Английн нэрт жүжигчин Патрик Стюарт насан эцэслэлээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Английн тайз, дэлгэцийн нэрт жүжигчин Патрик Стюарт 86 насандаа таалал төгслөө. Тэрээр алцгеймерийн өвчнөөр оношлогдоод удалгүй гэртээ амьсгал хураасныг гэр бүлийнхэн нь мэдээлжээ.

Английн Мирфельд тосгонд 1940 онд төрсөн тэрээр ухамсарт амьдралынхаа 70 орчим жилийг тайз, дэлгэцийн урлагт зориулсан юм. Анх 1966 онд Шекспирийн студид элсэж 70-аад оноос гол болон туслах дүрүүдэд тоглож эхэлсэн байна. Улмаар 1967 онд телевизийн жүжигчний гараагаа эхэлж, “Coronation Street” олон ангит киноны гал сөнөөгчийн дүрд тоглож байлаа. Тэрээр “Х хүмүүс” цувралын профессор Завьерын дүр, “Стар Трек” цувралын ахмадын дүрээр өнөө цагийнханд алдаршсан.

Патрик Стюарт хамгийн сүүлд өгсөн ярилцлагадаа “Би замналаа өндөрлөхгүй. Үргэлж жүжигчин хэвээр байсан” гэж байлаа. Түүний тоглосон хамгийн сүүлийн кино “Avengers: Doomsday” кино ирэх 12 дугаар сарын 18-ны өдөр дэлхий даяар нээлтээ хийх юм.

Тэрээр Английн театрын хамгийн нэр хүндтэй “Оливер” шагналыг хоёр удаа, хүүхдийн уран зохиолын “Петр ба чоно” үлгэрийг өгүүлснийхээ төлөө Гремми наадмын шагнал хүртээд зогсохгүй, 2010 онд ИБУИНВУ-ын хатан хаан II Элизабетийн зарлигаар хөлөг баатрын хэргэм хүртэж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top