Гизагийн агуу пирамидад нууц хонгил илрүүлжээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 03

Археологичид орчин үеийн төхөөрөмжийн тусламжтай Египетийн алдарт Хеопсын пирамидад нэгэн нууцлаг хонгил илрүүлжээ.

4500 жилийн өмнө баригдсан Хеопсын буюу Хуфугийн пирамидын хойд талд илрүүлсэн хонгил нь есөн метр урт, хоёр метр өргөн аж. Пирамидын гол хаалганы дээр байрласан эл хонгил ямар зориулалттай болох нь одоогоор тодорхойгүй байна. 2017 онд Хеопсын пирамидад мөн 30 метр урт хонгил илрүүлж байсан аж. Египетийн Аялал жуулчлалын сайд Ахмед Эйссийн мэдээлснээр, энэхүү нээлтийг олон улсын “Scan Pyramids” төслийн хүрээнд хийжээ. Эл төсөл нь эртний Египетийн агуу өв соёлын судлагдаагүй хэсгийг орчин үеийн тоног төхөөрөмж ашиглан судлах зорилготой. Төсөл 2015 оноос хойш хэрэгжиж байна.

Тус хонгил доор нь байрлах ямар нэгэн зүйлийг хамгаалж, даралтыг багасгах зориулалттай байсан байх талтай гэж археологичид таамаглаж байна. Энэ нээлт нь эртний Египетийн дөрөв дэх угсааны фараон Хуфугийн бунхны олон оньсыг тайлна гэж эрдэмтэд итгэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top