ТВ-8 телевизийн “Уулзах цэг” нэвтрүүлгийн зочноор “Эрхэт Монгол групп”-ийг үүсгэн байгуулагч, Өмнөговь аймгийн МАН-ын хорооны дарга Хархүүгийн Мандахбаяр уригдан оролцлоо.
-АТГ-аас 17 хүний нэрийг "Нүүрсний хулгай"-тай холбогдуулан зарласны дунд таны нэр байгаа. Энэ талаар юу хэлэх вэ?
-АТГ-аас нэрс зарлахад маш их гайхсан, одоо гайхлаа гээд яах билээ. Хэзээ АТГ-аас дуудах бол гээд хараад сууж байна. Төр, хуулийн байгууллага шалгах ёстой гэж үзсэн бол хэнийг ч шалгаж таарна.
-Засгийн газраас "Нүүрсний хулгай"-тай тэмцэнэ гэдгээ илэрхийлсэн. Талбай дээр залуучууд "Нүүрсний хулгайч"-дыг зарла хэмээн эсэргүүцлийн жагсаал өрнүүлсэн. Та үүнийг дэмжиж байгаагаа цахим хуудсаараа илэрхийлсэн ч таныг "Нүүрсний хулгай"-тай холбогдуулан зарлачихлаа. Олон нийт “Хулгайч хулгайч аа бариарай гэж орилсон” гэж ярьж байна?
-Олон нийт өөр өөрийн зүгээс хандаж байгааг яах ч аргагүй. Миний хувьд "Нүүрсний хулгай"-тай тэмцэх ёстой гэж үздэг. Өнөөдөр ямар аймшигтай баримтууд ил гарч байна вэ. Хүмүүс үүнийг “Мөсөн уулын дөнгөж оргил нь юм” гэж ярьж байгаатай би санал нийлнэ. Үүнээс ч илүү аймшигтай баримт гарах болов уу. Энэ бүгдийг задлах ёстой. Сүүлийн 30 жил Монгол Улсыг тонон, дээрэмдсэн, төрд шургалсан олигархиуд, улсын төсвийг завшиж байгаа луйварчидтай тэмцэх тэмцэл зайлшгүй байх ёстой. Харин ч оройтсон. Өнөөдөр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар энэ асуудлыг хөндөж гаргаж ирсэн.
Би Өмнөговь аймгийн МАН-ын дарга хүн учраас нэгдүгээрт, намын даргынхаа байр суурийг чанд баримтлах ёстой. Хоёрдугаарт, Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүнийг хүндэлж явдаг. Залуу хүний хувиар хөндөж босгосон асуудлынхаа ард гарна гэж итгэдэг учраас энэ хүний манлайлал дор улс төрийн ажилд жагсаж яваа гэж ойлгож болно. Хэрвээ итгэдэггүй, үнэлдэггүй байсан бол би ч бас өөрөө нэр төртэй хувь хүн шүү дээ. Заавал хэн нэгнийг дагаж салбаганах шаардлагагүй. Гэтэл намайг яагаад 17 хүний нэрсэнд оруулчихдаг юм. Сүүлийн хоёр сар гаруйн хугацаанд “Х.Мандахбаяр Нүүрсний хулгайч, нүүрстэй холбоотой” гэдэг зүйлийг цахим хуудсаар хангалттай цацлаа. Үүнийг би өөрийн үйл ажиллагаатай холбоотой гэж бодож байгаа.
Жишээ нь, саяхан Өмнөговь аймгаар тойрч, иргэдтэйгээ уулзсан. Тэр үеэр “Тавантолгой” компанийн хувьцааны луйврын асуудлыг байнга ярьж явсан. Ийнхүү "Нүүрсний хулгай"-тай тэмцэгчид гарч ирэхэд олзуурхаж хүлээж авсан. Хэрвээ надад УИХ-ын даргын Зөвлөхийн алба байгаагүй бол талбай дээр жагсах байсан. Гэвч төрийн ажил хийж байгаа болохоор болоогүй. Хүн бүр өөр өөрийнхөөрөө харж байгаа учраас шүүмжлэлд эмзэглэхгүй байна.
-Ер нь АТГ “Таныг шалгаж байгаа шүү” гэж мэдүүлэг авсан юм уу?
-Үгүй. Харин би ямар хүмүүс зарлагдах бол, Өмнөговийн уурхайг сүүлийн 20 жил тонож, дээрэмдсэн, завшсан, хулгайлсан хүмүүсийн нэрс орсон болов уу гээд мэдээ үзээд сууж байсан. Тэгтэл Н.Наранбаатар гишүүний нэр дуудагдсан. Яагаад дуудагддаг билээ гээд гайхаад сууж байтал 17 дээр нь миний нэр гараад ирсэн. Тухайн үед ихэд гайхаж хүлээж авсан ч үйл явцыг дүгнэсэн. Энэ бол өнөөдрийн цахим сүлжээнд харагдаж байгаа шиг зүйл биш. Би мэдээж өөрийгөө өмгөөлж бодох ч хүмүүс намайг харлуулж бодох байх. Зарим нь өмөөрч бодох байх. Энэ үзэл бодол, олон зөрчлийн дунд нэг л шийдэл байгаа. Тэр нь үнэн юм.
-Бид ч гайхсан. Нуугаад яахав, мэдээлэл үзэж байтал таны нэр гараад ирэхээр эргэлзсэн. Үнэхээр энэ Х.Мандахбаяр чинь "Нүүрсний хулгай"-тай холбоотой юм биш биз гэж гайхсан. Яг ямар асуудлаас үүдэж таныг нүүрстэй холбоод байгаа юм?
-Өөрийнхөө телевизэд ярилцлага өгөөд суухаар эвгүй, залуучуудын хэлдгээр “жүжээд” байгаа юм шиг санагдаж байна. Над руу маш олон хүн, бас сэтгүүлчид ярьсан. Би хамт олондоо хариулъя гэж бодож байна. Надад итгээд “Эрхэт Монгол групп”-д ажиллаж байгаа 300 гаруй хүн, туслан гүйцэтгэгчээр ажиллаж буй 1000 гаруй хүн, аймгийн МАН-ын хорооны ажилтан, алба хаагчид, гишүүд, залуус, ахмадууд гээд олон хүнд хариулт өгөх нь зүйтэй. Ингэж бодоод ярилцлага өгөхгүй гэсэн байр сууриасаа ухарсан. Та ч намайг их шавдуулж, ятгалаа.
Би 2017-2019 онд “Жижиг” Тавантолгойн уурхайд “Их шижир баялаг” компанитай хөрс хуулалт хийж байсан юм. Тэр үед нүүрсээ авч чадахгүй, хөрс хуулалтын ажил нь хоцорчихсон байсан. Тендер, ямар нэгэн сонгон шалгаруулалт гэж байсангүй. Орон нутгийн өмчит Тавантолгой компани нь 2005 оноос эхлэн нүүрсээ экспортолж, 2008 оноос идэвхжээд 2010 он гэхэд 379 мянган тонн нүүрс хулгайлаад л эхэлчихсэн байж. Тухайн компани техникийн хүчин чадлаа нотлоод, хүсэлтээ өгөхөд болдог байв. Нийтдээ 40 гаруй компани байсны нэг нь манайх юм. “Жижиг” Тавантолгойн хөрс хуулалтын ажил “Эрдэнэс Тавантолгой”-гоос хоёр дахин бага үнэлгээтэй учраас тэр болгон компаниуд ордоггүй. Тиймээс жижиг техникээр ажиллахад ашигтай юм байна гэсэн тооцоолол хийж, хүсэлт тавиад орсон. Би гурван жил ажилласан. Үүнтэй холбоотойгоор шалгаж байгаа юм болов уу гэсэн хардлага л байна. Түүнээс намайг АТГ-аас дуудсан зүйл байхгүй.
-Уул уурхайн бизнес рүү 2017 онд орсон гэж ойлгож болох уу?
-Би 2010 оноос хүмүүст нүүрс тээврийн төсөл бичиж өгөөд мөнгө авдаг, найзууд маань нүүрс тээврийн бизнес эрхэлж, тэдэнд зааж зөвлөдөг байлаа. Тэгээд 2014 оны үед өөрөө ч гэсэн гурван машин явуулж үзсэн, оролдсон. Оролдсон гэдэг нь хулгай хийх гэж оролдсон гэсэн үг биш шүү. Тээврийн бизнес, хөрс хуулалтын бизнесийг багаас нь шат шатаар явсан гэсэн үг. Үүний дараа 2017 онд хөрс хуулалтын бизнесийг эхлүүлсэн. Үүнээс өмнө энэ салбарт эрхэлж байсан тодорхой бизнес байхгүй гэсэн үг.
-Тэр компани одоо үйл ажиллагаа явуулж, таны нэр дээр бүртгэлтэй байдаг уу?
-“Их шижир баялаг” компанийг найзтайгаа хамт байгуулж байсан. Зам харилцаа, уул уурхай, хөрс хуулалтын чиглэлээр нэлээд туршлагатай компанитай хамтраад би 50 хувийг нь, найз маань 50 хувийг нь эзэмшээд ажиллаж байсан. Одоо бол миний нэр дээр байхгүй.
ЭНЭ ШАЛГАЛТ ЦЭГ ТАВИНА ГЭЖ БОДОЖ БАЙГААГААС УЛС ТӨР, НАМААС ЗАРЛАСАН НЭРС ГЭЖ БОДОХГҮЙ БАЙНА
-Монгол Улсын хууль, хяналтын байгууллага, ялангуяа АТГ-т би итгэдэг хүн. Тэд арай ч ингэж дураараа нэр зарлачихгүй байлгүй дээ гэж боддог. Тэгэхээр АТГ яг ямар үндэслэлээр зарласан бэ?
-Би өөрөө ч гайхаж байна. Гэхдээ та бид хоёрын гайхах асуудал биш. Хууль, хяналтын байгууллага шаардлагатай гэж үзсэн бол хэнийг ч шалгана. Ямар шалгуулахгүй, шалгах үндэслэл байхгүй гэлтэй биш. Энэ гайхширал, эргэлзээ, тээнэгэлзээ ойр дотнын хүмүүст ч байна. Гэхдээ үүний эцсийн цэг бол шалгалтын үр дүн л гэж харж байгаа. Би нүүрстэй холбоотой бизнес хийж байсан уу гэвэл хөрс хуулалтын бизнес хийж байсан. Надад өөр юу байх вэ.
-Таныг ажлын хамт олон, аймгийн МАН-ын хороо, дотны хүмүүс чинь харж байна. Хууль бус хэрэг хийгээгүй гэдэгтээ итгэлтэй байна уу?
-Надад итгэхгүй байх шалтгаан алга. Намайг хамгийн сайн мэдэх хүн би өөрөө. Миний явж ирсэн мөр, зам, бизнес эрхэлж байсан түүх, олж байсан мөнгө, зарцуулж байсан тоо бүгд тодорхой. Мөнгө мөртэй гэж үг байдаг. Чи ямар мөнгө хэрэглэж байгаа бол тэр мөнгө ямар нэгэн замаар ирсэн байгаа шүү дээ. Чи түүнийгээ нотлох үүрэгтэй.
Цахим сүлжээнээс харахад олон барилга, байшинг хаанаас ямар мөнгөөр бариад байна гэж харддаг бололтой. Тэгвэл шалгах ёстой, би шалгуулъя. Харин итгэх, итгэхгүйн асуудал бол өөр хэрэг. Би ямар надад итгэ, эсвэл итгэж болохгүй гэлтэй биш. Би ямар нэгэн байдлаар хууль бус зүйл хийгээгүй. "Нүүрсний хулгай"-г сурвалжилж, үүнийг үзэн ядаж, жигшиж явснаас өөр зүйл байхгүй. Тийм учраас би "Нүүрсний хулгайн" асуудал дээр “Эрхэт Монгол” групп тод дугарах ёстой гэж бодож байна.
-Та бол улстөрч хүн. Тэгэхээр АТГ-т шалгуулж байгаа нь олон нийтийн хардлагыг үгүй хийх боломж байж болох юм?
-Боломж гээд цээжээ дэлдээд байх нь юу юм. Ер нь бол сүүлийн хоёр жил Тост, Тосон бумбын төлөө тэмцэж, дараа нь сонгуульд нэр дэвшиж, түүнээс хойш олон барилгын төсөл хэрэгжүүлээд эхлэхээр “гэнэт баяжсан” гэх хардлага бий болжээ. Би 20 жил бизнес эрхэлсэн хүн. Энэ хэмжээний мөнгө цуглуулчих, бизнес эхлүүлчих боломж надад бий. Төслийн хүрээнд байр захиалгачдад “G-class”, “Land-300” өгнө гэх маректинг харчихаад буруу ойлгосон. Энэ бол байж болох хардлага. Үүнд нэг хариулт өгнө гэж байтал шалгуулахаар болчихлоо.
Миний хувьд зөвхөн "Нүүрсний хулгай"-тай холбоотой асуудлаар зогсохгүй барилга орон сууцны төсөл, урьд өмнөх Хадгаламж, зээлийн хоршоо гээд бүгдийг шалгуулна. Үнэхээр Х.Мандахбаяр хүн луйвардсан уу, үгүй юу гэдгийг шалгуулна. Хадгаламж, зээлийн хоршооны асуудлаар зургаан жил шалгуулж, өр төлж амьдарсан хүн учраас энэ асуудлаа ч шалгуулна. Ер нь энэ мэт асуудалд цэг тавиулмаар байна. Намайг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байгаа юм бол би 2002 оноос бизнес эрхэлж, 26 настайдаа 17 компанитай байсан хүн учраас эхнээс нь шалгуулъя гэж байгаа.
-МАН-аас хэд хэдэн хүний нэр "Нүүрсний хулгайч"-аар зарлагдлаа. Та бол МАН-ын Бага хурлын гишүүн, аймгийн намын хорооны дарга. Тантай хамт АТГ-аас нэрсээ зарлуулсан журмын нөхдийн хувьд улс төр, намаас өгсөн нэр байна гэж мэдэгдсэн. Таны нэрийг зарласан нь нам, улс төртэй холбоотой юу?
-Би тэгж үзэхгүй байна, үүнд итгэхийг ч хүсэхгүй. Энэ бол хувь хүмүүсийн үзэл бодлын асуудал байх. Би заавал тэдэнтэй санал нэг байх албагүй. Зарим нэг нь намаас өгсөн нэр гэж итгэлтэй ярьж байна. Яагаад тийм байх ёстой гэж. Үнэхээр тийм бол тодорхой цаг хугацааны дараа гарч ирэх байх. Өнөөдөр миний хувьд ч “яагаад” гэдэг асуултыг өөртөө тавьж байгаа ч хариулж чадахгүй байна. Энэ шалгалт л цэг тавих байх гэж бодож байгаа болохоос биш улс төр, намаас зарласан гэж бодоогүй.
-Би бол намаас өгсөн нэрс гэж бодож байгаа?
-Тэр бол таны л бодол. Ер нь бол ийм хардлага явж байгаа. Намаас өгсөн нэр гэдгийг нэр дурдагдсан УИХ-ын таван гишүүн хэлсэн. Миний хувьд таван хүний нэрийг яахаараа намаас өгдөг юм. Тухайлбал, би УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг мэднэ, тэр бизнес эрхэлдэггүй, Өмнөговь аймгийн Засаг даргаар ажиллаж байсан хүн. Магадгүй үүнтэй нь холбосон байж болно гэх таамаг байна. Бусдыг нь мэдэхгүй.
-Өмнөговь аймгийн АН-аас аймгийн Засаг дарга Р.Сэддорж, УИХ-ын гишүүн “Ажнай” Д.Бат-Эрдэнэ, Өмнөговь аймгийн Засаг дарга асан Б.Бадраа нарыг шалгах нь зайлшгүй байв. Энэ хүмүүсийг зарлачихвал хүмүүс сөрөг хүчнийхээ гишүүдийн нэрсийг зарлаад өөрсдийнхөө хүмүүсийг аваад үлдчихлээ гэх болгоомжоос үүдэж, Өмнөговь аймгийн МАН-ын хэдэн хүнийг дагавар магнайд нь явуулчихлаа гэж харж байна?
-Би хариулмааргүй байна.
-Таалагдахгүй байна уу. Зүгээр л итгэхийг хүсэхгүй байх шиг?
-Хариулмааргүй байна гэсэн болохоос таалагдах, таалагдахгүйн тухай яриагүй. Цаг нь болохоор улс төрийн өрнөл гэж юу байдгийг харъя. Би улс төрийн өндөр туршлагатай хүн биш. Би төрийн өндөр албан тушаал хашиж байгаагүй. МАН-ын Бага хурлын гишүүн, өнгөрсөн хоёр сард Өмнөговь аймгийн МАН-ын хорооны даргаар сонгогдсон, мөн 2017 онд аймгийн МАН-ын хорооны дэд даргаар ажилласан, 2020 оны сонгуульд нэр дэвшээд унасан.
Үүнээс харахад улс төрийн намтар нимгэн, хөлөө олох гэж тэнцэж ядаж байгаа л хүн. Би энэ улс төрийн талаар том дүгнэлт өгөөд эсвэл хардаж сэрдэж, таамаг дэвшүүлээд суух нь зохимжгүй. Иргэд маань нэг юманд сэрэмжтэй байх хэрэгтэй. Яг бодит мэдээлэл, органик үйл явдал хаана байна гэдгийг л хайх хэрэгтэй. “Чи үнэнийг олж чадахгүй ч гэсэн тэмтэрч үзээрэй” гэдэг үгэнд дуртай. Захаас нь ч болтугай тэмтэрч үзэх хэрэгтэй. Тэгвэл илүү шударга ёс гэдэг зүйлд ойртоно биз дээ. Миний чамаас ч илүү бодож байгаа таамаг, хардаж байгаа өнцөг толгой дотор байна шүү дээ.
-Тэгвэл ярь л даа?
-Аймгийн Намын хорооны дарга хүнд “Тэр тэгсэн байх”, “Энэ ингэсэн байх” гээд байх нь зохимжгүй. Та бол сэтгүүлч хүн, сэтгүүлчийнхээ байр сууринаас хандаж байгаа учраас надаас хамаагүй асууж байна. Харин би 5200 гишүүнтэй аймгийн Намын хорооны дарга хүн учраас миний үг маш олон хүнд нөлөөлнө. Тийм учраас таамаг, хардлага, сэрдлэгээ шууд хэлж болохгүй. Та намайг ойлго. Цаг нь болоод үнэхээр таны таамаг батлагдах юм бол энэ улс төртэй өөртэй нь тэмцэх ёстой.
"Нүүрсний хулгай"-тай биш, энэ тогтолцоотой тэмцэх ёстой. Би нэгэнтээ улс төрийн замыг сонгосон хүн учраас буцахгүй, ухрахгүй, зогсохгүй. Харин би ерөөсөө илүү дайчин, илүү хол явах, илүү шаргуу орох ёстой юм байна гэж энэ хэдэн өдрүүдэд бодож сууна. Зүгээр нэг аймгийн намын хорооны дарга биш, улс төрийн эрх мэдэлд баг хамт олноороо, шударга журмын нөхөдтэйгөө нийлж улс төрд хөл тавьж, орсон хүний хувьд шийдвэр гаргах түвшинд очих ёстой юм байна гэж бодож сууна. Нэг бодлын залуу хүний шар хөдөлж байна гэж харж болох юм. Гэхдээ би ер нь юунд зорьж ирсэн юм бэ гэдэг итгэл, үнэмшил илүү баттай болж байна гэсэн үг.
-Таны нэр зарлагдсанаас хойш намынхаа удирдлагуудтай уулзсан байх?
-Үгүй. Шаардлагагүй гэж бодож байгаа. Харин УИХ-ын дарга Г.Занданшатартай холбогдож, Зөвлөхийнхөө ажлыг өгөх эсэх талаар ярьсан. Үүний дагуу сонголтоо хийгээд өргөдлөө өгсөн.
-УИХ-ын дарга Зөвлөхийн ажлаа өг гэж шахсан юм биш биз?
-Үгүй, тийм юм байхгүй. Тэр хүнд ийм ёс зүй байхгүй. Эргээд бодохоор шалгуулж, зөв буруугаа тогтоолгохын тулд би өөрөө татгалзсан. Ингэж байж зөв буруугаа тогтоолгох ёстой.
ТӨРИЙН ӨНДӨРЛӨГТ ШУДАРГА ХҮМҮҮС ОЧСНООР МОНГОЛ ТӨРИЙН МЭЛМИЙ НЭЭГДЭЖ БАЙГАА ГЭЖ БОДДОГ
-МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий нарын бичгийн дарга Д.Амарбаясгалан та нар найз, нэг үеийн хүмүүс. Таныг хаячихаж байна гэх хүмүүс цөөнгүй бий?
-Чи яаж мэдэж байгаа юм. Би Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан гэдэг хүмүүсийн ганцхан найз нь биш шүү дээ. Өчнөөн л олон найз байгаа. Энэ асуудалд шалгагдаж байгаа хүний хувьд миний өөрийн үзэл бодол гэж бий. Миний хувьд амь гуйж, тусламж эрж байгаа юм шиг хүмүүстэй уулзаж гүйгээд баймааргүй байна. Тэр тусмаа хэнтэй ч уулзмааргүй байна.
-Та намынхаа дарга удирдлагуудыг өмөөрч байна?
-Тэр хүмүүсийг би маш сайн мэдэх учраас өмөөрсөн зүйл байхгүй. Өнгөрсөн 2014 оноос НАМЗХ бутарч сарниад, үүний дараа “60 тэрбум” төгрөгийн асуудлаас үүдэж М.Энхболд даргыг огцруулах үйл явц, одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Шадар сайд байхад тагнаж чагнаад Монголын төр тоосон дунд манарч явсан үе бий. Тэр үед би хэдэн найзуудынхаа улс төрийн эр зориг, эрдэм мэдлэг, шударга ёсонд итгэж хатуу зогссон хүн. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн НАМЗХ-ны даргаар сонгогддог хурал дээрээс бид насны хязгаараас үүдэж, 130-уулаа гарч явсан. Энэ үед М.Энхболд даргын талд хэн нь байх юм, анд найз бөгөөд зарчмынхаа талд хэд нь байх юм гэсэн ялгарал гарч байсан. Тэр үеэс Л.Оюун-Эрдэнэ даргын хийж байсан тэмцэл, барьж байсан зарчим, өөрийнх нь хэлж байсан үг, үзэл бодол хувираагүй. Би энд нь баярлаж, итгэж явдаг.
-Танай намынхан уу?
-За тийм ээ, бүгд л мэдэж байгаа. Тэр бол эрх мэдлийн төлөөх тулаан биш байсан, өнөөдрийн шударга ёсыг авчрахын төлөөх тулаан байсан. “Шударга тав” гээд л өнөөдрийг хүртэл “шоолж” явна. Тэр жагсаал болоогүй байсан бол яах вэ. Түүн шиг өнөөдрийн жагсаал байгаагүй байсан бол яах вэ.
Энэ "Нүүрсний хулгайч" нар дахиад төрд шигдэх гэж байна. МАНАН дэглэмийн эсрэг “Шударга тав”-ын жагсаал олон зүйлийг өөрчилж чадсан. Дараа нь хэн нэгэн ямар нэгэн алдаа гаргаад явсан байхыг үгүйсгэхгүй. Тэр бол цаг хугацааны бөгөөд хувь хүний асуудал. Идэр есийн хүйтэнд 30 мянгуулаа сэтгэлээ нэгтгэсэн жагсаал өнөөдөр МАНАН дэглэмийг тодорхой хэмжээнд нурааж чадсан. Энэ төрийг тэр үеийн хулгайч нарын үе үеийн савраас, илүү том хулгайчийн савраас аварч чадсан учраас зөв зүйлийн төлөө явсан гэж ойлгодог. Тухайн үед Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарыг ажил, албан тушаал ав гэхэд нь үгүй гэдэг байсан.
-Шударга үнэний төлөө явсан хүмүүс Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, салбарын сайд гэх мэтээр өндөр дээд албанд очжээ. Улс төрийн нөхцөл байдлыг харахаар 01, 03 чинь дундаа толхилцоод байгаа юм биш үү. Уг нь нэг зүйлийн төлөө явж байсан биз дээ?
-Тийм юм байхгүй шүү. Би бол тэгж харахгүй, итгэхгүй байна. Энэ хүмүүсийг юу ярьж явсныг, юуны төлөө тэмцэж байсныг нь мэднэ. Ойрхон уулзаж, тэр тэмцлийн галд хэрхэн яаж шатаж явсныг нь мэднэ. Ямар зүйлийн төлөө ямар хатуу зарчимтай явсан гэдгийг нь мэднэ. Тийм учраас өөрийн чинь хардлага бол энэ удаад хэтийдэж байна.
-Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр хоорондоо толхилцоогүй гэдгийг яаж мэдэж байна. Та МАН-ын Бага хурлын гишүүн, энэ улс төрд юу болж байгаа талаар хамгийн сайн мэдээлэлтэй байгаа хүн?
-Би тэр хүмүүсийн өмнөөс хариулж байгаа юм биш. Миний бодлоор тийм зүйл байхгүй. Би чамд худлаа ярих ямар шалтгаан байгаа юм. Би үнэнээ ярья гээд л ирж байна. Нэгдүгээрт, үнэхээр мэдэхгүй байна. У.Хүрэлсүх Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар өнөөдөр Төрийн өндөр дээд албан тушаалд хүрчээ. Үүнийг шударга бус явдал гэж хэлэхгүй байх. Төрийн өндөрлөгт шударга хүмүүс очсоноор Монгол Төрийн мэлмий нээгдэж байгаа гэж боддог. Жишээ дурдахад, Эрдэнэтийн 49 хувийг яаж авч үлдсэн юм, Оюунтолгойн гэрээний 22 тэрбум ам.долларын өрөнд орох байсан тэр гэрээг яаж зассан юм, Дубайн гэрээг яаж цуцалсан юм, Хөтөл цемент шохойн үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг яаж төрд буцаан авсан юм, өнөөдрийн энэ төмөр замыг яаж авсан юм, Газрын тос нэрэх үйлдвэр яаж баригдсан юм бэ гэх зэрэг олон зүйл ярьж болно. У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ энэ засаг төрд байгаа учраас энэ ажлууд хийгдсэн.
Мөн Өмнөговь аймгийн орон нутгийн өмчит Тавантолгой компанид Бүрэн эрхэт төлөөлөгч томилсоны төлөө төрд авах гэж байна гээд гүтгэчихнэ, харлуулж байна. Хөтөл, Салхитын мөнгөний ордтой жишиж бичиж ч байх шиг. Тийм зүйл байхгүй. Үүнийг хэн бичүүлж, ярьж байгаа нь ойлгомжтой. Дандаа АН-ын гишүүд үүний төлөө үхэн хатан тэмцэж байгаа биз дээ. Яг үнэндээ жингийн туухай дээр тавиад үзэхээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, өнөөдрийн Засгийн газраас өөр дэнслэх хүн харагдахгүй байна.
УИХ-ЫН ГИШҮҮН, “АЖНАЙ” Д.БАТ-ЭРДЭНЭ ЖИНХЭНЭ ШАЛГУУЛАХ ЁСТОЙ, МАШ ОЛОН БАРИМТ ГАРЧ ИРСЭН
-Та намын даргаа ингэж ярьж болно. Гэхдээ таны ярианаас ийм юм анзаарч байна шүү. Та намынхаа удирдлагуудад тал засаад байна?
-Тэгэж харвал харна биз. Би тал засаж харагдахгүй байлаа гээд худлаа ярьж чадахгүй. Энэ миний итгэл үнэмшил. Би энэ итгэл үнэмшлийн төлөө байсаар байна, намынхаа ажил, амьдралд ч ийм байх болно. Үүнийг одоо тал засаад байна гэхээр би тал засаагүй гээд байр сууринаасаа ухрахгүй.
-"Нүүрсний хулгай"-тай холбоотой хэд хэдэн хүн зарласан. Эдгээрээс яг хэн нь "Нүүрсний хулгайч" вэ гэдгийг хоёулаа тоочъё. Танай намд хэн байна. Байхгүй гэж хэлбэл би итгэхгүй шүү?
-Би өөрөө энэ нэрс дунд зарлагдсан болохоор тэр нь болов уу, энэ нь болов уу гэж хэлж болохгүй. Нөгөө талаар би тодорхой хэдэн үйл явдлыг мэдэж байна. Дахиад л чи намайг “намаа өмөөрлөө” гэх байх. Би нэр нь зарлагдсан УИХ-ын таван гишүүнийг үнэхээр мэдэхгүй байна.
-Энэ таван УИХ-ын гишүүн гэж хэлээгүй шүү дээ. Тэгвэл жинхэнэ нь хулгай ч хэн хэн бэ?
-“Нүүрсний хулгайч”-д “Ажнай” Д.Бат-Эрдэнэ гэдэг хүнийг шууд хардаж байгаа. Миний хувьд үүнийг давтаж хэлж тэмцэж байгаад цуг шалгуулчихав уу даа гэж бодож байна.
-Тэгэж бодоод байгаа юм уу та?
-УИХ-ын гишүүн “Ажнай” Д.Бат-Эрдэнэ жинхэнэ шалгуулах ёстой хүн гэж бодож байна. Энэ хүн өмнөговьчуудаас, монголчуудаас хулгай хийсэн гэж маш олон баримтууд гарч ирчихээд байна. Яагаад шалгадаггүй юм бэ. Би бол үүнийг ярьж гарч ирсэн. Олон хүн ярьсан. Мөнгө хүчтэй. Хэвлэл мэдээлэл, нууц хаяг бүү хэл амьд троллууд гарч ирж үзэлцдэг болсон.
Тавантолгой транс компани, “Ажнай” Д.Бат-Эрдэнэтэй 379 мянган тонн нүүрс холбоотой гэдэг баримтыг тэнэг хүн ч ойлгохоор тайлбарлачихаад байхад “Үгүй ээ” гээд л зүтгээд байгаа биз дээ. Ийм зүйлийн эсрэг би дуугарчихлаа. Би энэ үзэл бодлоосоо урвахгүй, ухрахгүй. Намайг сүүлийн хэд хоног тэр хүнтэй уулзаач, дайраад байх шаардлага байгаа юм уу гэж олон хүн ярилаа. Ер нь Д.Бат-Эрдэнэ чинь нүүрс хулгайлчихсан, хувьцаа луйвардчихсан юм бол төр энэ хүнийг шийтгэж өгөх үү, үгүй юу. “Женко” Х.Баттулгаас гадна хэдэн жараахай нэрлэчихлээ гэж хэлж байгаа ч энд том тул бий. Бүгдийг нь жараахай болгох гээд яагаад зүтгээд байгаа юм.
Хамгийн том тулнуудын нэг “Ажнай” Д.Бат-Эрдэнэ мөн биз дээ. Нутгийн ах аа муулж байна гэж намайг харлуулна уу, улс төрийн өнцгөөр өрсөлдөгч рүүгээ дайрч байна гэж бодно уу, хамаа алга. Би одоо үнэнийг хэлэх ёстой.
Монголын төр илэрчихээд байгаа 379 мянган тонн нүүрснийхээ хулгайд хариуцлага тооцож, цэг тавьж чадах юм уу. Одоо л харъя. “Жижиг” Тавантолгойн хувьцааг иргэдээс луйвардаад залилаад авчихсан. Энэ асуудал Эрүүгийн цагдаагийн газар шалгагдаж байсан ч хэрэг нь хаагдсан. Энэ иргэдийн хувьцаа буцаж ирэх юм уу. Би ийм л юм хүсээд "Нүүрсний хулгай"-чидтай тэмцсэн ч өөрөө харин хулгайч болоод нэрээ зарлуулчихлаа.
-Би танаас 17 хүнийг асуугаагүй. Та асуултаас нэлээд бултаж, байна. Танай намаас нүүрсний жинхэнэ хулгайч хэн бэ гэж асуусан?
-Хууль, хяналтын байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага сайн шахаж ажилла. Би бас дуу хоолойгоо нэгтгэе. Тэгж байж наад нэрс чинь гарч ирнэ. Надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа гэж УИХ-ын гишүүд нь яриад байна. Чуулганы танхимд нэрийг нь зарлаж чадахгүй байгаа. Тэгэхэд чи надаар нэр зарлуулж яах гээд байгаа юм. Ард түмэн мэдэж байгаа шүү дээ.
-За тэгвэл ингэж асууя. Танай намд нүүрсний жинхэнэ хулгайч байна уу?
-"Нүүрсний хулгай" гэдэг категорит багтаж байгаа, үйл ажиллагаанд оролцсон хүмүүс байгаа гэж боддог. Тийм хүмүүс байгаа бол намынхаа нэрийг бодоод, улсынхаа ирээдүйг бодоод өөрсдөө албан тушаалаасаа татгалзаж шалгуулаад, ядаж нүглээ нимгэлэх хэрэгтэй.
-АТГ-аас нэрс зарлагдсаны дараа хувь хүн болон бизнест чинь ямар эрсдэл учрав. Найз, нөхдөөс эхлээд хандлага ямар байна?
-Намайг сайн мэдэх хүмүүс илүү их намайг хүрээлж байна. Тийм учраас бүгд надад итгэж байгаа. Улс төр, бизнест дүр эсгэсэн маш олон найзууд байдаг. Сүүлийн хэдэн жил би маш олон найзтай болсон. Яг үүнийг ашиглаад шигшиж авах боломж бүрдлээ. Хөгшин болсон эцэг, эхэд маань эмзэг туссан. Саяхан ээждээ зэмлүүлээд, гомдоод байж байлаа. Гэтэл өчигдөр ээжийн төрсөн өдөр болоод би мэнд хүргэхээ мартчихаж. Харин ээж маань “Ээж нь итгэж байгаа шиг олон хүн итгэж байгаа шүү” гэж над руу ярьсан бол аав “Тэр муу золиг миний хүүг оролдоод байна даа” гэж ярьж байгаа юм. Намайг ийм зүйл хийхгүй гэдгийг миний аав, ээж, унаган багын найзууд маань мэднэ. Би ямар гэмт хэрэг хийчихсэн биш эмзэглэх шаардлагагүй.
ОДОО БИ 27 НАСТАЙ Х.МАНДАХБАЯРЫГ ӨМНӨӨ СУУЛГАЖ БАЙГААД ЗАГНАХ ЮМ САН ГЭЖ БОДДОГ
-Та “Эрхэт Монгол групп”-ийг үүсгэн байгуулагч. "Нүүрсний хулгай"-тай холбогдлоо. Үүсгэн байгуулагч нь одоо энэ группэд гай болоод байна уу, тус болоод байна уу. Бизнесийн хувьд?
-Цаг хугацааны асуудал. Би хамгийн том хувьцаа эзэмшигч нь гээд ийм асуудалд нэр холбогдчихоор яалтай билээ. Өөрөө ямар нэгэн гэмт хэрэг үйлдэж, буруу нөхөдтэй нийлээд асуудал үүсгэсэн бол уучлалт гуйж болно. Гэтэл энэ группэд энэ хамт олонд хийсэн гай байхгүй. Тиймээс би “Юу хийснээ мэдэхгүй, гэхдээ маш харамсалтай байна” гэж хэлсэн. Шалгагдаад гараад ирнэ. Ёстой ус нь усаараа, тос нь тосоороо ялгагдана.
”Эрхэт Монгол”-той хамт байдаг хамт олондоо дандаа баярладаг. Ялангуяа медиа, барилга дээр ажиллаж буй залуучуудын авьяас, билэг оюунаар өнөөдрийн энэ ажил хөдөлмөр өөдөлж байгаа гэдгийг ойлгоно. Би та нарын өмнө манлайлж гарч зогсчихоод, тийм муухай юм хийгээд нэрээ хутгаад явахгүй. Би хамгийн их шударга ёс ярьдаг, газар нутгийнхаа төлөө тэмцэлд уриалдаг, чөлөөт хэвлэлийн төлөө тод зогсох ёстой гэж дуугараад ад үзэгддэг хүмүүсийн нэг.
Та нартай уулзахдаа би нэг удаа “Алив түүнийг хусаад өг, мөнгө шантаажил” гэж даалгавар өгч байсангүй. Петрочайна Дачин Тамсаг компанитай тэмцэхэд амар байсан гэж бодож байна уу. Маш олон хүмүүс над руу ярьж, олон газраас намайг дарамталсан. Наадахаа болиоч. Наад залуугаа болиулаач гэж би өөрөө захиалаад явуулчихсан юм шиг ярьдаг. Би чамд нэг юм захья, ард нь гараарай. Нефтийн хулгайтай бас тэмцэх ёстой юм биш үү. Би сонгуульд нэр дэвшихгүй гэж байгаад нэр дэвшсэн. Өмнөговийн ард түмэн бол шударга ард түмэн. Надад муудаа биш “Мандах аа чи нэр дэвшихгүй гэж байгаад нэр дэвшсэн биз” гээд л унагасан байх гэж боддог.
-Х.Мандахбаяр бол маш баян хүн, дэндүү хөрөнгөжсөн, олон барилга эхлүүлсэн, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын мөнгийг угаадаг гэж гадуур ярьдаг. Хурим найр гээд л их олон зүйл ярьдаг. Хамгийн сүүлд “Танайд хоноё” нэвтрүүлэгт бизнесийнхээ талаар дэлгэрэнгүй ярьсан болохоор энэ талаар товчхон ярина уу. Мөн энэ бүх бизнесийг хийхэд хууль бус мөнгө орсон эсэхийг асуумаар байна?
-Үгүй. Намайг хардаж байгаа хүмүүсийн буруу биш. Би харин яаж хариулах вэ гээд бодоод явсан юм. АТГ, ТЕГ, ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс бүгд нийлж "Нүүрсний хулгайн" асуудлыг шалгах ажлын хэсэг байгуулсан. Мөн шүүх, прокурор орно. Тиймээс би шалгуулъя. Шалгуулахдаа "Нүүрсний хулгай"-тай холбоотой юу, үгүй юу гэж илээд өнгөрөх биш миний бизнест байгаа, урьд нь байсан бүх зүйлийг шалга. Надад тийм зүйл байхгүй. Би бизнес рүүгээ хууль бус нэг ч төгрөг хийгээгүй. Үүнд итгэж болно. Анх 1998 онд хоёрдугаар курсийн оюутан байхдаа сэтгүүлчийн ажлаар ажлын гараагаа эхэлсэн.
Сургуулиа 2002 онд төгсөөд гоо сайхны лангуу ажиллуулдаг хүргэн ахаасаа 700 мянган төгрөг авч, энэ мөнгөөрөө “Зиндаа” сонины эрхийг н.Туяагэрэл гэдэг хүнээс худалдаж авч бизнесээ эхлүүлж, 1.6 жилийн дотор Монголын хамгийн олон захиалагчтай сонин болгож чадсан. Тэр үед “Хүмүүс”, “Сэрүүлэг”, “Зиндаа” гэсэн гурван сонин хоорондоо өрсөлддөг байв. Ингээд 2004 онд ёстой гэнэт баяжсан. Тэр жилийн сонгуулиар “Зиндаа” сонин 48 мянган захиалгачтай байсан учраас их мөнгө олсон. Эндээс цугларсан мөнгөөрөө “Их Монгол шуудан”, “Best computer”, “Best printing”, “Best art”, “Их цэц”, “Зиндаа констракшн” гэх мэт 17 компани байгуулсан.
Захирал, дэд захирал нийлсэн 21 удирдах ажилтантай байв. Намайг харлуулах гээд хэрэггүй. Энэ түүхийг мэддэг хүмүүс намайг үхэн хатан өмөөрч байна. Гэтэл 2005 онд Хадгаламж зээлийн хоршооны төсөл байна гэхээр нь нэг тэрбум гаруй төгрөг эргэлдүүлж байгаа залуу шууд л Хадгаламж зээлийн хоршоо байгуулж, нэг сарын дотор 700 сая төгрөг төвлөрүүлсэн. Ийнхүү жилийн дотор 3.2 тэрбум төгрөгийн активтай болж, орон нутагт ч салбарууд байгуулсан. Одоо би 27 настай Х.Мандахбаярыг өмнөө суулгаж байгаад хэсэг загнах юмсан гэж боддог.
Тухайн үед Хадгаламж зээлийн хоршоод эхнээсээ дампуурч, Санхүүгийн зохицуулах хорооны даргын амь насанд халдсан нь ч нөлөөлсөн. Би тэр үед 2.7 тэрбум төгрөгийн өрөнд унаж, өөрт байсан бүх зүйлээ зарж, 900 сая төгрөгийн өртэй үлдсэн дээ. Гэхдээ би өрөө дарахын тулд мөнгөгүйгээр эхлүүлж болох бүгдийг л хийсэн. Тухайлбал, “English summer school” англи хэлний вакум сургалтын төвийг нэг ч төгрөггүйгээр эхлүүлсэн. Найзаасаа 20 гэр зээлж аваад зургаан айлын газар дээр бариад нэг ээлжиндээ 60 хүүхэд аваад ажиллуулж эхэлсэн. Өнгөрсөн 20 жил би үхэн хатан зүтгэж байж энэ амьдралыг босгосон. Ингээд 2010 оноос миний өр багасаж, 2011 онд барилга руу орж, 2015 онд хүний барьж байгаад орхисон хаусны төсөл рүү орж байлаа. Харин 2017 онд хөрс хуулалтын ажил руу орж, 2020 онд сонгуульд нэр дэвшээд унасан. Унасан нь ч болсон юм. Учир нь, өнөөдрийнхөө бизнесийг задалж хийж чадахгүй байв. Ингээд 2021 онд өөрийн хуримтлуулсан багахан хэмжээний мөнгөтэй “Гранд Маршал” хотхоныг барихаар орсон. Сэлбэ зусланд барьж байгаа хотхны газар бол 10 жилийн сургуулийн багшийн маань газар. Би багшдаа үл хөдлөх хөрөнгө өгнө гэж тохироод төслөө эхлүүлсэн.
ЦААДУУЛ ЧИНЬ НҮҮРСНЭЭС ХУЛГАЙЛСАН МӨНГӨӨР СОНГУУЛИЙГ ХУДАЛДАЖ АВААД БАЙНА, ӨМНӨГОВЬЧУУДАА
-“Гранд Маршал” хотхоныг барьсан мөнгө яг таны 20 жилийн бизнес эрхэлж олсон цэвэр мөнгө мөн үү. Эсвэл бохир мөнгө байна уу?
-Яг үүнд л хариулах ёстой. Ямар нэгэн хууль бус, мөнгө угаалтын хэлбэрээр энэ төсөл рүү нэг ч төгрөг ороогүй. “Гранд Маршал” төсөл магадгүй Монголд хамгийн цэвэр төсөл. Энэ шалгалтын үр дүн л танд хариулт өгнө. Надад тийм олон тэрбум төгрөг байгаагүй. Харин барилгын ажлаа эхлүүлчих хэмжээний мөнгө байсан.
“Гранд Маршал” төсөл дээр “Эрхэт Монгол” групп үсрэлт хийсэн нь үнэн. Би барилгын маркетинг гэдэг зүйлийг тоосго, обой, гадна пассат шиг ойлгодог хүн. Бусад барилгын компаниуд 300 тэрбум төгрөгийн төсөл хэрэгжүүлэх гэж байж гурван сая төгрөгийг рекламд зарцуулдаг бол би 300 тэрбум төгрөгийн төсөл хэрэгжүүлэхийн тулд реклам, зар сурталчилгаанд гурав, магадгүй есөн тэрбумыг зарцуулдаг.
“Гранд Маршал” бол анхны цогц төсөл. “Хайрын хот” төсөл дундаж орлоготой иргэдэд зориулсан бол “Сити резиденс” төсөл нь орлого багатай иргэдэд, Өмнөговийн “DZ резиденс” төсөл орон нутгийн иргэддээ зориулсан. Зөвхөн “Гранд Маршал” төсөлд итгээд явахаар орлого сүлэлдэхгүй. Нэг нь зогсоход нөгөө нь нөхөх замаар өнөөдөрт ирсэн. Яг үнэндээ ТВ-8, Өглөөний сонин, Зиндаа.мн сайтын хамт олон, залуучуудын ур ухаан, рекламаар Т.Бархүү, И.Одончимэг, хоёр Заяа дүү, өөрийнхөө нүүрээр төслүүдээ босгосон. Энэ амар биш. Бид богино хугацаанд бүтээн байгуулалтыг рекламаар босгочихсонд л хардаад байна. Үүнийгээ би хуулийн байгууллагын өмнө нотолно.
"Нүүрсний хулгайч"-аар цоллууллаа гээд гуниад суугаад байлтай нь биш, өөрийнхөө сайн сайхан зүйлийг яръя. “Гранд Маршал” төслийг хэрэгжүүлээд хажууд нь 80 жилийн түүхтэй хүүхдийн “Сэлбэ зуслан”-г сэргээн засаж байна. “Бамбарууш” кафег зассан. Мөн хуучин эмч, багш, ажилчдын байр байсныг засаад тэнд эх, нярайн сувилал хийж байна. Ирэх жил “Гранд Маршал” цэцэрлэг, сургуулийн ажил эхэлнэ. Ийнхүү “Гранд Маршал” төсөл маань тэр чигтээ “Сэлбэ зуслан”-г бүтээж үлдээж байгаа юм. Мэдээж тэнд надад үл хөдлөх хөрөнгө, бизнес үлдэж байна. Ер нь бизнес эрхэлж байгаа хүнд хулгай хийх зав байдаггүй юм.
-“Гранд Маршал”-ын захиалагч нартаа түлхүүрээ хэзээ өгөх вэ?
-Өнгөрсөн долоо хоногт улсын комисс хүлээж аваад эхний айлууд ороод эхэлсэн. Цэцэрлэг, Эх нярайн сувиллыг 2023 онд ашиглалтад оруулна. “Эрхэт Монгол” группэд байр захиалсан хүмүүс битгий эргэлзээрэй. Шалгалт дууссаны дараа бүх тоо, баримтуудаа дэлгэж, тайлбарлана.
-Танай аймгийн иргэдийн аж амьдрал, засаг захиргаа ямар байдалтай байна?
-Тааруу байна. Тамгын газрын дарга нь хууль зөрчиж томилогдсон учраас газар, хэлтсийн дарга нараа хууль зөрчөөд томилсон. Эдгээр хэлтсийн дарга нар нь мэргэжилтнүүдээ мөн хууль зөрчөөд томилчихсон нь Төрийн албан хаагчдын шалгалтаар тогтоосон.
Саяхан Өмнөговь аймгаар бүтэн тойрлоо, иргэдийн амьдрал хэцүү байна. Төрийн үйлчилгээний ажилтан 523 мянган төгрөгөөр цалинжиж, гар дээрээ 416 мянган төгрөг авдаг. Цааш нь лизинг, цалингийн зээл, татвар гээд гар дээрээ 43 мянган төгрөгийн цалин аваад амьдарч байгаа хүн ч байна. Үүнийг засах боломж нь Өмнөговь аймагт байгаа. Бид тэмцэж байж Төрийн албан хаагчдын цалинг 30-80 хувь хүртэл нэмэгдүүлсэн, мөн “Говийн дэмжлэг” гэж 2017 оноос өгч эхэлсэн мөнгийг 280 мянган төгрөг байсныг 400 мянган төгрөг болгож чадсан. Өмнөговь аймгийн 2023 оны төсөв 648 тэрбум төгрөг.
Иргэдийнхээ цалин хангамжийг нэмэгдүүлэхийн төлөө дуугарч байгаа учраас цахимд баахан хараалгуулсан. Үүний хүчинд багш, эмч, Төрийн албан хаагчдын цалин, сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмүүлсэн. Цаадуул чинь нүүрснээс хулгайлсан мөнгөөр сонгуулийг худалдаж аваад байна, өмнөговьчууд аа. Мөнгө гэдэг асуудлыг түр хойш тавьж байгаад өөрийнхөө, үр хүүхдийнхээ, нутаг усныхаа ирээдүйн төлөө дүгнэлт хийж байгаад, эрүүл сонголт хийгээсэй гэж хүсэж байна. Энэ хэдэн "Нүүрсний хулгайч"-аасаа салчих юм бол АН-д ч гэсэн эрдэм боловсролтой, нутгаа гэсэн чин сэтгэлтэй, шударга залуучууд олон бий.
Яагаад тэд нарт төр барих боломжийг нь өгдөггүй юм. Хэдэн "Нүүрсний хулгайч" нар Өмнөговийг худалдаад авчихсан юм шиг загнана. МАН-ын хороог хүртэл мөнгөөр худалдаж авах гэж оролдсон. Би аймгийн Намын хорооны дарга байгаа цагт үүнийг зөвшөөрөхгүй. Хараат бус хөрөнгө, хэвлэлтэй хүнд улстөрчид маш дургүй байдаг. Яагаад гэвэл үгэнд нь орохгүй гэж боддог. Угаасаа хэний ч үгэнд орохгүй. Чиний хамгийн эхний асуулт “Намаас чинь зарлачихсан юм биш үү” гэдэг хардлага үнэн байгаад МАН-аас миний нэрийг зарлуулсан бол надад итгэж байна гэсэн үг. Мандах маань даваад гараад ирэх байх аа нэрийг нь хавчуулчихъя гэсэн юм биш үү.
Ж.БАТТУУЛ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН