"MTV Video Music Awards Japan”-ийн үеэр хутгатай этгээд халдлага үйлджээ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 11 сарын 27

 

Арваннэгдүгээр сарын 24-ний өдөр NHK зэрэг Японы томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд "MTV Video Music Awards Japan 2023"-ын үеэр хутгатай этгээд халдлага үйлдсэн тухай мэдээлжээ. 

Тус арга хэмжээ 11-р сарын 23-ны өдрийн 14 цагийн үед Японы Йокохама хотын K-Arena Yokohama-д эхэлжээ. Уг шагнал гардуулах ёслолд Өмнөд Солонгосын дуучин, жүжигчин Ча Ын Ү, NCT NEW TEAM төдийгүй дэлхийн олон алдартнууд хүрэлцэн иржээ. 

Гэмт этгээд оройн 17:45 цагийн орчимд халдлага үйлдсэн бөгөөд 40 гаруй насны эмэгтэйг хутгалж, хохирогч хүнд гэмтэл авч яаралтай эмнэлэгт хүргэгджээ. Гэсэн ч мөрдөн байцаалтын явцад тус эмэгтэй өөрийгөө хутгалсан болох нь тогтоогдсон байна. Тэрээр өөрийгөө гэдсэн тус газраа хутгалсан болохоо хүлээн зөвшөөрчээ. 

 

 

Удалгүй тус улсын цагдаа нар  "The Japan Times"-аар дамжуулан "Тус эмэгтэй хэвлийн хөндийгөөсөө цус алдсан байдалтай олдсон. Энэхүү хэргийг гэрчлэх хүн одоогоор байхгүй байна. 48 настай эмэгтэй хэвлий рүүгээ урьдаас бэлдсэн хутгаар хутгалсан болох нь тогтоогдсон" хэмээн мэдээлжээ.  

Энэхүү хэргийн үеэр ямар нэгэн алдартан бэртэж гэмтээгүй тухай мөн мэдээлсэн бөгөөд хэргийн нарийн ширийн зүйлсийн талаар мэдээлэхээс татгалзжээ. 

Саяхан Өмнөд Солонгост театрын арын хэсэгт хутгатай эмэгтэй нэвтэрч уран бүтээлч рүү халдсан тохиолдол гарсан. Эдгээр хэргүүдийн дараа аливаа тоглолт, арга хэмжээ зохион байгуулагчид хяналт, шалгалтын ажиллагаагаа чангаруулж, уран бүтээлчдийн аюулгүй байдлыг хангах тал дээр анхаарал хандуулах болжээ.

 


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top