Холливудын кино зохиолчид ажил хаялтаа зогсооход бэлэн

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 26

 

Холливудын кино зохиолчид кино студиүдийн удирдлагуудтай урьдчилсан тохиролцоонд хүрч, таван сар үргэлжилсэн ажил хаялтаа зогсооход бэлэн гэдгээ илэрхийлжээ.

Нийт 11 мянга гаруй кино зохиолчийн нэрийн өмнөөс Кино зохиолчдын холбоо кино студийн холбоо, стриминг үйлчилгээний платформ, продюсерын компаниудтай таван хоног тасралтгүй хэлэлцээ хийсний үр дүнд ийн тохиролцоонд хүрээд байна. Хэлэлцээнд “Warner Bros Discovery” компанийн ерөнхий захирал Дэвид Заслав, “Netflix” компанийн ерөнхий захирал Тед Сарандос, “NBCUniversal Studio Group” студийн дарга Донна Лэнгли болон “The Walt Disney Company” компанийн захирлуудын зөвлөлийн дарга Роберт Айгер нар оролцжээ.

Хэлэлцээрийн нөхцөлийг одоогоор нууцалж байгаа ч Кино зохиолчдын холбооны удирдлага сэтгэл хангалуун байна. Үйлдвэрчний эвлэл кино зохиолчдод ашигтай болзлыг дэмжүүлж, эрх ашгийг нь хамгаалж чадсан гэж мэдэгджээ. Ийнхүү талууд ажил хаялтын 146 дахь өдөр зөвшилцөлд хүрч чадлаа. Хэрэв ажил хаялт дахин тав хоног үргэлжилсэн бол түүхэн дэх хамгийн удаан хугацаанд үргэлжилсэн эсэргүүцлийн акц болж, 1988 оны дээд амжилтыг эвдэх байв.

“The Guardian” хэвлэлд онцолсноор, хэлэлцээрийг баталбал ойрын үед дэлгэцнээ үдшийн шоунууд дахин гарч эхлэх юм.

Гэсэн хэдий ч нэг шийдэгдээгүй асуудал үлдсэн нь долоодугаар сараас хойш ажил хаялт зарлаад байгаа жүжигчдийн асуудал. Тэд кино зохиолчдын нэгэн адил ажлын хөлсөө нэмэх, стриминг платформуудаас авах төлбөрөө нэмэх, жүжигчдийг хиймэл оюун ухаан ашиглахаас хамгаалахыг шаардаж байгаа юм. Кино зохиолчид, жүжигчид зэрэг ажил хаялт зарласан нь киноны бизнест асар их хэмжээний хохирол учруулжээ. Үүнээс болж олон мянган зураглаач, продюсер, зураг авалтын багийн бусад гишүүд өнгөрсөн хугацаанд ажилгүй суужээ. CNN агентлагийн онцолсноор, 160 мянга орчим жүжигчдийг эгнээндээ нэгтгэсэн Жүжигчдийн холбоо, Кино болон телевизийн продюсерүүдийн нэгдэлтэй хэлцэлд хүрч чадахгүй бол Холливуд бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top