Тавантолгойд дулааны цахилгаан станц барьж өмнөд бүс нутаг, тэр дотроо Оюутолгойн өсөн нэмэгдэх эрчим хүчний хэрэгцээг хангана гэсэн PR гэх үү, уран зөгнөл гэх үү яриа 2009 онд анх эхэлж байв. Ер нь бол Оюутолгойн гэрээтэй зэрэг яригдсан түүхтэй. Бараг 2019 он гэхэд ашиглалтад оруулчихна хэмээн амлаж байв.
Хөрөнгө оруулагч тал гэрээндээ тэгж тусгасан хэрэг. Түүнээс хойш олон ч засгийн нүүр үзсэн. Оюутолгойн ордыг ашиглаж эхлэхэд дотоодоос эрчим хүч шаардагдах болсон. Боломжгүй учраас өмнөд хөршөөс цахилгаанаа авсан. Одоо ч тэр хэвээр үргэлжилж байна. Дулааны цахилгаан станц нь баригдсангүй. 2012, 2016, 2017, 2019 онуудад Тавантолгойн дулааны цахилгаан станцыг хөдөлгөх, албан ёсны бичиг баримтад дурдсанаар бол “төслийг эрчимжүүлэх” асуудал байнга яригдаж ирсэн. Гэхдээ салбар хариуцсан зарим сайд өмнөд бүс нутаг, тэр дотроо Оюутолгойн өсөн нэмэгдэх эрчим хүчний хэрэгцээг хангах дулааны цахилгаан станц барихад хамтран ажиллах гэрээг цуцалж байсныг эс тооцвол шүү дээ. 2020 оноос Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэх гол төслийн нэгээр нэрлэгдэж, санхүүжилтийн 70 хувийг Засгийн газар баталгаа гаргаж, үлдсэн 30 хувийг хувьцаа эзэмшүүлэх замаар Эрдэнэс Тавантолгой компаниас гарган зээлийн хөрөнгөөр барих шийдвэр гарч байв. Гэтэл ямар ч үр дүн гарсангүй, төслийг урагшлуулах шинэ алхам хийгдсэнгүй.
Харин цаасан дээр бол бараг ашиглалтад оруулах шахам их ажил “хийж”, төсөв зардал нь талийсан бололтой юм билээ. Тухайлбал, УИХ дахь Хөгжлийн Банкны хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй “Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол"-ыг хийх үед шинжээчид Хөгжлийн банкнаас 2014 онд Эрчим хүчний яамны “Тавантолгой нүүрсний орд газрыг түшиглэн 450 Мвт хүчин чадалтай цахилгаан станцыг барих төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны бэлтгэл хангуулах” төсөлд 14.81 сая ам.долларыг олгосон. 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 58.36 тэрбум төгрөг байгааг хэлж байв.
Шинжээчийн дүгнэлттэй холбогдуулж Түр хорооны гишүүд Эрчим хүчний сайд асан Ц.Даваасүрэнгээс “Энэ төсөл хэрэгжихгүйгээс болж жил бүр 200 сая ам.долларын эрчим хүчийг гаднаас худалдан авч байгаа. Төсөл хэзээ хэрэгжих вэ, яагаад хэрэгжихгүй байгаа вэ. Үүний цаана ямар эрх ашиг байна вэ?” гэж асуусан. Тэрбээр “Энэ зээлийн хувьд Н.Тавинбэх бид хоёр мэдэхгүй. 2013 оны зээл учраас тэр үеийн шийдвэр гаргасан хүмүүсийг дуудаж асуусан дээр байх. Яагаад Тавантолгойн дулааны станц явдаггүй вэ гэвэл Оюутолгойн гэрээтэй холбоотой. Оюутолгойн гэрээн дээр Тавантолгойн дулааны станцыг барих, Монголоос эрчим хүч авах зэрэг хариуцлага хөрөнгө оруулагч талд байдаг. Удаа дараалж хоёр тал эрчим хүчээ ав, барь гээд яваад байсан. Нөгөө хөрөнгө оруулагч тал нь байнгын бултсаар өнөөдрийг хүрсэн. Тэдний талд үйлчилдэг манай хэдэн нөхөр Монголын тал барина гэсэн шийдвэрийг Засгийн газраар гаргуулсан. Тавантолгойн дулааны цахилгаан станцыг бариулахгүй байх шийдвэр Оюутолгойн талд байдаг. Экспортоо явуулахын тулд Хятадаас эрчим хүч авна, баяжмалынхаа тодорхой хувийг гүйцээх гэж гэрээ хийсэн юм шиг байна. Энэ зээлийг яах гэж тус төсөлд авсан талаар би хариулах боломжгүй. Яагаад гэвэл, би 2017 оноос сайдын ажлыг авсан. Тавантолгойн дулааны цахилгаан станцыг барьсан хүмүүс нь эргэн төлнө гэж гэрээн дээрээ байгаа байх. Түүнээс цааших зүйлийг мэдэхгүй” хэмээн хариулсан.
Бас нэг асуудал бол Засгийн газраас зарласан 5Ш ажиллагааны нэг болох “Шилэн” ажиллагааны хүрээнд төрийн мэдээллүүдийг ил болгоход “Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл /ТУЗ/ хэдэн гишүүнтэй, хэн нь хэдэн төгрөгийн цалин авдаг болохыг олон нийт мэдэж авлаа. Shilen.gov.mn дээрх тус мэдээллээр бол Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХХК-ийн ТУЗ нийт 10 гишүүнтэй, нэг гишүүний сарын цалин 840 мянган төгрөг аж. Гэтэл дулааны цахилгаан станц нь ажлаа эхлээгүй байдаг. Ажил эхлэх бүү хэл тендерээ ч зарлаагүй байсан гэдэг мэдээлэл нь өнгөрсөн гуравдугаар сарын 13-нд далд уурхайн нээлтийг хийх үед олон нийтэд ил болж хэвлэлээр цацагдсан. Ийм атал ТУЗ-ын гишүүд сул цалин аваад сууцгааж байсан болох нь дээрх мэдээллээс харагдаж байгаа юм. Тэгвэл Засгийн газар өнгөрсөн сарын 12-нд хийсэн ээлжит хуралдаанаар Тавантолгойн дулааны цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай хэлэлцэж, тогтоол баталсан. Энэ талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцуулахдаа,
“Тавантолгой цахилгаан станцыг төслийн тендерийг барих, ашиглах, түлхүүр гардуулах нөхцөл дээр нэмэх нь санхүүжилтээ олж ирэх хамтарсан хэлбэрээр зарлах шийдвэрийг гаргасан. Монголын талын хөрөнгө оруулалтыг ЭХЯ болон ТӨБЗХ-ны өмнөөс "Эрдэнэс Тавантолгой" ХК 100 хувь санхүүжүүлэхээр болсон. Энэхүү төслөөр Хөгжлийн банкнаас зээл авсан байсан. Үүнийг "Эрдэнэс Тавантолгой" ХК-нд хариуцуулж барагдуулах, барагдуулсан дүнгээр Тавантолгой цахилгаан станцын ТӨХК-ийн дүрмийн санд тооцох оруулахаар болсон. Урьдчилсан тооцооллоор эл станц нь 600 сая орчим ам.доллар болох байх. Үүний 70 хувийг санхүүжүүлэгч гаргана, 30 хувийг гурван жилийн хугацаанд "Эрдэнэс Тавантолгой" ХК санхүүжүүлнэ. Гурван жилийн дотор барихаар төлөвлөж байгаа" гэсэн. Үүнээс үзвэл Хөгжлийн банкнаас Тавантолгой цахилгаан станц төсөлд олгосон зээл, зээлийн хүүгийн үлдэгдлийг төлөх, эдгээр зардлыг “Эрдэнэс Тавантолгой” ХК болон төрийн өмчийн хувь эзэмшилд оруулж тооцохыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-д даалгасан гэж ойлгогдож байгаа юм.
Ер нь бол “Шилэн” ажиллагаагаар цаасан дээрх Тавантолгойн дулааны цахилгаан станц ТӨХХК-ийн ажил хийдэггүй ТУЗ-ын гишүүдийнх нь авдаг цалин ил болсныг, нийтдээ улсын төсвөөс ямар зардал гарсан бэ гээд тооцоод үзвэл өндөр тоо гарах байх. Тиймээс одоо “Шүүр” ажиллагааны хүрээнд хариуцлага тооцож, гарсан зардлуудыг нь сул цалин авсан тэдгээр гишүүдээр нь төлүүлэх зүйд нийцэх биш үү, Ерөнхий сайд аа.
Ч.ЗОТОЛ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
Наад цахилгаан станц барих ажил чинь тендер зарлаад урагшаа ахихгүй. Хятадын төрийн өмчит компаниудыг нэр заан тендерт оролцохыг хорьчихсон. Хувийн хэвшлийн компаниудыг ОТ хүлээн зөвшөөрөхгүй. 2 талаасаа нам гацсан. Шууд гэрээгээр үйлдвэрлэгч компани тай гэрээ хийх ганцхан гарц үлдсэн. Удахгүй наад гарц чинь хаагдаж ТТДЦС цаасан дээр үлдэх болно