S&P: Монголын гадаад өрийн эрсдэл ДОНОР харилцагчдын дэмжлэгээр буурч байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 07 сарын 31

S&P агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B”, төлөвийг “Тогтвортой” хэвээр үлдээснээ зарласныг өмнө нь мэдээлсэн билээ. Зээлжих зэрэглэлээ бууруулалгүй, тогтвортой хадгалах нь гадаад өрөө өрөөр  дахин санхүүжүүлж, шийдвэрлэх замыг түлхүү сонгодог манай улсын тухайд тун чухал. 

Улсын зээлжих зэрэглэл гэдэг нь гадаад, дотоодын хөрөнгө  оруулагчдаас тухайн улсад олгосон зээллэгийн хүүгийн болон үндсэн  төлбөрийг эргэн төлөх чадвар, зээлдэгчийн ерөнхий эрсдэлийг  илтгэдэг үзүүлэлт юм. 

Зээлжих зэрэглэл тогтоогч агентлагууд нь  улс төр, нийгэм, эдийн засаг, санхүү, төсвийн болон шаардлагатай  бусад асуудлаар албан болон албан бус, олон нийтэд ил тод болгосон  мэдээллүүдэд үндэслэн өөрсдийн үнэлгээний аргачлалын дагуу улсын  зээлжих зэрэглэлийг тогтоодог. Олон улсад S&P,  Fitch, Moody's  гэсэн зэрэглэл тогтоогч 3 агентлаг нийт зах  зээлийн 95 орчим хувийг хамран үйл ажиллагаагаа явуулдаг. 

Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 1999 оноос эхлэн Сангийн  яам болон Монголбанкны зүгээс дээрх гурван  бие  даасан зээлжих зэрэглэл тогтоогч агентлагуудтай гэрээ байгуулсны үндсэн дээр тогтоолгож эхэлсэн байдаг. 

S&P агентлаг 2007-2013 онуудад Монгол Улсын  зээлжих зэрэглэлийг түүхэндээ хамгийн өндөр буюу “ВВ-” түвшинд  үнэлж байсан бол 2016-2017 онд Moody's  агентлаг түүхэндээ  хамгийн муу буюу “Caa1” түвшинд Монгол Улсыг үнэлж байжээ. 

Тэгвэл энэ удаад S&P агентлаг манай зээлжих зэрэглэлийн үнэлгээг  B, төлөвийг "тогтвортой" гэж үнэлэх болсон нь дараах үндэслэлүүдтэй. 
.
Ерөнхийдөө БНХАУ хилээ нээсэн нь тус улсаас түүхий эдийн экспортын хамааралтай Монголын  засагт гол нөлөөллийг үзүүлж буйг тодотгож байна. Түүнчлэн Монгол Улсын эдийн засаг 2023 онд 5.5%-иар өснө,  эдийн засгийн хэтийн төлөв сайн байна гэж үзжээ.  Тухайлбал, уул уурхайн салбар дах гадаадын шууд хөрөнгө оруулалтын нөлөөгөөр бодит ДНБ 2026 он хүртэл жилд дунджаар 6 орчим хувиар өснө.

2022 онд дунджаар 15.2% байсан инфляц аажмаар буурч байгаа хэдий ч өндөр байна. Түүнчлэн, зээлийн хүү өндөр байгаа нь хэрэглээг хязгаарлах хүчин зүйл болсныг дурджээ. 

Засгийн газраас нүүрсний экспортын хүчин чадлыг нэмэгдүүлэх, тээврийн зардлыг бууруулах зорилгоор дэд бүтцийн бүтээн байгуулалтуудыг хийж, ашиглалтад оруулсныг онцолжээ. 

Институтийн болон засаглалын сул байдал нь зээлжих зэрэглэлийг ахиулахад хязгаарлалт болж байгаа хэдий ч Монгол Улсын бодлого боловсруулалт, тогтвортой байдал цаашид аажмаар сайжирна гэж хүлээлттэй байна гэжээ. 

2023 онд төсвийн алдагдал ДНБ-ий 2.6%-тай тэнцэнэ гэж таамаглаж байна. 2024 оны сонгуулиас өмнө эдийн засгийг дэмжих зорилгоор Засгийн газар зардлаа нэмэгдүүлэхээр байгааг дурджээ. 

Төсвийн орлого төсөөлж байснаас өндөр гарсан нь 2021 онд ДНБ-ий 2.6%-тай тэнцэх алдагдалтай байсан төсөв 2022 онд ДНБ-ий 1.3%-ийн ашигтай гарахад хүргэсэн. 

Төсвийн алдагдлыг бууруулахын зэрэгцээ ДНБ-ий нэрлэсэн өндөр өсөлтийн нөлөөгөөр гадаад өрийн дарамтаа үлэмж хэмжээгээр бууруулсан. 2022 онд Засгийн газрын цэвэр өрийн ДНБ-д эзлэх хувь 2020 оны түвшнээс 14 орчим нэгж хувиар буурч, 63.6%-д хүрсэн байна. Тус үзүүлэлт 2023 онд 57.8%, ирэх жил гэхэд 55%-иас бага болно гэж таамаглаж байна. Ингэснээр Засгийн газар 2024 оны эцэс гэхэд алдагдлаа ДНБ-ий 2.5 орчим хувь хүртэл бууруулна хэмээн дурдсан байна.

Экспортын өсөлтөөс хол давсан импортын өсөлт худалдааны ашиг буурч, урсгал дансны алдагдал 2022 онд ДНБ-ий 13.5%-д хүрэхэд нөлөөлөв. Гэсэн хэдий ч гадаад өрийн түвшин буурахын зэрэгцээ гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр урсгал дансны алдагдал 2025 он гэхэд ДНБ-ий 7.7%-д хүрнэ гэж таамаглаж байна. Монгол Улсын гадаад өр төлбөртэй холбоотой эрсдэлүүд нь олон улсын донор харилцагчдын зээлийн дэмжлэгээр буурч байна.

Оюутолгойн гүний уурхайн олборлолтын хэмжээ нэмэгдэж, БНХАУ-ын эдийн засгийн өсөлт хурдсаж байгаа энэ үед ирэх жилүүдийн экспортын өсөлт нь Монгол Улсын гадаад нөхцөл байдал сайжрахад нөлөөлнө гэжээ. 

Засгийн газар энэ оны эхээр таван жилийн хугацаатай 650 сая ам.долларын бонд гаргаснаар энэ он болон ирэх онд төлөгдөх гадаад өрийн зарим хэсгийг дахин санхүүжүүлэх боломжтой болсон. Гадаад валютын нийт нөөц 2022 оны наймдугаар сард огцом буурч, 2.7 тэрбум ам.доллар болоод байсан бол экспортын сэргэлтээс үүдэн 2023 оны зургадугаар сарын эцэст 3.8 тэрбум ам.долларт хүрч сэргэснийг тодотгожээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top