шийдэгдээгүй байсан бодлогыг өөрийн дэвшүүлсэн глобаль оптимизацийн онол, алгоритмаар нэг мөр шийдсэн. (R.Enkhbat, Recent Advances in Sphere Packing Problems, in book: Mathematical Optimization Theory and Operations Research, pp.34-55, Springer, 2022; R.Enkhbat, Global Optimization Approach to Malfatti’s Problem, Journal of Global Optimization, Springer,  Vol.65,  pp.33-39, 2016.)

4.  Туршилтыг төлөвлөх онолд шинэ онол, арга, алгоритмыг дэвшүүлэн, ОУ-ын ЭШ-ний сэтгүүлд хэвлүүлэн, зэсийн металл авалтыг хамгийн их байлгах бодлогыг бодох арга, аргачлал, программ хангамжийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т нэвтрүүлсэн. (R.Enkhbat, N.Tungalag, J.Enkhbayar, O.Battogtokh and L.Enkhtuvshin, Application of Survival Theory in Mining Industry, Numerical Algebra, Control and Optimization, 11(3), pp.443-448, 2021).

5.  Тоглоомын онолд Anti-Berge, Anti-Nash гэсэн тэнцвэрийн шинэ ойлголтуудыг оруулж ирэн олон улсад хүлээн зөвшөөрүүлсэн. (R.Enkhbat, A Note on Anti-Nash Equilibrium, Optimization  Letters, 16(6), pp.1927-1933, 2022.(in WoS); R.Enkhbat, A Note on Anti-Berge Equilibrium. Izv. Irkutsk. Gos.Univ. Ser. Mat. 36, 3–13, 2021. (in WoS))

6.  Оновчлолын онолын шавь сургуулийг шинээр бий болгон МУИС-ийн ХШУИС-д Хэрэглээний математикаар 42 дэх жилдээ мэргэжилтэн бэлтгэж байна. 12 доктор(PhD)-ын ажил удирдаж хамгаалуулсан. Монголд ОУЭШ хурал 7 удаа, воркшоп 3 удаа зохион байгуулж дотоод, гадаадын олон зуун эрдэмтдийг хамруулжээ.

Тэрээр эдгээр үр дүнгүүдээ WoS, Scopus-ийн 61, ОУ-ын 65, дотоодын 69 сэтгүүлд хэвлүүлж баталгаажуулжээ. Түүний бүтээлийн чансааг харвал нь 554 ишлэл, H индекс нь 11 байна.

Доржийн ЭНХТУЯА ШУТИС-ийн “Shima Seiki trannig center” сургалтын төвийн захирал, техникийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор

Д. Энхтуяа нь салбарын эрдэм шинжилгээний байгууллагын материаллаг баазыг бэхжүүлэх, сургалтын орчныг сайжруулахад бодитой хувь нэмэр оруулсан. Үүний дүнд ноос, ноолуурын салбарт Олон улсын магадлан итгэмжлэлийн эрхтэй сорилтын лабориоториуд үйл ажиллагаагаа явуулж байна. Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи хөтөлбөр олон улсын магадлан итгэмжлэл (ASIIN) авсан.

Д. Энхтуяа нь 30 гаруй жил монгол ямааны ноолуур, хонины ноосны бүтэц, шинж чанарын судалгаа хийж, тэдгээрийн анхан шатны болон ээрэх технологийн горим тогтоох онолын ажил гүйцэтгэж үр дүнг нь үйлдвэрт нэвтрүүлсний дүнд шинэ нэр төрлийн, экспортын зориулалттай бүтээгдэхүүн үйлдвэрлэх олон арван үйлдвэр бий болох суурийг тавьсан ноос, ноолуур боловсруулах технологийн чиглэлийн тэргүүлэх эрдэмтэн юм.

Монгол Улсын хөгжил, эдийн засагт ихээхэн ач холбогдол бүхий стратегийн үндсэн түүхий эд - ямааны ноолуураас гадна, хонины ноос, сарлагийн хөөвөр, адууны дэл, сүүлний бүтэц, шинж чанарыг судалж боловсруулах технологийг тус бүрт нь тогтоожээ.  Тухайлбал, хонины ноосноос ноолуурыг ялгах технологийг боловсруулж “монгол хонины ноосны ноолуур” гэдэг шинэ нэрийн бүтээгдэхүүн бий болгож стандартаар баталгаажуулсан.

Монгол оронд өсгөн үржүүлж буй бүх үүлдэр, омгийн ямааны ноолуурын бүтэц, шинж чанарын судалгааг гүйцэтгэж, монгол ямааны ноолуур нь Азийн сонгодог ноолуур болохыг болон ноолуурын ангиллыг тогтоосон. Үүний дүнд бий болсон ноолуурын стандарт нь “МОНГОЛЫН ХААН ШИРХЭГТ” тэмдэгт бүтээгдэхүүний шалгуур болон хэрэглэгдэж байна.

Туршилт, судалгааны дүнд боловсруулсан “Ноолууран ээрмэл үйлдвэрлэх хагас нарийн ээрэх систем - арга” нь ноолуурын үнэ цэнийг өсгөх шийдэл болсон бөгөөд экспортын зориулалттай “ноолууран бүтээгдэхүүний шинэ бренд” бий болох цаашид монгол улсад байгуулагдах ээрмэлийн үйлдвэрийн шинэ чиглэл болсон.  

Ямааны ноолуураас хялгасыг ялгах аэродинамикийн арга; нарийн, хагас нарийн ээрмэл үйлдвэрлэх явц дахь ширхэгтийн шулуудалтад сунгах төхөөрөмжид үүсэх үрэлтийн хүчний тархалт, мөн нарийн зүүн самнахын туузны жигд байдалд ноолууран ширхэгтийн уртын тархалт чухал үүрэгтэйг тогтоож тэдгээрийг тооцоолох аргачлалыг боловсруулсан нь онолын болон практикийн ач холболдол бүхий цоо шинэ мэдлэг болж шинжлэх ухаанд хувь нэмрээ оруулжээ.

Д. Энхтуяа нь ШУТИС-д ноос, ноолуурын судалгаа-сургалт-сорилтын орчин үеийн лабораторийг гадаад, дотоодын санхүүжилтээр байгуулж, энэ чиглэлийн  судалгаа болон сургалтыг дотооддоо хийж гүйцэтгэх бололцоог бий болгосон.

Д. Энхтуяа нь судалгааны ажлынхаа үр дүнд нэгэн сэдэвт бүтээл 6, ОХУ-ын Аттестатчилалын дээд зөвлөл (ВАК)-ийн хүлээн зөвшөөрсөн Технология текстильной промышленности, Текстильная промышленность, Химические волокно, Овцы, козы и шерстяное дело болон Journal of Natural Fibers зэрэг олон улсын мэргэжлийн сэтгүүлүүдэд 20 гаруй өгүүлэл хэвлүүлсэн, нийт 270 гаруй эрдэм шинжилгээний бүтээл туурвисан байна. Тэрээр 11 патент, 9 шинэ бүтээлийн гэрчилгээ авсан, 8 доктор (Ph.D), 37 магистрын ажил, 8 судалгааны төсөл удирдсан байна.

Япон улсын Осакагийн олон улсын их сургуулийн процессор Мацүда Коичигийн онцлох бүтээлүүд:

  • Хойд Хятад дахь Монголчуудын засаглалын тогтолцоо (япон хэл дээр, 1978)
  • Кайшаны баруун хойд Монгол руу илгээсэн явдал (япон хэл дээр, 1982)
  • Юбугур хунтайж нар Юань гүрэнд бууж өгсөн нь (япон хэл дээр, 1983)
  • Монголын эзэнт гүрний бүтэц, Исрамугаас Монгору (япон хэл дээр, 1989)
  • Чингис хааны эзэнт гүрний үүсэл ба түүний шийдвэр гаргалт (япон хэл дээр, 1994)
  • Хангайн бүсийн Тулуйн өргөөний бэлчээр (япон хэл дээр, 1994)
  • Өгөдэй удмын ургийн бичиг, өв залгамжлал (япон хэл дээр, 1966)
  • Хархорин дахь Ханка байгуулагдсаны дурсгалд зориулсан перс бичээс (япон хэл дээр, 1999)
  • Олон сүмийн нээлт ба түүх (англи, япон хэл дээр, 2005)
  • Хэнтийн Рашаан хадны хадны бэхэн бичгүүдийн тухай (япон хэл дээр, 2006)
  • Их Mонгол Улс үед Умар Хятадад эземшил ологосон тухай (2009)
  • Чингис хааны байгуулсан хаант улс (япон хэл дээр, 2015)
  • Баруун Ляо ба Жин гүрний хоорондох мөргөлдөөн - Чингис хааны бослого (хятад хэл дээр, 2017)
  • Хархориныг нийслэл болгох Чингис хааны зарлигийн үнэн мөнийг олж мэдэх (япон хэл дээр, 2020)
  • Юань болон Ил хаант улсын үед бий болсон монгол ордны дүрслэлийг харьцуулах нь (2021)
  • 2011.08.09-13 (монгол хэлээр).
  • Ломносовын нэрэмжит Москвагийн улсын  их сургуулийн Газарзүйн факультетын ерөнхийлөгч, Оросын Газарзүйн нийгэмлэгийн тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Н.С. Касимовын онцлох бүтээлүүд

Академич Н.С. Касимовын бүтээлүүд дэлхийн тухай болон хүрээлэн буй орчны шинжлэх ухаанд чухал байр суурь эзэлдэг. Тэрээр нийт 300 орчим эрдэм шинжилгээний бүтээл хэвлүүлснээс 8 нь монограф болон сурах бичиг байна.

Эдгээрээс заримыг нь онцолвол:

  • Цөл, хээрийн ландшафтын геохими (1988)
  • Ландшафтын геохими (А.И.Перельмантай хамтарсан,1999)
  • Биогеохими (В.Н.Башкинтай хамтарсан, 2004)
  • Калиниград мужын нефть ба хүрээлэн буй орчин (2008)
  • Ландшафтын экогеохими (2013).
  • Мөн зурагзүйн хэд хэдэн томоохон бүтээлүүдийг санаачлан удирдан гаргасны дотор:
  • ОХУ-ын экологийн атлас (2002)
  • ОХУ-ын ландшафт-геохимийн зураг (2013)
  • Арктикийн үндэсний атлас (2018)
  • Мөн хэд хэдэн бүс нутгийн экологийн болон эрүүл мэндийн атласыг зохион хэвлүүлжээ.
  • Түүнчлэн редакторласан томоохон бүтээлүүдээс дурьдвал:
  • Газарзүй, нийгэм, хүрээлэн буй орчин монографи (7 боть, 2004)
  • Орчин үеийн байгал орчны глобал өөрчлөлтүүд (4 боть, 2006-2012)
  • Пуужин-сансрын үйл ажиллагааны экологийн мониторинг (2011)
  • Оросын хотууд ба бүс нутгууд: экологийн нэгдсэн үнэлгээ (2014) зэрэг дурдаж болно.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
asuult(192.82.67.106) 2022 оны 12 сарын 08

“Эдүгээгийн философи” ном нь Монголын философийн холбооны тэргүүн шагнал “Цагаан лянхуа”-г 2015 онд

0  |  0
Top