Ц.Гантулга: Бид “Дарагдсан” хуулиа дахиад өргөн барьсан, уг хуулиар “Тавантолгой” ард түмэнд очно

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 14

-ТОГТОЛЦОО, СИСТЕМЫГ ӨӨРЧЛӨХГҮЙГЭЭР ЦААШ ЯВАХ ГАРЦ БАЙХГҮЙ-

Өнөөдөр иргэд төрөөс шударга ёс тогтоох, тогтолцооны өөрчлөлт хийхийг шаардан жагсаад олон хонолоо. Жагсагчид Төрөөс тодорхой шийдвэр тогтоол хүлээж шахаж шаардаж байна. Тэгвэл улс төрийн бусад намууд энэ талаар ямар байр суурьтай байгааг хүргэх зорилгоор ШИНЭН-ын дарга, Ph.доктор Цэндсүрэнгийн Гантулгатай ярилцлаа.


-Иргэд олон нийтийн зүгээс эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, нүүрсний хулгайг илрүүлэх, эздийг нэрлэх, улмаар төрийн тогтолцоог өөрчлөхийг шаардсан. Тэгэхээр улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг танай намын хувьд ямар байр суурьтай байна?

-ШИНЭН-ын хувьд Тавантолгойн орд газар, нүүрсний асуудлыг 2018 оноос хойш дөрвөн жилийн турш хөндөж, тэмцэж ирсэн. Манай намын УИХ дахь зөвлөл тухайн үеийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан Л.Оюун-Эрдэнэд ЭТТ ХК-ийн төрийн мэдлийн хувьцааг иргэнд өмчлүүлэх тухай хуулийн төслийг өргөн барьсан. Үүнийг манай “Эрдэмтдийн зөвлөл” урт хугацаанд судласны үр дүнд гарц гаргалгаа, шийдлийг нь олоод хуулийн хамт өргөн барьсан юм. Ерөнхий сайдаар ажиллаж байсан У.Хүрэлсүх нааштайгаар хүлээн авсан ч УИХ байтугай Намынхаа бүлгээр ч анхаарч хэлэлцсэнгүй, алга болсон.

Гэтэл 2021 оны сонгуулиар “Баялагтаа эзэн” хөтөлбөр болон “Шинэ эргэлтийн бодлого” гэдэг зургаан хэсэгтэй хөтөлбөрийг маань МАН-ынхан “Шинэ сэргэлтийн бодлого” гэх таван хэсэгтэй хөтөлбөр болгон гаргаж тавьсан. Энэ хөтөлбөр нь манай эрдэмтдийн 20 жил судласны эцэст Монгол Улсыг эдийн засаг болон улс төрийн сонгодог зарчимд нийцүүлэх гарц гаргалгааг танилцуулсан. Харамсалтай нь эрх баригчид зөвхөн сонгуульд ашигласан Мөрийн хөтөлбөр болгож хувиргаад алга болсон.

-Өдгөөгийн эрх баригчид ШИНЭН-аас боловсруулж өргөн барьсан бэлэн төсөл дээр дөрөөлөөд явсан гэж ойлгож болох уу?

-Тийм, бидний боловсруулсан бэлэн төслөөс сорчилж аваад Мөрийн хөтөлбөр болгож ялалт байгуулсан ч ажил хэрэг болгоогүй. Манайхаас өгсөн төсөлд өнөөдрийн оргил сэдэв болж байгаа нүүрсны тухай тодорхой байгаа. Нүүрсний тухай гэхээр сүүлийн 20 жилд МАН, АН хэмээх хоёр улс төрийн хүчин ээлжлэхдээ ээлжилж, хамтрахдаа хамтарч төрийн эрх барьсан. Ингэхдээ нүүрсэн дээр тулгуурласан улс төр явуулж байж. Мөн Монгол Улсын эдийн засгийг зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүн, тэр тусмаа нүүрсэнд тулгуурлан явуулж иржээ гэдгийг тогтоосон. Тоо бол янз бүрээр гарч байгаа ч 36 тэрбум ам.долларын алдагдлыг эрдэмтэд гаргаад тавьчихлаа.

Энэ талаар удаа дараа мэдэгдэл хийж ирсэн ч эрх баригчид хаалтын гэрээн дор хэвлэл мэдээллийн хэрэгслийн амыг барьж байна. Гэхдээ өнөөдөр нүүрс нь ч хулгайч нь ч нууц биш болсон. Хаана ямар хулгайг хэн хийсэн тухай бүгд ярих болжээ. Энэ цаг үед Тавантолгойн ордыг үнэ төлбөргүй хувааж, алтан хувьцааг Засгийн газар аваад үлдсэн хэсгийг ард түмэндээ гаргаж өгөөч ээ. Ард түмэн маань өмч хөрөнгөтэй болж, ирээдүйдээ итгэлтэй болох хэрэгтэй. Ингэхийн тулд системын гажуудлыг засах, тогтолцоог өөрчлөх зайлшгүй шаардлага байгааг илэрхийлсээр ирсэн, одоо ч энэ байр суурь хэвээрээ.

-Тогтолцоог өөрчлөх, системын гажуудлыг засах гэдэг өөрөө том ойлголт байх. Танай намаас эртнээс энэ тал дээр байр сууриа илэрхийлж ирсэн. Яг өнөөдрийн хувьд ямар алхам хийв?

-Мэдээж амар ажил биш учраас тогтолцооны өөрчлөлтийг сайн хуулийн төслөөс эхлэх ёстой гэж үзээд манай эрдэмтдийн баг /2022.12.10/ хоёрхон хоногийн өмнө хуулийн төслөө өргөн барьсан. Энэ нь юуг шийдэх вэ гэхээр Тавантолгой, нүүрс гэх мэт энэ цаг үед яригдаж байгаа хамгийн хурц сэдвийг хөндөж, баялгаа иргэн бүрд хөрөнгө болгож өгөх боломжийг нээж өгч байгаа юм. Өөрөөр хэлбэл газрын баялгаа Монгол Улсын 3.4 сая хүн бүрд хуваана гэсэн үг. Тооцож үзэхэд нүүрсний аман дээр байгаа хамгийн хямд үнэ 350 орчим сая төгрөгийн үндсэн хөрөнгөтэй болно.

Тухайн иргэн энэ хөрөнгөө хувьцаа болгоно уу, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэнэ үү, ах дүүсээрээ хамтраад бүтээн байгуулалт хийнэ үү өөрсдийнх нь асуудал. Тус боломжийг Тавантолгой гэх ганцхан орд дээр нээж өгч байгаа юм. Гэтэл манай улсад өнөөдөр 300 гаруй нүүрсний орд байгаагаас 70 орчим хувь нь үйл ажиллагаа явуулж байна. Тиймээс ганцхан Тавантолгой биш, цаашид бусдыг нь иргэн бүрд хүргэх хэрэгтэй. Өнөөдрийн хувьд бусдыг нь орхиод ганцхан Тавантолгой дээр анхаарал хандуулахаас өөр арга алга. Эндээс сайн бодлого гаргачихвал бусад орд газар дээр ч жишиг болоод явна. Ард иргэдтэйгээ нийлж, тэдний санал дээр үндэслэн бодлого гаргах боломж гарч ирсэн. Үүнийг эрдэмтэд маань олон жил судалж байж гаргаж ирсэн тооцоо судалгаа шүү. Өнгөрөгч 2011 оноос хойш “Чалко”-гийн гэрээнээс эхлээд ил далдаар гадныханд эзэмшүүлэх гэж байсан. Эдгээр нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээний ноцтой асуудал шүү дээ. Ингээд дурдаад байвал дараа олон зүйлийг гаргаж ирж болно.

-Өнөөдөр иргэдийн эсэргүүцэл дээд цэгтээ тулж, хүрээ ч тэлж, шийдэл хүлээж байна. Засгийн газар, УИХ-ын зүгээс ямар нэг тодорхой шийдэл гаргаж чадах уу. Та улстөрч хүний хувьд юу гэж харж байна?

-Ард түмэн нүүрсний хулгайч нарын нэрсийг зарла, Хуулийн 22.1 заалтыг өөрчил гэх мэтээр шаардаж байна. Гэхдээ тэмцлийг гал унтраах төдий аргалаад орхиж болохгүй. Засгийн газар, УИХ-д ч шийдэл алга, жагсаж тэмцэж байгаа хүмүүст ч шийдэл алга. Харин бидэнд шийдэл нь байна. Үүнийг шийдэхийн тулд ард түмний дунд хэлэлцүүлэг зохион байгуулж, “Үндсэн хууль”-ийг өөрчлөх хэрэгтэй. Манай эрдэмтэдийн судалгааны үр дүнд гарц гаргалгааг нь гаргаж шийдлийг нь хуультай хамт өгсөн, үүнийг бултаараа хэлэлцэх ёстой.

Хамгийн гол нь эдийн засгийн бодлогыг тогтвортой байлгаж, ард иргэдээ хөрөнгөтэй байлгах үүднээс олон улсын сайн жишиг судалж гаргаж өгсөн. Юуны өмнө баялагийн асуудлаа шийдэж байж бүх зүйлээ тогтворжуулна. Баялагийн асуудлаа шийдээгүй цагт улс төр тогтвортой байхгүй, үүнийг дагасан хулгай тасрахгүй, хулгайч нар улс төрд гарч ирсэн мөнгөө олж авахын тулд хулгай хийсээр байна. Баялгийн тухай хуулийг баталж байж цаашид хэрэгжүүлэх гаргалгааг олж болно. Ганц хоёр хүний нэрийг хулгайч гэж зарласнаараа, хуулийн ганц нэг заалт өөрчилснөөрөө шийдэлд хүрэхгүй. Иж бүрэн концепц хэрэгтэй. Энэ бүхнийг эрдэмтэд эртнээс ярьж бодлого, хуулийг нь гаргаад өгсөн ч Засгийн газар дээр очоод алга болсон. Тэр ч бүү хэл хэвлэлийн хурал зарлах замаар мэдээллийн байгууллагад өгсөн мэдээлэл ч нийтийн хүртээл болохгүй байгаагаас харахад эрх баригчид хэргээр дарж байна. Тэдэнд хуучин тогтолцоо чухал байна, хулгайгаа хийх хүсэлтэй байна гэж ойлгохоос өөр аргагүй. Эрдэмтдийнхээ үгийг сонсоогүй улс орон мөхдөг гэдгийг санах хэрэгтэй.

-Хуулийн төслөө өргөн барьсан ч эрх ашигт нь нийцэхгүй бол янз бүрийн аргаар хэлэлцэхгүй байж чадна. Араас нь анхаарах ямар ажил өрнүүлэх вэ. Тэгэхгүй бол дарчихдаг тал бий?

-Сүүлийн гучаад жилд олон жагсаал цуглаан зохион байгуулсан. Аливаа жагсаал цуглаанаас харж байхад тодорхой хэсэг бүлэг хүмүүсийн хүсэл сонирхолд нийцсэнээр дуусдаг байв. Учир нь жагсаал цуглаан болгоны дундуур нэг хуулийн жижиг өөрчлөлт, худал үнэн амлалт гарч ирээд нам болдог. Уг нь жагсаал цуглааны дараа ард түмнээрээ нийлж хэлэлцүүлэг хийж, тодорхой шийдэлтэй үр дүн ярьдаггүй. Тогтолцоог хуулиар өөрчлөхгүйгээр ямар ч үр дүн хүлээх хэрэггүй. Тиймээс бид аль болох ард түмэнтэйгээ нийлж хэлэлцэх ёстой гэсэн зарчим барьж байгаа. Хэлэлцүүлэг гэхээр иргэд мэдээлэлгүй учраас яаж хэлэлцэх юм гэх хүмүүс олон бий.

Тэгэхээр олон улсад амжилттай байгаа сайн жишиг зөндөө бий. Жишээ нь Норвегийн баялгийн хувьсгал дээр суурилсан Тэтгэврийн сан, Сингапурын Темасик гэх мэт жишгүүд байна. Унгар улс гэхэд хийгээ хаанаас авах вэ гээд ард иргэдээрээ томоохон хэлэлцүүлэг зохион байгууллаа. Эцэст нь ард түмэн нь хэлэлцээд “ОХУ-аас авъя” гэсэн шийдэлд хүрэхээр Засгийн газар нь ард түмнийхээ саналыг үндэслээд шийдвэр гаргачихна. Ерөнхий сайд нь “Ард түмэн шийдсэн учраас бид яах ч аргагүй” гэж хэлж байна. Дайны хүнд хэцүү цагийн дараа Унгар улс тухайн бүс нутаг буюу европын бусад улсаас эдийн засгийн хамгийн том дархлаатай үлдэж чадсан. Энэ нь аливаа асуудлыг ард иргэдээрээ хэлэлцэж шийдвэрт хүрч байсныг харуулсан хэрэг. Хэрвээ улс төрийн шийдэл байсан бол ялгаа байхгүй бусад орнууд шиг нийгэм эдийн засаг нь хүндрэх байсан. Иймээс бид ард түмнээрээ хэлэлцье, үүнийгээ хэвлэл мэдээллээр олонд түгээе гэж байгаа юм. Иргэдийн дунд 7-14 хоногт нэг удаа хэлэлцүүлэг явуулж, түүнийгээ олон нийтийн хэрэгслээр дэлгэрүүлж хүргэх ажлыг зохион байгуулна.

-Манайд нэг зовлон бий. Заавал төрийн эрх барих, ядахад парламентад хэдэн суудалтай байж аливаа шийдэл, гаргалгаагаа хуульд тусгана уу гэхээс цааш явдаггүй тал байдгийг нуух юун?

-Бид хэдийгээр “гудамж”-инд байгаа ч зүгээр суусангүй, хамгийн иргэнлэг судалгаа хийж байна. Энд хэн дуртай нь яриад байгаа хэрэг биш. Эдийн засаг, уул уурхай гээд бүхий л салбарт ажиллаж байсан туршлага бүхий хүмүүс, онол талаас нь олон жил судалсан эрдэмтэн судлаачдын нэгдсэн баг урт хугацаанд тогтвортой судалгаа хийж гаргаж ирсэн зүйл. Хамгийн сайн шийдэл бол хуулиа өөрчлөх, иргэний нийгмийн оролцоог сайжруулах, санхүүг шилэн болгох, иргэн бүр өөрийгөө хянадаг байх, өөрийнхөө хөрөнгийг хянах ажлуудыг хийх хэрэгтэй. Эрх баригч нарт сайн судалгаа байгаа бол гаргаж ирээд ажил хэрэг болго л доо.

Өнөөдөр үүссэн нөхцөл байдлыг хөнгөн замаар аргалж хуураад үлдээх юм бол дараагийн Засгийн газар, УИХ гарч ирээд мөн адилхан хулгай хийнэ, ямар ч нэмэргүй. Тогтолцоо, системыг үндсээр нь өөрчлөхгүйгээр юуг ч өөрчилсөн болоод цааш явах зам байхгүй. Гадна дотны нөлөө ч байдаг байх, иргэдийн сэтгэхүйд ч байдаг байх. Ийм учраас ард түмнийг ядуу байлгаж байна, улс үндэстнийг мөхөөх бодлого ч явж байхыг үгүйсгэхгүй цаг үед амьдарч байна.

-ШИНЭН-аас олон жилийн судалгааны үр дүнд цогц бодлого гаргажээ. Үүнийгээ тогтолцоог засах бодлого гэж харж, хууль болгох туйлын зорилго юм байна гэж ойлгож байна. Ойрын хугацаанд боломж бий юу?

-Ард түмэн сүүлийн үед өргөн хүрээтэй жагсаал цуглаан зохион байгууллаа. Энэ үеэр тодорхой албан тушаатнуудыг ажлаас нь чөлөөлж зарим үед Засгийн газар ч огцорсон нь бий. Тэмцэж байгаа хүмүүс хэдэн албан тушаалтан ажлаас чөлөөлөгдөж, Засгийн газар огцрохоор тэмцэл маань үр дүнтэй боллоо гэж үзэх хандлага байна. Үгүй юм. Гэхдээ урагшаа алхасан нэг зүйл байгаа нь иргэдийн ойлголт өөр болох хандлагтай. Мөн Засгийн газар, УИХ-ын түвшинд ч цаг үе өөр болж, нийгэм өөр зүйл нэхэж байгааг ойлгож байгаа болов уу. Урагшаа нэг алхаж, эрх биш ойлголт авч байгаа ийм таатай цагт улс төрийн намуудынхаа үгийг сонсох, иргэний нийгмийн байгууллагууд болон иргэдийнхээ үгийг сонсох байр сууринд очиж байгаа болов уу гэж найдаж байна.

Юуны өмнө ард түмнээрээ хэлэлцэж шийдэлд хүрч байя гэдэг товчхон агуулга олон жил өнгөц ярьж байгаа ч бодлого, хууль болж гараагүй. Тэгэхээр иргэд, иргэний нийгмийн байгууллага, эрх баригчид болон улс төрийн намууд нийлж сууж байгаад тал талаас сайн жишгүүдээ хэлэлцээд хууль болгож гаргая гэсэн санаа юм. Аливаа нийгэм, улс төрийг чиглүүлдэг зүйл бол улс төрийн намын бодлого, хэдэн иргэдийн саналаар явдаг зүйл дэлхийн хаана ч байхгүй. Монголын өнцөг булан бүрээс ирсэн хүмүүс арван талд уулзаж ярилцаад тэр нь бодлого болно гэсэн зүйл байхгүй биз дээ. Тиймээс ШИНЭН улс төрийн намын хувьд өөрийн гэсэн бодлогоо Тавантолгойн асуудал дээр авч үзээд хуулийн төслөөр эхлүүлье гэсэн санал дээр тогтсон.

-Удахгүй 2023 он гарлаа, хүссэн хүсээгүй сонгуулийн үйл явц ил далд өрнөнө. Танай намын хувьд бусад нам эвслүүдтэй ямар харилцаатай байна?

-Шударга иргэдийн нэгдсэн эвсэл бол залуу нам. Гэхдээ анх байгуулагдахдаа  Монгол Улсад шударга ёсыг тогтоох, залуус нь ирээдүйдээ итгэл дүүрэн байх, иргэн нь төрөө хүндэлдэг, төр нь иргэнээ хүндэлдэг нийгэм байгуулахын төлөө олон иргэн, иргэний нийгмийн 116 байгууллага нэгдэн үүсгэж байсан түүхтэй. Иргэний нийгмийн олон байгууллага нэгдсэн учраас олон ургальч үзэл санаа байж таарна. Янз бүрийн санаа агуулсан иргэд ч байсан байх. Тагнасан сонжсон хүмүүс ч байсан. Гэвч цагийн аясаар хэн нь хэн бэ гэдэг нь ялгарч үлдээд өдгөө жинхэнэ итгэл үнэмшлээ өгсөн хүмүүсийн нэгдэл болжээ. Үнэхээр эх оронч, эх орон, иргэдийнхээ төлөө ажиллах чадах өнгө мөнгөнд хууртахгүй хүмүүсийн нэгдэл гэж ойлгож болно. Яг энэ цаг үед бусад намуудтай саналаа солилцож, мэтгэлцэж явна.

-Тухайлбал ямар сэдвээр санал солилцож явна?

- Үндсэн хууль, тогтолцоог өөрчлөх тал дээр “Эрдэмтдийн зөвлөл”-тэй намын удирдлагууд хамтран ажиллаж байна. Засгийн газар, Ерөнхийлөгчөөс ирсэн саналын дагуу 24 нам эвсэл нэгдээд Үндсэн хуулийн өөрчлөлтөд Ажлын хэсэг байгуулахад манай “Эрдэмтдийн зөвлөл”-өөс хоёр хүн оролцсон. Сүүлийн гурван сарын турш тогтвортой ажиллаж, Үндсэн хуулийн өөрийн гэсэн төсөлтэй дөрвөн нам эвсэлтэй хамтран шинэ Үндсэн хуулийг УИХ, Ерөнхийлөгчид өргөн барьсан.

Монгол Улсад 1992 онд дөрөв дэх Үндсэн хууль бий болсон цагаас хойш 30 жил өнгөрч, энэ хугацаанд хууль түүхэн үүргээ гүйцэтгэж иржээ. Гэхдээ үүнд алдаа байгаа учраас засаж сайжруулъя гэж үзсэн. Ингэхдээ Норвег, Сингапур, Швейцарь, Финланд гэх мэт Монгол Улстай хүн амын хувьд ойролцоо, байгалийн баялагтаа тулгуурласан эдийн засгийн бодлого явуулдаг улсын суурь Үндсэн хуулийг судалж, өөрийн гэсэн шинэ Үндсэн хуулийг өргөн барьсан нь хамгийн сайн гарц гэж харж байгаа.

ЭХ СУРВАЛЖ

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochid(86.111.138.209) 2022 оны 12 сарын 17

Hudlaa yarihaa zogsooo!/anh ene tuhai tom tusul gargaj MAN -d ugsun nam bol Enhbayar gyain dargalj baisan MAXN gargaj MAN - d urgun barisan um shuu

0  |  0
Баярт(66.181.186.76) 2022 оны 12 сарын 16

Ийм саналыг энэ нөхдүүд яриад л удаж ба даа. Санаа нь зөв дөө

1  |  0
АА(66.181.160.107) 2022 оны 12 сарын 17

Энэ чинь Батзандан гэдэг худалч хулгайчийн л нам биз дээ.

2  |  0
Bathuu(192.82.82.216) 2022 оны 12 сарын 16

Sanaa ni zuv l yum. Zasag ni demjihuu. Hulgaich nar ch demjihguil dee

2  |  0
Top