Ханхүүгээс гологдол болж, эргэн ирсэн Уилл Смит

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 29

Оскарын шагналт жүжигчин 55 нас хүрлээ. Уилл Смит уран бүтээлчийн замналаа 1980-аад оны дунд үеэс эхэлжээ. Тэрбээр богино хугацаанд рэпэрээр алдаршиж, “Grammy” шагнал хүртэж, удалгүй чиглэлээ өөрчилж, хэдхэн жилийн дотор Холливудын шилдэг жүжигчдийн нэг болсон билээ.

Смит нь киноны хамгийн нэр хүндтэй шагналуудыг авч, кинонууд нь орлогоороо тэргүүлсэн. Харин сүүлийн жил хагасын хугацаанд алдарт жүжигчин “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын үеэр тарьсан дуулианы улмаас сүүдэрт амьдарч байна. Гэсэн ч ногоон гэрэл ассан. Өнөөдөр түүний оролцсон хэд хэдэн төсөл ид явж байна.

Уилл Смит 1968 онд Филаделфид төржээ. Түүний эцэг жижигхэн ч багагүй ашигтай компанитай байсан бол эх нь багшаар ажилладаг байжээ. Уран бүтээлч болох замыг нь түүний хайртай эмээ заасан гэж тэр ярьсан байдаг. Өсвөр насандаа хип хоп трек зохиох дуртай байсан түүний тэмдэглэлийн дэвтэр нэг өдөр эмээгийн гарт орсон байна. Хараалын үг ихтэй түүний “бүтээлийг” харсан эмээ нь “Хайрт Уиаллард. Жинхэнэ ухаантай хүмүүст үзэл бодлоо илэрхийлэхийн тулд ийм үг хэллэг хэрэглэх шаардлагагүй байдаг. Бурхан чамд үгээр тоглох авьяас заяажээ. Хүмүүст урам зориг өгөхийн тулд хэрэгтэй үг хэрэглэ. Хайртай эмээ нь” гэсэн зурвас үлдээсэн байна. Түүнээс хойш Уилл Смит эмээгийнхээ захиасыг дагаж, уран бүтээлээ туурвидаг болсон байна. Сургуулиа онц дүнтэй төгсөж, Массачусетсийн технологийн дээд сургуульд орсон ч эцсийн мөчид инженерийн мэргэжлээ шоу бизнесээр солихоор шийджээ.

Найз дижей Жеффри Таунстай хамт “DJ Jazzy Jeff & the Fresh Prince” хамтлаг байгуулсан. Уиллийн уран бүтээлийн “Fresh Prince” нэрийг түүний багш өгсөн. Багш нь Уиллийг ханхүү /prince/ гэж дууддаг байсан ба бусад нь дагаад ингэж дууддаг болсон байна. “Хангалуун амьдралд өссөн нь намайг шүүмжлэлийн бай болгосон. Би ямар нэгэн бүлгийн гишүүн болж, хар тамхи зараагүй. Миний түүх хип хопыг үндэслэсэн хар арьст залуусын түүхээс ялгаатай” гэж Уилл өөрийн номдоо бичсэн байдаг.

Хамтлагийнхаа трекүүдийг бүгдийг нь Уилл өөрөө бичжээ. Эмээгийнхээ захиас ёсоор зүй зохистой үг хэллэг хэрэглэдэг байсан учир өсвөр насныхан эцэг эхийн зөвшөөрөлгүй тэдний цомгийг худалдан авах боломжтой байсан тул илүү амжилтад хүрсэн байна. Тэд богино хугацаанд амжилтад хүрч, хэд хэдэн цомог гаргажээ. 1989 онд Уилл шилдэг рэперийн номинацид “Grammy” шагнал хүртсэн дэлхийн анхны уран бүтээлч болжээ.

Хорин насандаа тэрбээр саятан болсон. Татвар төлөөгүй тул их хэмжээний өрөнд орж байсан. 1990 онд түүнд “Беверли Хиллзийн ханхүү” инээдмийн кинонд тоглох санал тавив. Тэр өөрөө өөрийнхөө л дүрд тоглосон байна. Энэ төсөл АНУ-ын телевизийн түүхэнд хамгийн амжилттай төслийн нэг болж Уиллд асар их алдар нэр, их хэмжээний мөнгө, хоёр ч “Алтан бөмбөрцөг” шагналыг авчрав. Энэ киноны зураг авалтын үеэр Уилл ирээдүйн эхнэр Жада Пинкетт-тэй танилцаж байжээ. Тухайн үед Уилл Шири Зампинотой гэрлэсэн байсан тул дотно харилцаа үүсгээгүй байна.

Тэр бол домог  

1990-ээд оны дунд үед Уилл өсвөр настнуудын шүтээн гэсэн дүрээсээ гарч, Майкл Бэйн “Муу залуус” боевик кинонд тогложээ. Энэ кино Уиллийн карьерын хувьд хувьсгал байлаа. Тэрбээр дараа нь “Тусгаар тогтнолын өдөр” киноны гол дүрийг бүтээх урилга авав. Харь гарагийнхны эсрэг дайтдаг кино нийт 817 сая ам.долларын орлого олж, түүхэнд ашиг орлогоороо тэргүүлсэн киноны жагсалтад орсон.

“Хар хувцастай хүмүүс” бүтээл нь түүнд мөн л том амжилт авчрав. Тус кино түүний нэрийн хуудас хэвээр. Кино зохиолыг нь уншаад эхэндээ Уилл тоглохыг хүсээгүй ч эхнэр Жада нь ятгасан байна. Саундтрекийг нь Уилл өөрөө бичсэн ба MTV 1998 оны шилдэг трекээр шалгаруулж байв.

1999 онд тэрбээр “Зэрлэг Өрнөд” кинонд тоглосон ч уэстерн кино амжилтгүй болж, муу бүтээлд олгодог “Алтан бөөрөлзгөнө” шагналыг авчирчээ. 2001 онд Уилл домогт боксчин Мухаммед Алигийн дүрийг бүтээснээр алдраа эргүүлэн авсан байна. Эл дүрийн төлөө түүнийг “Алтан бөмбөрцөг”, анх удаа “Оскар”-ын шагналд сорив. Ингэхдээ домогт боксчин өөрөө түүнийг дүрийг бүтээхийг ятгасан байна. Хэдэн жилийн дараа Барак Обама нэгэн ярилцлагадаа хэрэв түүний тухай кино хийх бол Уилл Смитийг гол дүрд нь тоглуулахыг хүсэж байгаа тухай ярьсан байдаг.

2000-аад онд Смит нэгдүгээр зэрэглэлийн од болсон байв. 2007 онд “Би домог” киноны гол дүрээр “Сатурн” шагналыг хүртлээ.

Үүнтэй зэрэгцэн “Forbes” сэтгүүлд Уилл Смитийг хамгийн өндөр цалинтай жүжигчнээр тодруулсан байна. Тэрбээр жилд 80 сая ам.долларын цалин авчээ. Уилл мөн найман кино нь дараалан 100 сая ам.доллароос дээш орлого олсон Холливудын түүхэн дэх анхны жүжигжин болжээ.

Смит буяны үйлсэд идэвхтэй оролцдог. Эхнэрийн хамтаар ядуу гэр бүлийн хүүхдүүдэд туслах сан байгуулж, боловсролын төслүүдэд нэг бус удаа хандив өргөж байжээ. Нэрт жүжигчин стартап компаниудад хөрөнгө оруулдаг.

2010-аад онд Уилл Смит “Хар хувцастай хүмүүс”-ийн гуравдугаар ангид тоглодог. Гай Риччигийн “Алладин” мюзиклд бэрдийн дүрийг бүтээлээ. Тус бүтээл нэг тэрбум ам.долларын орлого олсон нь Смитийн карьерт хамгийн өндөр орлоготой кино болов.

Дуулиан ба гэмшил

2021 онд Уилл “Уилл. Холливудын хамгийн өндөр цалинтай жүжигчин болсон энгийн залуу бидэнд юу сургах вэ” номоо гаргав. 2022 оны гуравдугаар сард “Ричард хаан” драмын гол дүрээр хүсэн хүлээсэн “Оскар” шагнал хүртлээ. Энэ дүр нь түүнд “Алтан бөмбөрцөг”, Британийн кино академи болон АНУ-ын жүжигчдийн холбооны шагналуудыг авчирсан. Гэвч Уилл амжилтынхаа үр шимийг бүрэн дүүрэн хүртэж чадаагүй. “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын үеэр шуугиан тарив. Хөтлөгч Крис Рок Уиллийн эхнэрийн талаар мэдрэмжгүй тоглоом хийсэнд Смит уурлаж, тайзан дээр гарч Рокт алганы амт үзүүлж, хашхична. Түүний ийн авирлаж буй дүрс бичлэгийг интернэтэд олон сая хүн үзэв. Хэрэг явдал нийгмийн хоёр хуваахад хүргэсэн билээ. Нэг хэсэг нь хатуу тоглоом хийсэн хөтлөгчийг буруутгасан бол нөгөө хэсэг нь жүжигчнийг буруутгав. Маргааш өдөр нь Уилл Крис Рок болон Америкийн кино урлагийн академиас уучлал гуйж, хэд хоногийн дараа тус академийн гишүүнчлэлээс татгалзаж байв. Гэвч эдгээр алхам Уиллийг хориг арга хэмжээнээс аварсангүй. Түүний оролцсон төслүүдийг царцааж, “Netflix” төслөө цуцалсан юм. Тэр бүү хэл Уиллд 10 жилийн турш кино академийн ямар ч арга хэмжээнд оролцохыг хориглосон.

Сэтгэл санаагаар унасан Уилл Смит 2022 оны долоодугаар сард зурган минутын видео нийтлэв. Тэрбээр гаргасан үйлдэлдээ дахин уучлал эрсэн. “Крис, зохисгүй үйлдэл гаргасандаа чамаас уучлалт гуйж байна. Надтай ярилцахыг хүсвэл би бэлэн байна. Би мөн Крисийн ээжээс уучлал гуйж байна. Энэ үйлдлээрээ би ямар олон хүнийг гомдоосон гэдгээ ойлгоогүй явжээ. Би Крисийн ээж, Крисийн гэр бүл, ялангуяа Крисийн дүү Тони Рокоос уучлал гуйж байна” хэмээн гэмшсэн. Гэвч хөтлөгч өнөөг хүртэл эвлэрэх алхам хийгээгүй л байгаа.

Энэ дуулиант явдлаас хойш Уилл бараг нэг жил ямар ч зураг авалтад оролцоогүй. Холливудын бойкотын эсрэг хэн ч явахыг зүрхэлсэнгүй. Энэ хугацаанд түүний оролцоотой “Чөлөөлөлт” киноны онлайн нээлт болжээ. 2023 оны нэгдүгээр сард “The Sun” хэвлэл Уилл Смитэд “Алладин 2” кинонд бэрдийн дүрээр эргэн ирэх санал болгосон тухай мэдээлснээр “мөс цөмрөв”.  Хавар нь Уилл Смит “Муу залуус” киноны шинэ ангид тоглож байгаа мэдээ гарсан бол “Netflix” түүний оролцсон “Fast and Loose” төслөө “гэсгээсэн” бол “Variety” хэвлэлд “Би домог 2” киноны зураг авалт эхэлсэн тухай бичжээ.

Сүүлийн жилүүдэд “Cancel culture” буюу бойкотлох үзэгдэл бэхжиж, олон жүжигчин, зохиолч, найруулагчийн хувь заяаг өөрчилсөн. Гэхдээ Уилл Смит 40 жилийн карьерынхаа туршид олж авсан нэр алдар, авьяасынхаа хүчээр ялж чадлаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top