Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
-Та сайдын албанд томилогдоод нэг жил шахам боллоо. Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт бодлогын түвшинд ямар шийдэл гаргав. Хэрэгжилтийн талаар яриагаа эхлэх үү?
-Сайдаар томилогдоод 11 сарын хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд өргөн барьсан “Байгаль орчны багц хууль”-иудыг эргүүлэн татаж, өнгөрөгч тавдугаар сараас Олон улсын даян дэлхийн ногоон институци байгууллага, Монгол Улсын их дээд сургуулийн эрдэмтэн мэргэд, бусад хуульчдын бүрэлдэхүүнээр 34 хууль бүхий “Байгаль орчны багц хууль” дээр ажиллалаа. Энэ салбарт эрх зүйн орчин ямар байгаа юм, УИХ-аас гаргаж байгаа тогтоол шийдвэр нь хуультай зөрчилдөж байна уу, захиргааны хэм хэмжээний актуудад хуулийн зөрчил, алдаа байна уу гэдгийг сайтар судалж нягталлаа. Хамгийн гол нь ямар учраас байгаль орчны чиглэлд ийм олон асуудал үүсэж байна. Энэ нь хууль, эрх зүйн орчноос үүдэлтэй юу гэдэг талаас нь хуулийн дата анализыг анх удаа амжилттай зохион байгууллаа.
-Монгол Улсын хэмжээнд, тэр тусмаа танай яамны гол асуудлын нэг бол аялал жуулчлал. Тэгэхээр аялал жуулчлалын салбарт тодорхой шийдлээ хүлээж байсан асуудал олон бий. Энэ талаар?
-Сүүлийн 20 жилд өөрчлөгдөөгүй явсан “Аялал жуулчлалын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгыг өргөн барилаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө “Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хороо”-г ахалж, бүх сайд нар тус хороонд ажиллаж байгаа. Тиймээс Засгийн газрын бодлого чиглэлд уялдуулан, Монголын онгон дагшин байгальд гадаад, дотоодын жуулчдыг татах, таатай орчинг бүрдүүлэх, аялал жуулчлалын салбараас мөнгө босгох, валютын урсгалыг нэмэгдүүлэхэд бүхий л анхаарлаа хандуулахын зэрэгцээ агаарын тээврийн либералчлал гэх мэт олон ажил амжууллаа. Монгол Улсын нийт газар нутгийн 21 хувь нь тусгай хамгаалалад байдаг. Тиймээс бид “Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хууль”-ийг аялал жуулчлалтай холбоотойгоор шинэчлэн найруулсан.
-Цар тахал ч нөлөөлсөн байх, аялал жуулчлалын салбар унасан. Үүнийг сэргээх ямар арга хэмжээ авав. Ирэх 2023 оны төсөөлөл ч гарсан байх?
-Засгийн газраас 2023, 2024, 2025 оныг “Монгол Улсад зочлох жил” болгон зарласан. Цар тахлын өмнө буюу 2019 онд 577 мянган жуулчин хүлээн авч, 603 орчим сая ам.доллар төвлөрүүлсэн гэх тооцоолол байдаг. Тухайлбал, БНХАУ-аас 168 мянга, ОХУ-аас 120 мянга орчим жуулчин ирсэн. Цар тахлын дараа буюу 2022 онд улсын хил хаалттай байсан ч 300 орчим мянган жуулчныг авч чадсан нь цар тахлын дараа төлөвлөж байснаа 100 хувь биелүүлсэн гэж болно. Хэрвээ өмнөд хөрш хилээ нээсэн бол хятадаас 200 орчим мянга, өөр бусад орноос олон жуулчин ирэх байжээ гэсэн тооцоо бий. Бид “Аялал жуулчлалын тухай хууль”-иа шинэчилж, бусад дагалдах хуулиудаа батлачихаар ирэх онд чамгүй амжилт гаргана гэсэн төлөвөлгөөний дагуу ажиллаж байна.
-Цар тахлын дараа гэхэд харьцангуй олон жуулчин хүлээн авчээ. Чухам юу нөлөөлөв?
-Цар тахлын дараа 300 орчим мянган жуулчин хүлээн авсан нь юуны өмнө Засгийн газрын бодлого нөлөөлсөн. Агаарын тээврийн либералчлалыг хийсэн. БНСУ-аас хямд өртөгтэй авиа компаниуд нисээд эхлэхээр хоёр талдаа нэг сая төгрөгөөр зорчихын зэрэгцээ БНСУ-ын жуулчдыг визгүй болгосон. Европын холбооны улсууд руу нислэгийн өртөг өндөр байсан учраас учраас зоригч тээврийн урсгалд нөлөөлж байсан. Тиймээс Туркийн Соёл, аялал жуулчлалын сайдыг урьж энэ асуудлыг шийдснээр МИАТ компанийн нислэгээр Европын орнууд руу хямд өртгөөр нисэх боломж бүрдсэн. Нөгөө талаас Европын орнуудаас Монгол Улс руу хямд зорчих боломж нээгдсэн. Мөн 2023, 2024, 2025 онд ямар нэг хязгаарлалт хийхгүй гэсэн бодлого барьж байгаа. Нөгөө талаар цар тахлын дараа Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас байгалийн онгон төрхөөрөө байгаа зэлүүд газарт аялахыг зөвлөсөн гэх мэт зүйлс нөлөөллөө гэж харж байна.
ТОГТОЛЦОО НЬ БУРУУ УЧРААС АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ХӨГЖИХГҮЙ БАЙГАА ЮМ
-Монгол Улсад аялал жуулчлал хөгжихөд юу саад болж байна. Онгон дагшин байгаль, зэрлэг ан амьтад, уудам нутаг байна. Бас чиг суурин газарт орчин цагийн зочид буудал гээд болохгүй зүйл алга?
-Өнгөрсөн 32 жилийн хугацаанд аялал жуулчлал хөгжөөгүй шалтгаан нь Төр өөрөө аялал жуулчлал хийх гэж оролдож ирсний хор нь өнөөдөр гарч байна. Ерөөсөө тогтолцоо нь буруу учраас аялал жуулчлал хөгжихгүй байгаа юм. Би өөрөө Монгол Улс болон АНУ-д аялал жуулчлалын бизнес эрхэлж байсан хүн. АНУ-д үйл ажиллагаа явуулж байхад нэг ч байгууллага тусгай зөвшөөрөл ав гэж шаардаж байгаагүй. Үйл ажиллагааныхаа хүрээнд бизнесээ чөлөөтэй эрхэлж байх эрх зүйн орчинтой. Гэтэл манайд заавал янз бүрийн зөвшөөрөл шаарддаг.
Яахав, зөвшөөрөлтэй байснаар хяналт сайжрах, хариуцлага хүлээх зэрэг асуудал байгааг үгүйсгэхгүй. Үүнийг “Аялал жуулчлалын тухай хууль”-д тусгай зохицуулалтаар тусгаж өгөх шаардлага байгаа. Ганц асуудал байгаа нь хууль, эрх зүйн орчны хязгаарлалт. Үүгээрээ ч эдийн засгийг тодорхой хэмжээнд хязгаарлаж байдаг учраас эдийн засгийг тэлэх, дэмжих зарчим барьж ажиллаж байна. Монгол Улс морины эх орон гэдэг ч яагаад бооцоот уралдаан байдаггүй юм, яагаад казино байдаггүй юм гээд олон асуудлыг хөндөж хууль, эрх зүйн хүрээнд шийдвэрлэх ёстой.
-БОАЖЯ-наас хаашаа ч салгаж ойлгохгүй зүйл бол Улаанбаатар орчимд Богд хан уул, Туул голын ай сав орчим дахь газрын маргаан, наймааны асуудал байдаг. Та үүнтэй сайдын хувиар нүүр тулсан байж таарна?
-Манай яамыг тойрдоггүй дайрч гардаг асуудал бол энэ мөн. Тиймээс бид бодлогын хүрээнд газрын наймаа, газар олголтын тухайд тодорхой ажлууд хийсэн. Богд хан уулын тусгай хамгаалалттай бүсийг 5594 га газраар тэлж, ихэнх амуудад дахин газар олголт хийгдэхгүй болголоо. Энэ нь цаашид олгогдох байсан газрыг хамгаалалтын бүсэд авснаар байгаль онгон дагшинаараа үлдэж байна гэсэн үг. Горхи Тэрэлжид гэхэд 55202 га газрыг хамгаалалтын бүсэд нэмж авлаа. Цаашлаад тусгай хамгаалалттай газар нутаг хэрхэн яаж орших ёстой юм гэдгийг бодлогын түвшинд авч үзсэн. Үүн дотроос ан амьтдын асуудлаас эхлээд гадаад, дотоод жуулчид хөл тавих зэрэг олон зүйл багтана. Дархан цаазтай газарт хүн очиж суурьшаад байгаа болохоос биш суурьшлын бүс рүү ан амьтан орж ирээд байгаа хэрэг биш. Үүнийг цэгцлэхээс өөр аргагүй болсон. Хашаа хороог нь буулгах, ан амьтдын ус руу явах жимийг гаргах, хашаа хоорондын зайг цэгцлэх гэх мэт гүйцэтгэлийн чанартай ажлуудыг хийлээ. Хэдийгээр хэрүүл маргаантай асуудал ч цэгцэлж чадсан гэж үзэж байна.
-Ундны ус, хөрсний бохирдлын талаар асуухгүй өнгөрч болохгүй?
-Зөвхөн Улаанбаатар хотод гэхэд ихээхэн асуудал байгааг бүгдээрээ мэднэ. Тухайн суурьшлын бүс дотор аж ахуй эрхлэхийг ямар нэг байдлаар зохицуулалт хийж, хориглолтын арга хэмжээ авах ёстой. Хүн ам ихээр суурьшиж байгаа газарт хордлого өгөх, хордуулах, халдварт өвчин үүсгэх үйлдвэрүүдийг хаах, газар олголтыг зогсоохоос өөр аргагүй. Хөрсний бохирдол гамшгийн хэмжээнд очиж, бохирдлоо дийлэхээ байсан. Тэнд 1000 айл амьдрах ёстой ч 5000 айл амьдарч байна, 1000 өрх хордохгүйгээр, орчны бохирдол үүсгэхгүйгээр амьдрах ёстой ч 5000 өрхөд газар олголт хийснээрээ бүгдээрээ хордох нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Ингэхээр өнөөх л хот төлөвлөлтийн асуудал хөндөгдөж байгаа нь тогтолцоогоо өөрчлөх ёстойг л хэлж байгаа хэрэг.
-Одоо хоёулаа бодлогын томоохон асуудал руу оръё?
-Хууль, эрх зүйн орчинг нь бүрдүүлж, бодлого гаргаад тодорхой хэмжээнд хэрэгжүүлж байгаагаа дурдаж байна, гэхдээ томоохон хэмжээнд авч үзэх нь зүйн хэрэг. Байгаль орчны чиглэлд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, дулаарал гэх мэт томоохон хэмжээний хурлуудад оролцож байна. Энэ хэмжээнд тодорхой хэмжээний мөнгө босгож байгаль орчны чиглэлд зарцуулах боломжийг бүрдүүллээ. Монгол Улс 2026 онд НҮБ-ын цөлжилтийн эсрэг Бага хурлыг зохион байгуулах эрхийг авсан. Ирэх 2023 оны гуравдугаар сарын 2-3-ны өдрүүдэд агаарын бохирдолтой холбоотой Ази Номхон далайн эдийн засгийн комиссын 53 орны түншлэлийн хурлыг Монгол Улсад зохион байгуулахаар болсон. Энэ мэт маш олон асуудлыг бодлогын түвшинд шийдвэрлэлээ.
УТАА, БОХИРДЛЫН АСУУДЛЫГ ЭХЯ, БХБЯ ХАРИУЦАЖ, БОАЖЯ ХӨРС, УСНЫ АСУУДЛАА ХАРИУЦАХААР БОЛСОН
-Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас тойрч гардаггүй нэг асуудал бий. Танай яам утаа хариуцах ёстой юм уу, хариуцдаг бол яаж?
-Өнөөдрийг хүртэл утааны асуудлыг шийдэж чадаагүй нь өнөөх тогтолцооны гажуудлаас улбаатай. Та БОАЖЯ утаа хариуцах ёстой юу гэж байна. Яагаад БОАЖЯ утаа хариуцах ёстой юм гэхээр тогтолцоо нь буруу учраас хүн бүр сэтгэхүй, хандлагын хувьд энэ яам л утаа хариуцах ёстой гэж ойлгодог. Тэгэхээр нэг зүйл хэлье. Утаа юунаас гарах вэ гэхээр түлшнээс гарна. Түлшийг хаана үйлдвэрлэх вэ гэхээр үйлдвэрт. Түлш бол дулаан үйлдвэрлэл шүү дээ. Үйлдвэрийг хэн, хаана хариуцах вэ гэхээр Эрчим хүчний яам хариуцна. Үйлдвэрт хэн ажиллах вэ гэхээр инженерүүд ажиллана. Лаборатори нь хаана байдаг юм гэвэл Эрчим хүчний яаманд байдаг.
Тэгэхээр дулаан үйлдвэрлэлийн асуудал нь Эрчим хүчний яамны харъяанд 100 хувь байдаг байна. Бусад орнууд утаанаас яаж хурдан салсан юм гэхээр тогтолцоо нь зөв байсан. Жишээ нь БНХАУ гэхэд яндангүй бүсийг удаа дараа байгуулж байж утаагүй болсон. Нэгэн жишээ дурдахад Улаанбаатар хот 2019-2020 онд 346 мянган тонн сайжруулсан шахмал түлш түлсэн. Өнөөдөр хүмүүс 2019-2020 онд утаагүй байсан, одоо яагаад утаатай болчихов гэж ярьдаг. Гэтэл өнөөдөр Улаанбаатар хот 620 мянган тонн түлш түлдэг. Яндан бууруулах биш нэмэгдүүлэх бодлого явуулж байна.
Нөгөө талд 20 аж ахуйн нэгжийн 68 цэгт 183 зуух жилд 120 мянган тонн түүхий нүүрс түлдэг. Ингээд бодохоор 740 мянган тонн түлш жилд түлж байна. Манай яамнаас яндангүй бүс байгуулахад цахилгаан, эрчим хүчээр шийдэх боломж байгааг гаргаж тавьдаг ч Эрчим хүчний яам цахилгаан, эрчим хүч дийлэхгүй гэдэг. Уг нь тогтолцоо нь зөв замаараа яваад утаатай холбоотой хариуцлагыг ЭХЯ хүлээдэг байсан бол тэд цахилгаан, эрчим хүчний хангалтыг сайжруулна. Ингээд яндангүй бүс байгуулж, түлш түлэх өрх айл, цэгийн тоог цөөлөхийг бодно биз дээ. БОАЖЯ бол утааны стандартыг тогтоох үүрэг хүлээдэг. Өөрөөр хэлбэл, дэгдэмхий чинь 22 хувьтай байгаа учраас утаа их байна, тиймээс дэгдэмхийгээ 15 хувь руу оруулъя гэхээр “Наад түлш чинь асахгүй” гэдэг. Гэтэл БНСУ, Япон гэх мэт улсууд яаж асаагаад байгаа юм гэхээр тэд түлшиндээ маш хурдан асах өдөөгч хийдэг. Өдөөгчөө бий болгох үйлдвэрлэлийг үйлдвэрийнхээ хажууд бариад яв гэхээр хөрөнгө байхгүй гэдэг. Газрын гүнийн дулаан ашиглая гэхээр манай улс далайн түвшнээс 1500 метрт байдаг боломжгүй гэнэ. Яах ёстой вэ….
ХӨДӨӨ ОРОН НУТАГ, 21 АЙМГААР ЯВЖ, ГАЗАР ДЭЭР НЬ АСУУДЛЫГ ШИИДВЭРЛЭЛЭЭ
-Таны хувьд тогтолцоог засахаас эхлэх ёстой гэж үзэж байна. Төрөөс ямар нэг шийдэл гаргаж байна уу?
-Бид бодлогын түвшинд байр сууриа илэрхийлж, судалж нягталж байна. Нэг үнэн зүйл байгаа нь Эрчим хүчний яамнаас дээр дурдсан зүйлсийг хийж болох ч хот байгуулалтын төлөвлөгөө байхгүй гэдэг. Тухайлбал, цахилгаан, эрчим хүчний халаалт тавьж, яндангүй бүс байгуулъя гээд олон тэрбум төгрөгийн өртөгтэй дэд станц барина. Гэтэл тус газарт хот төлөвлөлтийн шинэ зураг төсөл гаргаад ирвэл яах юм. Хот төлөвлөлт чинь хаана байна гэдэг асуулт тавьдаг. Уг нь үүнийг Барилга хот байгуулалтын яам гаргасан байх ёстой.
Утаа арилахгүй байгаа суурь шалтгааны нэг нь тогтолцооны гажуудал юм. Нөгөө талаар автомашины утааг дурдахгүй байж болохгүй. Хатуу хөл хорио, автомашины хөдөлгөөнийг хязгаарласан үед Улаанбаатар утаагүй байсан. Яагаад гэхээр нийслэлийн хэмжээнд хөдөлгөөнд орж байгаа 632 мянган автомашины 87 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай, гурван машины 1.5 нь утаа шүүгч нь ажилладаггүй. Яагаад утаа шүүгчгүй машинууд техникийн улсын үзлэгт тэнцээд байдаг юм гэхээр жолооч нар “20 мянган төгрөг өгөөд тэнцүүлчихдэг” гэдэг. Өнөөх л авлигын асуудал руу орж байна. Энэ мэт тогтолцооны асуудлаа цэгцлэхгүй бол утаа бууруулах тухай ярих аргагүй.
Одоо “Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо”-г Засгийн газрын хэрэг эрхлэх газар ахалдаг болсон. Агаарын бохирдолтой холбоотой асуудлыг ЭХЯ, БХБЯ хариуцаж, харин БОАЖЯ хөрс усны асуудлаа хариуцахаар болсон нь яах аргагүй чиг үүргийн хувьд зөв юм. Утаа гэдэг зүйл нь үйлдвэрлэгчтэй, зохион байгуулалттай холбоотой асуудал учраас ЭХЯ, БХБЯ хариуцна гээд дэд ажлын хэсгүүд гарчихсан ажиллаж байна.
-Та сайдаар томилогдсон цагаасаа хойш аймгуудаар нэлээд явсан. Орон нутгийн хэмжээнд ямар ажил амжуулав?
-Томилогдсон цагаас хойш 21 аймгаар явсан. Усны сав газрын 21 захиргаа байна. Бид нар хөдөө орон нутагт явахдаа гол мөрний ай сав газрын бүх хог хаягдлыг зөөж зайлууллаа. Гол усны эх ундарга дээр байсан бүх нүхэн жорлонгуудыг буулгаж зайлуулсан. Энэ бол маш том асуудал. Нийтдээ 1446 тонн хогийг түүж хаясан. Ундны усны эх ундарга дээр хогоо хаяад өөрсдөө тэндээс ундаалж, үүнээс үүдсэн өвчин зовлонд нэрвэгдэж байна.
Ганц хоёр жишээ дурдахад Хатгалын 40 гаруй жилийн хур хогтой цэгийг Азийн хөгжлийн банкны төслөөр булшилж, зөөвөрлөж хаяхыг нь хаяж, шинэ Хогийн цэгтэй болгосон. “Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо”-ноос 150 сая, орон нутгаас 50 сая төгрөг гаргуулж, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын хогийн цэгийг устгаснаар, голоор хог нь урсдаг байсныг цэгцлэх зэргээр орон нутагт ажилласан. Томоохон бүтээн байгуулалт гэвэл Хөвсгөл-Хатгал-Ашхай чиглэлийн 37.9 километр замын ихэнхийг барьчихлаа. Ирэх жил ашиглалтад орно. Эдгээрээс гадна аймгуудаар явахдаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний стратеги төлөвлөгөөг тодорхойлж, аймгуудад Агро парк байгуулах асуудлыг хөрөнгө санхүүгээс эхлэн шийдвэрлэж байна.
Мөн нэг асуудал байгаа нь Монгол Улсын хур тундасын хэмжээ 7.3 хувиар буурсан. Хуурайшилт их байна, сүүлийн 80 жилийн хугацаанд дэлхийн дулаарал Монгол Улсад 2.25 хувиар нэмэгдсэн. Энэ жил их усны жилүүд эхэлж байгаа учраас тодорхой нутгийг сонгоод хөв цөөрмүүдийг олноор байгуулах хэрэгтэй. Удахгүй их хуурайшилтын зургаан жил эхлэх учраас ямар байх вэ гэдгээ бодох нь чухал. Газар дээр нь ажиллаж байгаагийн хувьд Байгаль хамгаалагч нараа гэнэтийн осолын даатгалд 100 хувь хамруулж, хамгаалагч тус бүрийг 17 төрлийн хувцас, хэрэглэлээр хангаж, бүх тусгай хамгаалалттай газруудад 76,79 гэсэн автомашин олголоо. Одоо усны сав газруудаа 30 потраль машин өгнө. Энэ мэтээр тусгай хамгаалалттай газруудад чухам юу хэрэгтэй вэ гэдгийг газар дээр нь шийдвэрлэж ажиллалаа.
-Уул уурхайн чиглэлд нөхөн сэргээхээс эхлээд асуудал бий. Энэ талд ямар ажил өрнүүлэв?
-Уул уурхайд нийтдээ 30 мянган га газрыг нөхөн сэргээх асуудал яригддаг. Үүний 21 мянган га газарт өнөөдөр үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр газар нь тодорхой эзэнтэй учраас цаашид нөхөн сэргээгдэх боломжтой. Харин социализмын үеэс 8000 га газар орхигдсон байдаг. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт 8000 га газрыг нөхөн сэргээнэ гэж дурдсан байгаа. Үүний дагуу БОАЖЯ 4200 орчим га газарт нөхөн сэргээлт хийсэн.
Дахиад 4000 гаруй га газарт нөхөн сэргээлт хийнэ. Эрдэнэт үйлдвэр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 100 сая мод тарина, үүнийг Сэлэнгэ аймагт 2000 га газрыг нөхөн сэргээнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Мөн Оюу Толгой компани 100 сая мод тарина, Үүнийг Ерөө голын эх ундарга дээр нөхөн сэргээх замаар тарина. Дархан-Уул аймгийн Шарын голд 200 орчим га газрыг нөхөн сэргээхээр Оюутолгой компанитай санамж бичиг байгууллаа.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )