Нээлттэй сонсгол ба ИЛ БОЛСОН БАРИМТУУД

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2023 оны 12 сарын 06

УИХ-ын тогтоолоор байгуулагдсан “Нүүрсний” гэх тодотголтой нээлтэй сонсголын эхний хэлэлцүүлэг дөрвөн асуудлын хүрээнд энэ сарын 4-08-ны өдрүүдэд үргэлжлэхээр өчигдөр хөшгөө сөхөв. Хуулийн нэршлээр бол “Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол гэж ярьж бичиж буй.

Эхний хэлэлцүүлгийн сэдэв нь:

1.“Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ, худалдан авалтын үйл ажиллагаа;

2.“Тавантолгой” ХК-д эрх бүхий байгууллагаас хийсэн хяналт, шалгалтууд, тэдгээрийн үр дүнгийн дагуу авсан арга хэмжээ; “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үүсгэн байгуулагдсан цагаас хойших үйл ажиллагаа, санхүүгийн мэдээлэл, ерөнхий мэдээлэл;

3.“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бараа, ажил, үйлчилгээ, худалдан авалтын үйл ажиллагаа; 2011-2023 оны аравдугаар сар хүртэлх хугацаанд гэрээт олборлогч компаниуд болон бусад бараа, ажил, үйлчилгээ, худалдан авалтын үйл ажиллагааны талаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж, сонсголын эхний шатанд танилцах гэсэн хүрээнд эрэмбэлэгджээ.

Энэ сонсголд нийтдээ  175 гэрчийг дуудсан. Эхний сонсголд 22 гэрч  дуудагджээ. Үүнээс 17 мэдэгдэх хуудсыг гэрчид гардуулсан бол таван гэрчтэй холбоо барьж чадаагүй. Мэдэгдэх хуудас хүлээн авсан гэрчүүдийн 12 нь оролцож байгаа, нэг нь өмгөөлөгчийн хамт ирсэн. Дуудагдсан зургаан гэрч тодорхойгүй шалтгаанаар хүрэлцэн ирээгүй бол оролцох боломжгүй гэдгээ нэг гэрч бичгээр гаргажээ.

ОРШИЛ: ОРОН ТООНЫ БУС ЗӨВЛӨХИЙГ ОРОЙДОО ЗАЛСАН НЬ

“Нээлтэй сонсгол”-оор ил болж байгаа баримтууд  Монголын улс төр дэх  цадиггүй хийгээд цадахыг мэддэггүй улстөрчдийн араншинг улам тодотгож байна. Тухайлбал, “Жижиг” Тавантолгойн эзэн гэгддэг “Ажнай” Д.Бат-Эрдэнэ хэрхэн тэнд эзэн суусан түүх өөрөө “Нүүрсний хулгай”-н оршил юм гэвэл хилсдүүлсэн, хэтрүүлсэн болохгүй. Ямар баримт байна гэвэл, Өмнөговь аймгийн ИТХ-ийн Тэргүүлэгчдийн 2009 оны нэгдүгээр сарын 14-ний өдрийн 13 дугаар тогтоолын нэг дэх зүйлд "Тавантолгой" ХК-ийн 2009 оны хувь нийлүүлэгчдийн ээлжит бус хуралд оролцох орон тооны өмчийн төлөөллийн бүрэлдэхүүн, хоёр дахь хэсэгт орон нутгийн өмчийн төлөөлөгчөөр аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Сугирыг томилсон байна. Гэвч хоёр хоногийн дараа буюу Өмнөговь аймгийн ИТХ-ийн тэргүүлэгчдийн 2009 оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор өмнөх тогтоолын 2, 4 дэх заалтыг хүчингүй болсонд тооцож, хувьцаа эзэмшигчийн хуралд оролцох төлөөлөгчөөр Аймгийн Засаг даргын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан Д.Бат-Эрдэнийг томилжээ. Өөрөөр хэлбэл, "Тавантолгой" ХК-ийн 2009 оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн 1 дүгээр тогтоолоор ТУЗ-ийн даргаар Д.Бат-Эрдэнийг сонгосон ба тухайн үед Д.Бат-Эрдэнэ нь жижиг хувьцаа эзэмшигч байжээ. Жижиг хувьцаа эзэмшигчийг орон нутгийн өмчийн төлөөлөгчөөр томилсон нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөроөнгийн тухай хуулийн 18, 21 дүгээр зүйлийг хэрэгжүүлэхтэй холбоотой Төрийн өмчийн хорооны 2005 оны 66 дугаар тогтоолоор баталсан “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх түр журам”-ын 10.3-т “Төрийн өмчийн төлөөлөгч нь хувийн өмчлөгчдөөс сонгогдсон ТУЗ, Хяналт шалгалтын зөвлөлийн гишүүний ойрын төрөл буюу нэгдмэл сонирхолтой байж болохгүй” гэсэн заалтыг зөрчсөн нь тогтоогдсон талаар нээлттэй сонсголын үеэр мэдээллээ.

 

Г.Ганболд: Жижиг хувьцаа эзэмшигч нь 14 жил "Тавантолгой"-н ТУЗ, Гүйцэтгэх захирлыг хашиж ирсэн байна

Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Ганболд "Энэ бүх асуудал 13, 14 дүгээр тогтоолоос л эхлэлтэй гэж харж байна. Учир нь, Өмнөговь аймгийн ИТХ нь 51 хувийг эзэмшдэг. Иргэдийн хурлын шийдвэрээр ТУЗ-д 51 хувь буюу олонх нь үргэлж ИТХ-аас томилогдсон хүмүүс байх ёстой. Гэтэл 13 дугаар тогтоолоор цөөнх хувьцаа эзэмшдэг хүнээ оруулсан. Тэгснээ хоёр хоногийн дараа бүр Өмнөговь аймгийн 51 хувийг төлөөлдөг хувь нийлүүлэгчдийн хуралд төлөөллөөр оруулсан. Энэ бол хамгийн ноцтой шийдвэр. Үүнээс хойш 14 жил цөөнх хувьцаа эзэмшигч нь ТУЗ-ийн дарга, Гүйцэтгэх даргын албан тушаалыг байнга хашиж ирсэн байна" хэмээв.

 

Д.Бат-Эрдэнийн хоёр хамаатан "Тавантолгой"-н ТУЗ, Гүйцэтгэх захирлаар ажиллажээ

АТГ-аас УИХ-ын гишүүн асан, “Ажнай” Д.Бат-Эрдэнийг “Нүүрсний хулгай”-н хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан шалгаж байгаа.Шинжээчийн дүгнэлтээс харахад орон нутгийн "Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн даргаар Д.Бат-Эрдэнийг томилохдоо хууль зөрчсөн байна. Тэрбээр 2009 оны тавдугаар сарын 1-нээс 2011 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдрийг хүртэл "Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллажээ. Тэгвэл түүнийг ажлаа өгснөөс хойш "Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн дарга таван удаа солигдсон байна. Тэдний дунд "Ажнай" Д.Бат-Эрдэнийн үеэл болох нь тогтоогджээ. Б.Түвшинбаяр 2012 оны дөрөвдүгээр сарын 30-наас 2016 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр хүртэл, 2021 оны гуравдугаар сарын 4-нөөс 2023 оны гуравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл нийт хоёр удаа ТУЗ-ийн даргаар сонгогдон ажиллажээ. Түүнчлэн "Д.Бат-Эрдэнийн хамаатан болох Ц.Цэцэг-Өлзий нь 2013 онд "Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байжээ.

 

Р.Сэддорж "Тавантолгой"-н захирлаар ажиллаж байхдаа 353.9 төгрөг урамшуулал авчээ

Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржийн хувьд "Нүүрсний хулгай"-н хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа бөгөөд сонсголд  гэрчээр дуудагдан оролцож байгаа юм. Тэрбээр Д.Бат-Эрдэнийн туслахаар ажиллаж байсан  бөгөөд  2014-2020 он хүртэл зургаан жил "Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажилласан байна. Энд ажиллаж байхдаа тэрбээр 353.9 төгрөгийг урамшуулалд авсан нь тогтоогдсон байна.

 

Б.Энхбаяр: Тавантолгойн орд өмнөговьчуудынх биш нийт иргэдийн өмч

Нээлттэй сонсголыг Хянан шалгах Түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр ахалж байгаа. Тэрбээр үдээс өмнөх хэлэлцүүлгийн үеэр "Та нар буруу яриад байна. "Тавантолгой" ХК-ийн ордыг өмнөговьчуудын өмч, өмнөговьчуудын баялаг гэж яриад байна. Үндсэн хуульд зааснаар газар, түүний хэвлий байгалийн баялаг нь Монголын нийт ард түмний өмч юм. Нэг аймгийн өмч биш. Манай улс холбооны улс биш, нэгдсэн улс" хэмээн тодотгож байв. Нээлттэй сонсгол өчигдөр  үдээс өмнө дээрх баримтуудыг хэлэлцэж, 14:00 цаг хүртэл түр завсарласан.

 

Шинжээч: Санхүүгийн бичиг баримтууд “алга болсноос“ болж хяналт шалгалт явуулахад саад болж байна

Сонсголын үеэр шинжээчийн зүгээс орон нутгийн өмчит Тавантолгой ХК-д Түр хорооноос томилогдсон хянан шалгагч болон шинжээч нар томилолтоор ажилласан боловч хэд хэдэн нөхцөл байдлаас шалтгаалж хяналт шалгалтын үйл ажиллагаанд хүндрэл учирсан. Тухайлбал, архивын сан хөмрөгийн бүртгэл хангалтгүй, анхан шатны нотлох баримтууд иж бүрэн бус, архив болон цахим системийн дата бүрэн хадгалагдаагүй, баримт материалаа хүлээлцдэггүй зэргээс цаг хугацаа их зарцуулагдсан гэлээ. Түүнчлэн 2011-2014 оны ашиглалтын үйл ажиллагааны тайлан АМГТГ болон Үндэсний геологийн албанд хадгалагдаагүй байна. Иймд санхүүгийн бичиг баримтууд хангалтгүй, "алга болсноос" болж хяналт шалгалт явуулахад саад болж байна гэж дүгнэв. Гэтэл “Тавантолгой” ХК-ийн 19 хувийг эзэмшдэг “Ажнай” корпорацийн тэргүүн, УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнийн зүгээс  хөрс хуулалтын мэдээлэл, зардал хэд байгааг асууж байсан юм. Иймд Түр хороог даргалж буй ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Арван хэдэн жилийн хамаг юмаа устгасан хүмүүс шалгасан хүмүүсээс л баримт нэхээд байх юм. Бүхэлдээ хянан шалгах ажил хийлгээгүй, Д.Бат-Эрдэнэ гишүүн ээ. Таныг “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга байх үеийн баримт байхгүй. Сүүлдээ Түр хорооныхноос өөрийнхөө ажиллаж байсан үеийн баримт нэхээд сууж байх юм. Архивт ч байхгүй. Дүгнэлт хийх аргагүй байна гэдэг дүгнэлт гаргачихаад сууж байна шүү дээ.  Энэ компанийн талаар ямар ч баримт алга. Үерт урсчихсан байна гэж хэлсэн байна лээ” хэмээн бухимдсан.

 

С.Ганбаатар: Манай эхнэр онлайн худалдааны компани байгуулж байсан нь үнэн. Нүүрстэй ямар ч холбоогүй

Эхний өдрийн сонсголоор “жижиг” Тавантолгой компанийн нүүрс олборлолт, экспорттой холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатарын эхнэр Б.Тунгалаг нартай нэгдмэл сонирхол бүхий "Болор-Аграмба" ХХК 4.5 сая метр куб хөрсний ажил гүйцэтгэж, 22.8 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан талаар шинжээч тайлбарласан. Тэгвэл үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Ганбаатарын зүгээс эхнэр нь тус компанитай ямар хамааралгүй гэсэн тайлбарыг өгөв.

ТАВАНТОЛГОЙ ХК 24.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХУДАЛДАН АВАЛТАД ТЕНДЕР СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ХИЙГЭЭГҮЙ

“Жижиг” Тавантолгой компанийн нүүрс олборлолт, экспорттой холбоотой нотлох баримтыг шинжлэн судалж, худалдан авалтын үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын талаарх дүгнэлтийг шинжээч танилцуулахдаа ноцтой баримтыг дэлгэв. Тодруулбал, 2013-2022 оны худалдан авалтыг ангилаад харвал нийт 139.9 тэрбум төгрөгийн худалдан авалтыг хийсэн гэж дүгнэжээ.

Үүнээс 24.4 тэрбум төгрөгийн худалдан авалтад тендер сонгон шалгаруулалтыг огт зохион байгуулаагүй гэлээ. Ангилж үзвэл, түлш шатахуун 17.6 тэрбум, хоол хүнс 1.5 тэрбум, бусад худалдан авалтад 5.3 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Ингэхдээ  эдгээрт тендер зарлаагүй гэдэг нь ийнхүү ил болж байгаа юм.

 

Үргэлжлэл бий.

Нээлттэй сонсгол ба ИЛ БОЛСОН БАРИМТУУД-II

Нээлттэй сонсгол ба ИЛ БОЛСОН БАРИМТУУД-III

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Өмнөговийн иргэн(202.9.41.4) 2023 оны 12 сарын 06

Ха ха, Өмнөговьд үер болоод, Батэрдэнийн бүх баримтыг урсгаж гэнэ, жинхэнэ онигоо байна даа.

0  |  0
Ard tumen(66.181.180.124) 2023 оны 12 сарын 06

Eh ornoo zarsan hulgaichildiin horongiig huraaj tsaazalaach

0  |  0
Зочин(103.212.116.231) 2023 оны 12 сарын 06

Сэтгэгдлийг гаргач новш минь

0  |  0
зочин(103.212.116.231) 2023 оны 12 сарын 06

Та нар буруу яриад байна. ”Тавантолгой” ХК-ийн ордыг өмнөговьчуудын өмч, өмнөговьчуудын баялаг гэж яриад байна. Үндсэн хуульд зааснаар газар, түүний хэвлий байгалийн баялаг нь Монголын нийт ард түмний өмч юм. Нэг аймгийн өмч биш. Манай улс холбооны улс биш, нэгдсэн улс” гэж Б.Энхбаяр хэлчихлээ. Борогоулдын 40 тонн алтыг монголд нэг ч татвар төлүүлээгүй хувьдаа ашигалсан Сү.Батболд яагаар монголын хөрөнгийг ганцаараа эзэмсэнийг Б.Энхбаяр хамгаалдаг вэ?

2  |  0
Top