Шакира, Пике хоёр 2022 оны зун салж, 12 жилийн амьдралдаа цэг тавьсан билээ. Олон жил хамт амьдарч дассаных уу, хэн хэндээ гомдол нь тасрахгүй “дайтсаар” л байна.
Шүүх хурал, маргаан үе үе намжих ч дахин хэвлэлийн сэдэв болон гарч ирнэ. Энэ удаагийн “дайныг” Шакира эхлүүлсэн гэхэд болно. Дуучин бүсгүй Аргентины дижей Bizarrap-тай хамтран шинэ дуу хийсэн нь Пикед шууд зориулагдсан бүтээл байлаа.
Учир нь дуу “Уучлаарай, би хэдийн өөр онгоцонд суучихсан. Энд би эргэж ирэхгүй”, “Над шиг эрэлхэг чоно чамд зохихгүй”, “Намайг орлогчтойгоо сайхан байхыг хүсье. Чи Ferrari-г Twingo-гоор (Renault машины загвар), чи Rolex-ийг Casio-гоор сольсон”, “Намайг өвтгөсөн гэж бодож байна уу, үгүй чи намайг улам хүчтэй болгосон. Эмэгтэйчүүд дахин уйлахгүй” зэрэг үгтэй.
Энэ дууны клип юүтүүбийн Bizarrap суваг дээр хэдхэн хоногт 50 сая хандалт авч, Жастин Бибер, Despacito Луис Фонси нарыг даван гарсан төдийгүй YouTube дээрх Испани, Латин Америк дууны шинэ рекордыг тогтоосон. Яг одоогийн байдлаар энэ дууг 140 сая удаа үзээд байгаа юм.
Шакира Пикег хатгахаас гадна салалтаасаа багагүй орлого олох зорилготой нь мэдэгдэж байгаа юм. Шакира энэ клипээр YouTube сувгаас 512 мянган ам.доллар, Amazon Music-аас 500 мянга, Spotify-д 360 мянга, Apple Music-аас 1 сая 200 мянга, нийт 2 сая 500 мянган ам.доллар олоод байна.
Пикег дурдсан бас нэгэн дуу “Te felicito” Шакирад 10 сая доллар авчирсан.
Гурван сарын өмнө гаргасан “Monotonia” клиптэй нийлүүлэх юм бол одоогийн байдлаар Шакира Пикед зориулсан гурван дуугаараа 15 сая ам.долларын ашигтай ажиллаад байна.
Сэтгэгдэл ( 0 )