Арванхоёрдугаар сарын сэдэв - НҮҮРСНИЙ ҮНЭН
“Эрхэт Монгол” медиа группийн редакциуд “Нэг сэдэв - Нэг сар” хөтөлбөрийнхөө хүрээнд арванхоёрдугаар сарын турш “Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорт”-ын асуудлыг хөндөн, “Нүүрсний үнэн” сэдвийг онцолж байгаа билээ.
Сарын эхний өдрүүдэд бид Төрийн ордонд болж буй УИХ-аас байгуулагдсан Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй “Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол”-ын эхний хэсгийг энэ долоо хоногийн турш сурвалжлан, ТВ8 телевиз, Zindaa.mn сайтаар шууд дамжуулан ажиллалаа.
Үргэлжлүүлэн ТВ8 телевиз, өдөр тутмын “Өглөөний сонин”, мэдээллийн Zindaa.mn сайт “Нүүрсний үнэн” сэдвийн хүрээнд энэ сарын турш олон талын эх сурвалжтай, тэнцвэртэй, асуудал дэвшүүлсэн, шийдэл хайсан мэдээ, мэдээлэл, нийтлэл, сурвалжилгыг уншигч, үзэгчдэдээ онцлон хүргэх болно.
Нээлттэй сонсгол ба ИЛ БОЛСОН БАРИМТУУД-I
Нээлттэй сонсгол ба ИЛ БОЛСОН БАРИМТУУД-II
Нээлттэй сонсгол ба ИЛ БОЛСОН БАРИМТУУД-III
* * *
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ХЭРГИЙГ З.ЭНХБОЛД НОТЛОВ
“Нүүрсний хэрэг”-ийн нотлох баримтыг шинжлэн судлах нээлтэй сонсгол өчигдөр гурав дахь өдрөө үргэлжиллээ. Түр хорооноос “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг тус компанийн ерөнхий танилцуулгаар эхэлж, найман асуудлыг хэлэлцсэн юм.
Энэ хүрээнд 87 гэрчийг дуудсан байв. Үүнд:
1. “Ти ти жи ви си өү” ХХК
2. Цанхийн хэсгийн ашиглалтын хайгуулын өрөмдлөгийн 13000 тууш метр ажлыг хийж гүйцэтгэх /"Эрдэнэдрийлэнг" ХХК/
3.Оффисын байр түрээслүүлэгчийг шалгаруулах
4. Автогрейдер (CAT14M) дүйцэхүйц худалдан авах /"Барловорлд Монголиа" ХХК/
5. Micromine эсхүл түүнтэй дүйцэх программ нийлүүлэх, 2018 оны update хийх
6. Тавантолгойн ордын Цанхийн баруун уурхайд уулын ажил гүйцэтгэх үйлчилгээ үзүүлэх Багц 1 Уулсын ажил, өрөмдлөг тэсэлгээ /Хишигарвин индустрал ХХК, Олборлолт ХХК/
7. Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх /"Чин хутаг өндөр" ХХК шалгарсан/ 2019
8. Цанхын баруун уурхайн нүүрс ачилт хийх гүйцэтгэгчийг шалгаруулах /“Мултипак” ХХК/ асуудал багтжээ.
ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 3.1 ИХ НАЯДЫН ӨРТЭЙ...
Нээлттэй сонсголын эхэнд “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн санхүүгийн талаар 2023 оны есдүгээр сарын байдлаар тус компани 19.3 их наядын хөрөнгөтэй, нийт 3.1 их наядын өртэй байна гэж танилцуулсан. Гэхдээ БЭТ томилогдохоос өмнө, БЭТ томилогдсоноос хойш, БЭТ-тэй болсны дараа гэж авч үзвэл ЭТТ-н санхүүгийн мэдээлэл илүү ойлгомжтой, тодорхой болох байлаа. Гэвч ингэж дэлгэрэнгүй танилцуулсангүй. Ерөнхий мэдээлэл хийсэн. Ер нь бол "Эрдэнэс Тавантолгой" ХК-д анх 2022 оны 10 сарын 26-нд зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, БЭТ томилсон. Энэ хугацаанд 6.7 их наяд орлого олсноос, татварын дараах цэвэр ашиг 2.7 их наяд төгрөгт хүрсэн. Мөн 2.5 их наядыг татварт төлжээ. Түүнчлэн 10.4 их наядын худалдан авалтын гэрээ байгуулжээ.
Б.Энэбиш: Намайг “Шударга бусын хонгил”-оор чирчих гээд байсан тул гадаадад амьдарсан
АТГ-аас "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Энэбишийг эрх мэдлээ урвуулан ашиглаж, 1.6 тэрбум төгрөгийн үнэ бүхий арван ширхэг самосвал машин, чанарын шаардлага хангахгүй дугуй зэргийг “Эрдэнэс Тавантолгой” компанид худалдан авсан гэх үндэслэлээр шалгаж байсан. Мөн түүнийг мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан гэх мэдээлэл ч байдаг. Тэгвэл тэрбээр гэрчээр дуудагдан оролцож, өөрт холбогдох хэргийн талаар "Монголын уул уурхайн хоёр том төслийг удирдан ажиллаж байсан. Намайг ажлаа өгсний дараа харлуулж эхэлсэн. Намайг 2013 оноос эхэлж шалгасан. Манай гэр бүлийнхэн Австралид амьдардаг. Намайг охин дээрээ очихоор тийшээ явсан хойно хэвлэлээр мэдээлэл гарч эхэлсэн байдаг. Над дээр гурван асуудал яригддаг. Хуулийн байгууллагаас надад нэг ч удаа хандаж байгаагүй. Би оргон зайлсан юм байхгүй. Шударга бусын хонгил руу чирчих гээд байсан болохоор гадаадад амьдарсан. Монголдоо ирээд гурван жил болж байна" гэж мэдүүлэв.
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН БҮЛЭГЛЭЛ ЭТТ-Д ЭЗЭН СУУХААР САНААРХЖЭЭ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн үйл ажиллагаа, санхүүгийн мэдээллийг сонсох үеэр гэрчээр оролцсон "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурийн өгсөн мэдээлэл олон нийтийн анхаарлыг ихээхэн татсан юм.
Тэрбээр "ЭТТ" ХК-д эзэн сууж авах гэсэн санаархал манай томоохон бүлэглэлээс гарч ирсэн. "Нүүрс удахгүй үнс болно, төрийн компани нүүрс ухдаггүй юм. Компанийн захирлууд нь шоронд ордог юм аа" гэх PR-ыг маш хүчтэй явуулж байсан. 2014 оны арванхоёрдугаар сард Монгол Хятадын нэг компанийг 99 жилийн хугацаатай оператороор оруулах гэрээ хэлэлцээрийн ажил эхэлсэн. Ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар би ажиллаж байсан юм. Миний бие энэ үйл ажиллагааг нь эсэргүүцтэл намайг долоо хоногийн дараа ажлын хэсгээс гаргаж, сарын дараа хорьсон" гэсэн юм. Сонсголыг даргалагч, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Та том бүлэглэлээ нэрлэнэ үү" гэх асуултад "Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" хэмээсэн. Тэгвэл "Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар Хятадын компанид Тавантолгойн ордыг 99 жилээр ашиглуулах хэлэлцээрийг эрчимтэй явуулсан" гэх мэдээллийг З.Энхболд цахим хуудастаа татаж тавиад "Элбэгдорж зүтгүүлээд УИХ эсэргүүцэж зогсоосон. Гацаагч хочтой болж билээ. Өнөөдөр жилдээ хэдэн тэрбум $ экспорт хийдэг, 5 тэрбум тонн коксжих нүүрсний ордтой компани Монголдоо үлдсэн" хэмээн жиргэсэн юм. Ингэснээрээ тэрбээр Ц.Элбэгдоржийн хэргийг шууд нотолчихов.
Б.Энхбаяр: Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийтийг АТГ-т шалгуулна
Өмнөговь аймгийн Ханбогд сумын газар нутаг гаднын компаниудад өндөр үнээр зарагдсан гэх мэдээлэл анхаарлын төвд байгаа. Энэ асуудлыг АТГ-т шалгуулахаар хандаж буйгаа Түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр мэдэгдэв. Тэрбээр "Монгол Улсын Өмнөговь аймагт газрыг Үндсэн хууль, Газрын тухай хуульд заасныг зөрчиж гадаадын иргэд, аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн нь УИХ-ын нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын үед нотлох баримтаар ил болсон бөгөөд уг асуудал нь Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй байх тул Авлигатай тэмцэх газарт харьяаллын дагуу шилжүүлж шалгуулахаар шийдвэрлэв" гэсэн юм.
Нүүрсний сонсголд гэрчээр дуудагдан оролцсон Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт нь БНХАУ-ын 38 иргэн, аж ахуй нэгжид газар эзэмших эрх олгосон нь шинжээчийн дүгнэлтэд танилцуулагдсан. Нийт 450 гаруй га талбайг олгосон гэж танилцуулгад дурдагдсан. Харин тэрбээр “Би нэг ч гадны компанид газар олгоогүй” гэж мэдэгдээд байгаа юм. Х.Нэхийтийн 2022 оны хөрөнгө оруулалтын мэдүүлгийг танилцуулахад,
ГЭРЭЭ БАЙГУУЛАХГҮЙГЭЭР 2.8 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ "ЭРДЭНЭДРИЙЛЭНГ"-Д ШИЛЖҮҮЛЖЭЭ
"Эрдэнэс Тавантолгой" ХХК-иас 2011-2023 оны хооронд зарласан өрөмдлөгийн ажлын тендер шалгаруулалтад "Эрдэнэдрийлэнг" ХХК шалгарч гэрээ байгуулжээ. Нийт өрөмдлөг гүйцэтгэх зургаан гэрээ, 11.1 тэрбум төгрөгийн өртөгтэйгөөр байгуулсан байна. Ажлын хэсгээс дээрх асуудалд есөн хүнийг гэрчээр дуудсан ч гурав нь хүрэлцэн ирсэн нь "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Ариунболд, Үнэлгээний хорооны гишүүн Б.Эрдэнэбаяр, Үнэлгээний хорооны хөндлөнгийн гишүүн Ц.Дарханбат нар байв. Шинжээчдийн зүгээс худалдан авах ажиллагаа хуулийн хүрээнд явсан эсэхийг нь хянахад "Эрдэнэдрийлэнг" компани 2013 онд "Эрдэнэс Тавантолгой" ХК-тай гэрээ байгуулаагүй, тендергүйгээр 2.8 тэрбум төгрөгийн гүйлгээ авсан нь тогтоогдсон аж.
Л.ГАНТӨМӨР МҮДН ФРАКЦЫГ ӨМӨӨРӨВ
Нээлттэй сонсголын хажуугаар баримт, факт нь дурдагдсан нэр бүхий хүмүүс өөрийгөө өмгөөлсөн мэдэгдэл, тайлбарыг бас явуулж байгаа. Нүүрсний хоёр дахь өдрийн сонголд АН-ыг бүрдүүлсэн анхны таван намын нэг болох МҮДН-ынхны оролцсон нүүрсний хэргийн мэдээллийг танилцуулсан. Энэ дотор Ардчилсан намын дарга Л.Гантөмөрийн эхнэр байсан юм. Тэрбээр энэ талаар өчигдөр байр сууриа илэрхийлэхдээ “Нүүрсний сонсгол бол улстөржүүлж байгаа зүйл. Би болон миний эхнэр нэг халбага ч нүүрс зарсан хэрэг байхгүй. Хууль зүйн сайд Б.Энхбаяр улстөржүүлсэн яриа хийсэн. Бидний гишүүд нийлээд клуб байгуулсан нь үнэн. Гэхдээ одоогоор нэг ч ажил хийгээгүй байна. Клубийн захирлаар тавигдсан залуу нь Б.Баярсайхан гишүүний туслах байгаа юм. Тэр залуу өөр нэг компанид нүүрсний гэрээ хийх гэж оролдсон байгаа юм. Түүнийг намайг хийлгэсэн мэтээр гүтгэж байна” гэв.
Үргэлжлэл бий.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )