Тэйлор Свифтийн тоглолтын үеэр шүтэн бишрэгч нь НАС БАРЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 11 сарын 27

 

Энэ сарын 17-нд Рио Де Жанейро хотод зохион байгуулагдсан Тэйлор Свифтийн аялан тоглолтын үеэр Ана Клара Беневидес хэмээх залуу бүсгүй амиа алджээ. Талийгаач охины гэр бүлийнхэн дуучин бүсгүйн Сан Пауло дахь сүүлийн тоглолтыг үзэхээр хүрэлцэн ирсэн нь папарацийн дуранд өртсөн байна. Тэд Allianz Parque цэнгэлдэх хүрээлэнгийн VIP хэсгээс уг тоглолтыг үзэж сонирхсон бөгөөд талийгаачийн зурагтай футболк өмссөн харагдах аж. 

Беневидесийн гэр бүлийг дуучны арын албаныхан урьсан эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Талийгаачийн хувьд Рио Де Жанейро хотод зохион байгуулагдсан тоглолтын үеэр зүрх нь гэнэт хаагдан нас барсан бөгөөд түүнийг сэхээн амьдруулахын тулд 40 минут орчим хиймэл амьсгал хийжээ. Түүнийг яаралтай эмнэлэгт хүргэсэн ч харамсалтай нь түүний зүрх дахин цохилоогүй ажээ. 

Талийгаачийн аав Вейни Мачадо "Би аз жаргалтай, ухаалаг ганц охиноо алдсан. Тэр минь ирэх дөрөвдүгээр сард сэтгэл судлалын мэргэжлээр төгсөх гэж байсан учраас мөнгөө их хэмнэж амьдарсан. Надад уй гашуугаа илэрхийлэх үг алга. Тэр мөрөөдлөө биелүүлэхээр гэрээсээ гарсан ч үхчихсэн эргээд ирсэн..." гэжээ. 

Тус тоглолт зохион байгуулагдсан өдөр Бразилд цаг агаар хэт халуун байсан ч цэнгэлдэх хүрээлэнд ус оруулахыг хориглосон тухай талийгаачийн аав ярьжээ. Дуучин Тэйлор Свифт энэхүү явдлын дараа инстаграм хуудсаараа дамжуулан эмгэнэл илэрхийлсэн бөгөөд 19-ний өдөр зохион байгуулагдсан тоглолтынхоо үеэр "Bigger Than the Whole Sky" дуугаа дуулж хүндэтгэл үзүүлжээ. 

 


 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top