Сагсан бөмбөгийн домог Майкл Жорданы 1998 оны NBA-ийн финалын тоглолтын үеэр өмсөж байсан пүүз дуудлага худалдаагаар 2.2 сая ам.доллароор зарагдаж, дэлхийн дээд амжилтыг тогтоосон тухай “Sotheby's” дуудлага худалдааны ордон мэдээлжээ.
Домогт тамирчны өөрийнх нь гарын үсэг бүхий пүүз 2-4 сая ам.долларт хүрнэ гэсэн таамгийг тус ордон дэвшүүлж байсан билээ. Агуу тамирчны хэрэглэж байсан спортын хувцас дуудлага худалдаагаар асар өндөр үнэд хүрдэг. Тухайлбал, 1998 оны NBA финалын тоглолтын үеэр Жорданы өмсөж байсан футболк 2022 онд 10.1 сая ам.доллароор зарагдаж байсан юм.
Энэ удаагийн дуудлага худалдааны үеэр тогтоосон дээд амжилт Майкл Жорданы хувцас, хэрэглэлийн эрэлт өндөр хэвээр байгааг баталж байна гэж “Sotheby's” ордны орчин цагийн цуглуулгын хэлтсийн тэргүүн Брам Вахтер ярьжээ. 2021 онд Жорданы “Nike Air Ships” пүүз 1.47 сая ам.долларт хүрч, мөн дээд амжилт тогтоож байв.
Шинэ рекорд тогтоосон “Air Jordan XIII” пүүзийг сагсан бөмбөгийн од “Chicago Bulls” багт тоглож байхдаа 1997-1998 онд өмсөж байжээ. Тэрбээр энэ пүүзтэй 1998 оны NBA-ийн финалын тоглолтын хоёрдугаар үед тоглож, 37 оноог багтаа авчирч байв. Тухайн үед түүний “Chicago Bulls” баг “Utah Jazz” багийг 93:88 оноогоор хожжээ. Энэ түүхийг 2020 онд гарсан “Сүүлчийн бүжиг” баримтат кинонд дэлгэрэнгүй өгүүлдэг. Тамирчны хувьд энэ бол NBA-ийн зургаа дахь аварга шалгаруулах тэмцээн байв. Тэр жил Жордан тав дахь удаагаа NBA-ийн хамгийн үнэ цэнтэй тоглогчоор шалгарч байлаа. Жордан ялалт байгуулсан даруйдаа хувцас солих өрөөнд эл пүүзээ бөмбөг зөөдөг хүүхдэд бэлэглэжээ. Хүү түүнд алга болгосон хүрмийг нь олж өгч тусалсан байна.
Домогт Майкл Жордан NBA-д нийт зургаан удаа аваргалж, Олимпын хоёр удаагийн алтан медаль зэрэг олон тооны шагналын эзэн болж байв. Тэрбээр бүх цаг үеийн агуу тамирчдын тоонд ордог билээ.
Сэтгэгдэл ( 1 )
Тэгсэнээ 12 flygame өмссөн жорданы зураг ккк