Газын зурваст хүмүүнлэгийн тусламж хүрлээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 23

 

Бямба гарагт Газын зурвасын Египеттэй залгаа Рафах хилийн боомтыг нээж, хүмүүнлэгийн тусламж оруулжээ.

Израил Газын зурваст зөвхөн эм болон хүнсний тусламж бүхий 20 ачааны тэрэг оруулахыг зөвшөөрчээ. Түлш оруулахыг зөвшөөрөөгүй байна. Тусламж оруулсны дараа хилийн шалган нэвтрүүлэх боомтыг дахин хаасан байна.

НҮБ-ын мэдэгдэж буйгаар, Газын зурвасын хоёр сай гаруй иргэдэд тав дахин их хэмжээний тусламж нэн шаардлагатай байна. Эмнэлгүүдийг цахилгаанаар хангах, цэвэр усны хангамжийг шийдэхийн тулд түлш оруулах шаардлагатай. Израил Газын зурвасын цахилгааныг тасалж, усан хангамжийг хэсэгчлэн боож, хүнсний бүтээгдэхүүн, эм, эмнэлгийн хэрэгслийн нийлүүлэлтийг зогсоогоод байгаа юм.

Рафах хилийн боомт дээр нэн шаардлагатай эм, хүнс, ус тээвэрлэсэн нийт 175 ачааны автомашин нэвтрэх зөвшөөрөл хүлээж байна. Израил нь хүмүүнлэгийн тусламж Хамас бүлэглэлийн гарт очихгүй гэсэн баталгаа олгосон үед хүмүүнлэгийн цувааг Газын зурваст нэвтрүүлэх зөвшөөрөл олгоно гэж мэдэгдэж байгаа билээ.

Үүнтэй зэрэгцэн Каир хотноо Израил, Хамасын мөргөлдөөнийг зохицуулах асуудлаар бага хурал болжээ. Дээд хэмжээний уулзалтын үед өрнөдийн орнууд арабын орнуудтай тохиролцоонд хүрч чадаагүй тул мэдэгдэл гаргалгүй өндөрлөсөн байна. AFP агентлагийн эх сурвалжийн мэдээллээр, өрнөдийн төлөөлөгчид Хамас бүлэглэлийг буруутгасан мэдэгдэл гаргахыг шаардсан бол арабын орнууд шаардлагыг хүлээн аваагүй байна. Үүний оронд Египет арабын орнуудын дэмжлэгтэй мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд мөргөлдөөнийг зогсоохын оронд өөрийн ашиг сонирхолд нийцүүлэхийг зорьж буй дэлхийн удирдагчдыг буруутгасан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top