Далай 1.3 тэрбум хүнийг “буцалгах” хэмжээнд халжээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 08

Өнөөдөр Дэлхийн далайн өдөр тохиож байна. Энэ өдрийг тэмдэглэх санаачилгыг 1992 онд Бразилд болсон “Дэлхий хэмээх гараг” дээд хэмжээний уулзалтын үеэр гаргажээ.

Далай манай гарагийн 70 хувийг эзэлдэг. Тэнгис, далай бол амьдралын эх үүсвэр. Далай манай гарагийн хүчилтөрөгчийн 50 орчим хувийг үйлдвэрлэж, дэлхийн биологийн төрөл зүйлийн ихэнх нь далайд амьдардаг. Дэлхийн нэг тэрбум гаруй хүний уургийн гол эх үүсвэр. Тэнгис, далайн биологийн төрөл зүйлээс гурван тэрбум гаруй хүний аж, амьдрал шалтгаалдаг. Далайн мөн дэлхийн эдийн засагт голлох үүрэг гүйцэтгэдэг. Дэлхийн хэмжээнд тэнгис, далайн нөөц баялаг, үүнтэй холбоотой аж үйлдвэрийн салбаруудын зах зээлийн үнэлгээ нь жилд гурван их наяд ам.долларт хүрч, дэлхийн ДНБ-ий таван хувийг бүрдүүлдэг байна. 2030 он гэхэд 40 сая хүн далайтай холбоотой салбарт хөдөлмөр эрхэлнэ гэсэн судалгаа бий.

Далай нь тогтвортой хөгжлийн үйл явцын салшгүй хэсэг ба эрдэм шинжилгээ, судалгааны гол судлагдахуун. Тэнгис, далайн нууцад нэвтэрснээр эрдэмтэд шинэ нээлтүүдийг хийсээр байна. Өдгөө 200 мянга орчим далайн амьтдын төрөл зүйлийг нээгээд байгаа ба бодит тоо нь хэдэн саяд хүрнэ гэж үздэг. Тэнгис, далайн амьд нөөцийг хэт их хэмжээгээр ашиглах, уур амьсгалын өөрчлөлт, далайг хорт бодис болон хог хаягдлаар бохирдуулах нь далайн орчинд ноцтой аюул заналхийлж байна. Тухайлбал, тэнгис, далайн том загасны тоо толгойн 90 хувь барагдаад байгаа бол шүрэн арлуудын 50 хувь устгагдаад байна. Аж үйлдвэрийн хувьсгалаас өмнөх үетэй харьцуулахад далайн усны хүчиллэгийн дундаж түвшин 26 хувиар нэмэгджээ.

2021 онд гэхэд далайд 17 сая тонн хуванцар хаягдсан нь нийт далайн хог хаягдлын 80 хувийг эзэлж байна. 2040 он гэхэд энэ хэмжээ 2-3 дахин нэмэгдэх судалгаа гарчээ. Хэрэв хүн төрөлхтөн хуванцрын хэрэглээний хэмжээгээ энэ хэвээр хадгалбал 2050 он гэхэд далайд загаснаас илүү хуванцар их болох аж. Далай хүмүүсийн ялгаруулж буй нүүрсхүчлийн хийн 30 орчим хувийг өөртөө шингээдэг. 2020 оны байдлаар, далайн усны дээд давхаргуудад хадгалагдаж буй дулааны нийт хэмжээ түүхэн дээд цэгт хүрчээ. Өөрөөр хэлбэл 2020 онд далай нийт 1.3 тэрбум хүнийг “буцалгах”-ад хангалттай хэмжээний дулааныг шингээжээ. Далайн ус халж байгаа нь байгалийн гамшигт үзэгдлийн давтамж болон усны түвшин нэмэгдэхэд хүргэж, далайн амьтдад сөргөөр нөлөөлж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
чимэддорж(124.158.66.32) 2023 оны 06 сарын 25

Дахиад 5 тэрбум жил болж байж асуудал үүснэНарны устөрөггчийн дөнгөж 29 хувь нь Гелий болсон

0  |  0
зочин(192.82.81.46) 2023 оны 06 сарын 10

Эрдэмтдийн сануулга худлаа биш болж таарлаа шүү. Их л юм үзэх байх даа

0  |  0
Top