Коронавирусний цар тахлын хоёр дахь давлагааны ид үед Испани даяар эмч нар мягмар гарагт /2020.10.27/ ажил хаялт зарлажээ. Испанийн эрх баригчид эмч нарын шаардлагыг биелүүлэх хүртэл тэд сар бүрийн сүүлийн мягмар гарагт ажил хаях гэнэ.
Энэ нь сүүлийн 25 жилд Испани улсын хэмжээнд эмч нар ажил хаяж байгаа анхны тохиолдол юм. Арга хэмжээг Эрүүл мэндийн үйлдвэрчний эвлэлүүдийн улсын холбооноос зохион байгуулж байна. Тус холбооны мэдэгдсэнээр, санхүүжилтийн хомстол, төлөвлөлт, удирдлагын ноцтой алдаанаас үүдэн үндэсний эрүүл мэндийн тогтолцоо, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, эмч нарын ажлын нөхцөлд сөргөөр нөлөөлж байгаа аж. Үүнээс гадна Испанийн эмч нар нэг сарын өмнө эрх баригчдын баталсан шийдвэрийг эсэргүүцэж байна. Цар тахлын хоёр дахь давлагааны хариу үйлдэл болгон Испанийн эрх баригчид сувилагчдыг эмчийн орон тоон дээр хөлслөх, Европын холбоонд багтдаггүй улс орны эмчийн дипломыг шуурхай хүлээн зөвшөөрөх зэрэг шийдвэр гаргажээ. Энэ нь эрүүл мэндийн үйлчилгээний чанарыг огцом доройтоход хүргэнэ гэж үйлдвэрчний эвлэл үзэж байна.
Испани улсад нийт 1 156 498 хүн халдвар авснаас 35 031 хүн нас баржээ.
Сэтгэгдэл ( 0 )