Далайн ёроолын нууцыг бид тайлж чадах уу

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 23

Атлантын далайд ор сураггүй алга болоод буй шумбагч аппарат нь жуулчдыг далайн гүнд хүргэх зорилго бүхий аяллын шинэ хэлбэр. Хэдийгээр хүн төрөлхтөн далайн мандлыг хэдэн мянган жил судалж байгаа ч далайн ёроолын дөнгөж 20 хувийн зураглалыг гаргажээ. 

Судлаачид сансарт нисэх нь далайн ёроолд хүрэхээс ч илүү хялбар гэж ярьдаг. Өнөөг хүртэл 12 сансрын нисэгч саран дээр нийт 300 цаг өнгөрүүлсэн бол одоогоор шинжлэх ухаанд нээгээд буй дэлхийн хамгийн гүн “Challenger Deep” цэгт гурван л хүн нийт гурав орчим цаг л болж байжээ. 

Үнэндээ бид эх дэлхийнхээ газрын зургаас илүү сар, Ангараг гарагийн газрын зургийг илүү сайн зохиосон гэж НАСА агентлагт 30 гаруй жил ажилласан хүндэт далай судлаач Жин Фелдман онцолжээ. 

Хүн төрөлхтний далайн гүнийг судлах боломж ийм хязгаарлагдмал байгаа нь шалтгаантай. Далайн усны даралт энэ боломжийг хясдаг хамгийн том шалтгаан юм. Түүнчлэн далайн гүнд тас харанхуй тул харагдах орчин үгүй. Мөн усны температур асар бага байдаг байна. 

Далай судлалын түүх 

Далайг судлах зориулалт бүхий анхны шумбагч онгоцыг Холландын инженер Корнелис Дреббел 1620 онд бүтээж байжээ. Үүнээс хойш далайн гүний зураглалыг гаргах боломжийг нээсэн гидролокаторыг бүтээхэд 300 орчим жил шаардагдав. 

1960 онд “Trieste” шумбагч аппарат 10916 м гүнд байрлах “Challenger Deep” цэгт хүрэх түүхэн шумбалт хийснээр хүн төрөлхтний далайн судлалд хийсэн анхны том алхам болжээ. Үүнээс хойш тус гүн рүү цөөн удаа л хүрсэн ба ийм аялал туйлын аюултай гэж Фелдман тодруулжээ. 

Далайн мандлаас доош арван м тутам усны даралт нэг атмосферын нэгжээр нэмэгддэг байна. Нэг атмосферын нэгж гэдэг нь нэг кв. инч-д 6.6 кг жингээр дарахтай тэнцэнэ. Өөрөөр хэлбэл “Challenger Deep” цэгт хүрэхэд шумбагч хөлөг 50 “Боинг” хөлөгтэй тэнцэх жингийн даралтыг тэсвэрлэх шаардлагатай гэсэн үг. Ийм даралтад жижиг алдаа ч гамшигт хүргэх чадвартай. 

Далайн ёроолд юу байдаг вэ 

Хэдийгээр далайн мандлаас 1-6 мянган метрийн доошхыг далайн гүн гэдэг ч далайн гүнийн сувгууд 11 мянган м гүнзгий байх ч бий. Энэ давхаргыг Грекийн домогт гардаг газар доорх ертөнцийн бурхан Хадесын нэрээр хадал бүс гэж нэрлэдэг байна. Эл бүсэд усны температур тэг орчим байдаг ба нарны гэрэл нэвтэрдэггүй. 

Харин зургаан км гүнд амьдрал бий гэдгийг эрдэмтэд 14948 онд баталж чаджээ. “Challenger Deep” цэгт хийсэн нээлтүүд үнэхээр гайхамшигтай. Хүний төсөөлж ч байгаагүй далайн амьтад, тогтцыг нээжээ. Шинжлэх ухаанд танигдаагүй далайн гүнийн 18 м урт амьтны дүрс бичлэгийг 2012 онд Японы усан хилийн бүс орчим хийж байв. 1970-аад онд далайн геологич Роберт Баллард жинхэнэ харь гарагийн гэмээр экосистемийг Галапагосын арлууд орчим нээж байжээ. Энэ орчим нээсэн ер бусын амьтад маш хүнд орчинд дасан зохицож, дэлхийн өөр хаана ч байдаггүй. 

Тэд нарны гэрэлд найдахын оронд тэд гүнийн дулаанаас ялгарах химийн энергийг ашигладаг. Газрын гүнийн магмад шатах чулуулга далайн хүйтэн усыг Цельсийн 400 градус хүртэл халаадаг байна. Химийн урвалын дүнд хүхэр, төмөр агуулсан эрдэс бий болж, энэ орчмын ус далайн ер бусын амьдралын экосистемийг тэтгэх шимт бодисоор баялаг болно. 

Далайн зураглалыг гаргахад яагаад хүнд вэ

Цэвэр шинжлэх ухааны үүднээс, далайн гүн рүү хийх аялал жуулчлал далайн нууцыг тайлахад тийм ч ач холбогдолтой биш. Хүмүүс хамгийн, хамгийн дуртай. Бид хамгийн өндөр, хамгийн урт, хамгийн гүн рүү аялахыг хүсдэг. Гэвч хүний нүдэнд далайн гүнийн маш бага хувь л үзэгддэг. Тиймээс газрын зурагт маш бага тэмдэглэгээ байдаг гэж Фелдман ярьжээ. Шалтгаан нь өндөр өртөгтэй ихээхэн холбоотой. Гидролокатороор тоноглогдсон шумбагч хөлөг асар өндөр өртөгтэй. Зөвхөн түлшний зардал л гэхэд хоногт 40 мянган ам.долларт хүрнэ. Гэсэн хэдий ч эрдэмтэд “Далайн ёроол 2030” гэх нэртэй далайн ёроолын илүү нарийн зураглалыг гаргахаар ажиллаж байна. Гэвч далайн гүнийн талаарх ойлголт туйлын бага. Дэлхий хэмээн гарагийн далайд 2.2 сая төрөл зүйл амьтан амьдардаг гэж үздэгээс 240 мянга нь л шинжлэх ухаанд танигдсан. Яг хэдэн далайн амьтан байдаг гэсэн нарийн тоог гаргах боломжгүй гэж Фелдман өгүүлжээ. Далайн гүнд үргэлж шинэ төрлийн амьтан, амьдралын цоо шинэ хэлбэр нээгдэж байдаг. 

Технологийн салбарт гарч буй дэвшил далайн гүнийг судлах шаардлагыг үгүй болгож магадгүй. Далайн гүнд ажиллах чадвартай роботууд, өндөр нягтралтай дүрс бичлэг хийх технологи, далайн гүнд буй амьтдын ДНХ-г тодорхойлох машинууд амьдралын шинэ хэлбэрийг нээх хурд, цар хүрээг тэлэх боломж олгох нь дамжиггүй. 

Хүн төрөлхтөнд сарны гадаргууг далайн гүнээс илүү нарийн харуулсан газрын зураг бий. Гэхдээ орчин цагийн далай судлалын 150 жилийн түүхэнд далайн амьдралын олон талыг танин мэдэх, дэлхийн тогтолцоо дахь түүний үүрэг, химийн талаарх ойлголтыг нэмэгдүүлсэн. 

Далайн зураглалыг гаргаснаар далайн ёроолын хэлбэр хэрхэн далайн урсгалд нөлөөлдөг, хаана амьдрал өрнөдөг болохыг танин мэдэхэд тусалдаг. Мөн газар хөдлөлтийн аюулын талаар бидэнд ойлголт өгдөг. Тиймээс далай судлал нь хүний сайн сайхны төлөө асар их ач холбогдолтой шинжлэх ухаан юм. 

Хүний эрүүл мэнд ба шинжлэх ухааны судалгаа 

Далай нь био идэвхт нэгдлийн алтан уурхай юм. Түүний судалгаа био анагаах ухаанд томоохон дэвшил гаргах боломж олгожээ. Далайн гаралтай цитарабин гэх анхны эм, бэлдмэлийг 1969 оноос хойш цусны хорт хавдрын эмчилгээнд хэрэглэж байна. 

Далайн амьтдын уураг хорт хавдрын эсийн тархалт, мэдрэлийн эсийн хөгжил зэрэг урьд өмнө танигдаагүй үйл явцыг ажиглах боломжийг нээж байна. Эдгээр нь зөвхөн наад захын жишээ. Далай болон далайд өрнөж буй амьдрал нь антибиотикт тэсвэртэй байдал зэрэг анагаах ухааны хамгийн том асуудлуудад хариулт өгч чадна хэмээн судлаачид итгэдэг. Мөн далай нь дөрвөн тэрбум жилийн турш амьдрал хэрхэн үүсэж, хөгжсөн, бүхэл бүтэх организмууд хэрхэн хувьсан өөрчлөгдсөн, хөгжлийн ген болон дархлааны тогтолцооны тухай бидэнд их зүйлийг хэлж өгч чадна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(59.153.112.142) 2024 оны 02 сарын 22

бид гэчжээ , юу ч хийж чаддагүй үхэр монголчууд яг тайлж харагдаач

4  |  0
Top