Нүүрсний асуудлаар 2871 хүнээс мэдүүлэг авч, 71 нэгжлэг хийжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 22

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос өчигдөр (2022.12.21) зохион байгуулсан “Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах” Ерөнхий хяналтын сонсголд Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Д.Баянжаргалын танилцуулсан мэдээллээс онцолж байна. 


Тэрбээр Прокурорын хяналтад 2013 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд нүүрсний олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах ажиллагаатай холбоотой нийт 36 гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл шалгагдсаныг танилцуулгынхаа эхэнд дурдав.

Тэдгээрийн 32-т нь Авлигатай тэмцэх газар, дөрөвт нь Эрүүгийн цагдаагийн алба мөрдөн шалгах ажиллагаа явуулсан бөгөөд тавд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзжээ.

Хэрэг бүртгэлтийн шатанд эдгээрийн 16 хэрэгт 72 хүнийг яллагдагчаар татаж, 8 хэргийг хаасан байна.

Өчигдрийн буюу 12 дугаар сарын 19-ний байдлаар нүүрсний олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах ажиллагаатай холбоотой нийт 39 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсны 22 нь хэрэг бүртгэлтийн, 17 нь мөрдөн байцаалтын хэрэг байна.

Эдгээр хэрэгт нийт 76 хүнийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсаны 73-т нь хуульд заасан таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд хойшлуулшгүйгээр 15 хүнийг баривчилсан.
 


Мөрдөн байцаалт явуулсан 17 хэргээс 23 хүнд холбогдох 4 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, одоо 53 хүнд холбогдох 13 хэргийг шалгаж байгаа гэв.

Нүүрсний олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах ажиллагаатай холбоотой хэргүүдэд 83 мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 12 прокурор хяналт тавин ажиллаж байна гэж Хэлтсийн дарга Д.Баянжаргал мэдээлэлдээ дурдав.

Шалгаж шийдвэрлэх ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Улсын ерөнхий прокурорын газрын шийдвэрээр Авлигатай тэмцэх газар, Цагдаа, Тагнуулын байгууллагын мөрдөгч, эрх бүхий албан тушаалтнаас бүрдсэн хамтарсан ажпын хэсэг байгуулсан байна. Тус хамтарсан ажлын хэсгийн мөрдөгчид өнгөрсөн хугацаанд нийт 2871 хүнээс гэрчийн мэдүүлэг авч, 139 үзлэг, 71 нэгжлэгийн ажиллагаа явуулж, 65549 хуудас цаасан суурьт баримтыг хураан авах зэрэг ажиллагааг явуулсан байна. 

Мөн дээр өгүүлсэн 39 хэргийн татгалзсан, хэрэгсэхгүй болгосон, хаасан хэргүүдийг сэргээгээд байгаа аж. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top