Нээлттэй сонсгол ба ИЛ БОЛСОН БАРИМТУУД-II

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2023 оны 12 сарын 07

Арванхоёрдугаар сарын сэдэв - НҮҮРСНИЙ ҮНЭН

“Эрхэт Монгол” медиа группийн редакциуд “Нэг сэдэв - Нэг сар” хөтөлбөрийнхөө хүрээнд арванхоёрдугаар сарын турш “Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорт”-ын асуудлыг хөндөн, “Нүүрсний үнэн” сэдвийг онцолж байгаа билээ. 

Сарын эхний өдрүүдэд бид Төрийн ордонд болж буй УИХ-аас байгуулагдсан Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй “Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол”-ыг сурвалжлан, ТВ8 телевизээр шууд дамжуулан хүргэж байна. Мөн “Өглөөний сонин”, мэдээллийн Zindaa.mn сайт “Нүүрсний үнэн” сэдвийн хүрээнд олон талын эх сурвалжтай, тэнцвэртэй, асуудал дэвшүүлсэн, шийдэл хайсан мэдээ, мэдээллийг хүргэн ажиллах болно.

* * *

УИХ-ын тогтоолоор байгуулагдсан “Нүүрсний” гэх тодотголтой нээлтэй сонсголын эхний хэлэлцүүлэг өчигдөр /2023.12.05/ хоёр дахь өдрөө үргэлжлэв.

Сонсгол “Газар олголт ба “Тавантолгой” ХК-ийн нүүрс борлуулалтын үйл ажиллагаа”, “Тавантолгой” ХК-д эрх бүхий байгууллагуудаас хийсэн хяналт, шалгалтууд, тэдгээрийн үр дүнд авсан арга хэмжээ” гэсэн хоёр сэдвээр хэлэлцүүлэв өрнөв. Тухайлбал, дээрх хоёр сэдвийн хүрээнд шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсох, шаардлагатай бичмэл нотлох баримтыг танилцуулах, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт авах, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар авсан юм.
 

ХАНБОГД СУМ “ГАЗЫН ЗУРВАС” БОЛОХ ШАХСАН УУ

Ханбогд сумын нүүрсний үйл ажиллагаатай холбоотой газар олголтын талаар танилцуулга хийж, хууль бусаар газар олгосон асуудлыг хэлэлцсэн. Энэ үеэр олон нийт “Ханбогд Газын зурвас болжээ”,  “Өмнийн говь дахь Палестин” болоход дөхжээ хэмээн сэтгэгдлээ илэрхийлж байв. Шинжээчийн танилцуулгаар Ханбогд сум дээр нүүрсний үйл ажиллагаатай холбоотой газар олголтод томоохон хоёр асуудал байгааг дурдсан. Тэр нь, нэгдүгээрт газрын дуудлага худалдааны үнийг төлөөгүйгээр газар олгодог. Хоёрдугаарт,  гаалийн хяналтын талбай, авто тээврийн зогсоол гэдэг нүүрсний үйл ажиллагаатай холбоотой 1-40 га газрыг бусдад хууль бусаар шилжүүлсэн асуудал ил болсон юм. Энэ дотор гадаадын иргэн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, хуулийн этгээд байдаг. Тодруулбал, Ханбогд сумаас гаргаж өгсөн мэдээллээр газрын дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй 11 хуулийн этгээд 81.5 га газар эзэмшиж байна. 2020-2022 оны газар олголтоос гадаадын хөрөнгө оруулалттай 38 хуулийн этгээдэд 457.3 га газар эзэмших эрх олгожээ. Гадаад хөрөнгө оруулалттай хоёр хуулийн этгээдэд эрчим хүчний зориулалтаар 4100 га газрыг эзэмших эрх олгосон байна. Газрын албанаас ирүүлсэн мэдээллээр 11 хуулийн этгээд дуудлага худалдааны үнийг төлөөгүй гэж байгаа ч аудитаас шалгалт хийхэд 75 аж ахуйн нэгж газрын дуудлага худалдааны үнэ төлөөгүй гэж акт тавигджээ.  Эдгээр 75 аж ахуйн нэгж газрын дуудлага худалдааны 3.7 тэрбум төгрөгийг төлөөгүй гэсэн акт тогтоосон. Мөн Ханбогд сумаас эдгээр газрын хэдэн төгрөг нь төлөгдсөн талаар мэдээлэл ирүүлээгүй аж. Шинжээчийн дүгнэлтэд Ханбогд сумын удирдлагууд иргэн, аж ахуйн нэгжид хууль бус газар олгосон болох нь ийнхүү  тогтоогдлоо.

"НЭГ ГА ГАЗРЫГ НЭГ ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ҮНЭЛЖ ЗАРСАН БАЙНА"

Нээлттэй сонсголоор  Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт "Би гурван жил Засаг даргаар ажиллаж байна. Би нэг ч гадаад компанид газар олгоогүй. Үе, үеийн Засаг дарга нар газар олгоогүй гэж ойлгож байна. Орон нутгийн бодлого, чиглэлд дандаа хятадууд газар аваад байгаа болохоор монгол хүн, орон нутгийн хүнд давуу байдал олгох хүрээнд л газар олгож ирсэн байдаг. Намайг ажил авахад ч ингэж олгоод ирсэн байсан, тэр зарчмаар нь л олгосон. Шинжээчдийн буруу зөрүүтэй дүгнэлт байна гэж харж байна" гэсэн. Тэгвэл ХЗДХ-ийн сайд, Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр "Та 10 га газрын тендер зарлаж байсан юм байна. Таны зарласан энэ тендерт аж ахуйн нэгжүүд үнийн саналаа ирүүлжээ. Эндээс харахад 10 га газрын 11 тэрбум төгрөг, 10 тэрбум төгрөг гэх мэт үнэлгээтэй тендерт оролцож байсан юм байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр нэг га газрыг нэг тэрбум төгрөгөөр үнэлж зардаг юм байна. Газар эзэмших эрхийг зардаг уу, худалдан боловсруулдаг уу" гэдгийг тодруулсан. Үүнд  Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт "Тухайн газар эзэмшигч аж ахуйн нэгж бусдад шилжүүлэх нь нээлттэй" гэж хариулав.  ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Газар эзэмших эрхийг худалдан борлуулахыг хуулиар зөвшөөрсөн үү" хэмээн  лавлахад "Ер нь болохгүй гэсэн заалт байхгүй" хэмээн  хариулсан бол  ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Энэ бол таны олгосон газар нэг га газрыг нэг тэрбумаар үнэлж байсан гэх нотлох баримт байна" гэдгийг тодотголоо. Түр хорооны Ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ сонсголын үеэр "Тавантолгой” ХК 2009 оноос хойш компанийн удирдлагыг хуйвалдааны зарчмаар шийдэж, төр давамгайлсан 51 хувиас бус хувийн компаниудын 49 хувиас сонгож, нүүрс тээвэр, худалдан авалтын бүх үйл ажиллагаанд өөрсдөө оролцдог байсан нь ил боллоо” гэв.

Ц.Элбэгдорж, Д.Дорлигжав нарын “Женерал тех” компани Тавантолгойгоос нүүрс борлуулж байжээ

Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголд 168 хүнийг гэрчээр дуудсанаас 50 гэрч нь "Тавантолгой" ХК-ийн нүүрс борлуулалттай холбоотойгоор  дуудагджээ. Тэднээс 23 нь хүрэлцэн ирсний дотор УИХ-ын гишүүн асан, "Ажнай" Д.Бат-Эрдэнэ, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав нар байв.Тэдэнтэй хамт гэрчээр дуудагдсан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ирээгүй бөгөөд гадаадад байгаа тухайгаа мэдэгдсэн гэв. Нээлттэй сонсголд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав нарын нэгдмэл ашиг сонирхол бүхий "Женерал тех"  компани 2013 онд 100 мянган тонн нүүрсний гэрээ байгуулсан. "Женерал тех" компанийн захирал Б.Батболд нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн эхнэрийнх нь хамаарал бүхий этгээд. Харин тухайн компанид хувьцаа эзэмшдэг Д.Баатар нь "Глобал аппарел Лимитед" ХХК-ийн үүсгэн байгуулагч бөгөөд Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын төрсөн дүү гэдгийг шинжээчийн дүгнэлтэд дурдсан юм.

Д.Бат-Эрдэнийн хувь эзэмшдэг "Тавантолгой транс" 9.7 сая тонн нүүрсний гэрээ байгуулжээ

"Тавантолгой" ХК-иас хямд үнээр нүүрс худалдаж авч, цаашаа өндөр үнээр хуралдаж борлуулсан гэх асуудал нээлттэй сонсголоор хөндөгдсөн. Тэгвэл "Тавантолгой транс" ХХК 2013-2019 онд "Тавантолгой" ХК-тай 9.7 сая тонн нүүрсний гэрээ байгуулсан бөгөөд  программд бүртгүүлснээр 550.7 мянган тонн нүүрс нийлүүлсэн нь тогтоогдсон гэв. "Тавантолгой транс" ХХК нь УИХ-ын гишүүн асан, "Ажнай" Д.Бат-Эрдэнэ, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж нарын нэгдмэл сонирхолтой, хамаарал бүхий аж ахуйн нэгж гэдгийг шинжээчийн дүгнэлтэд дурдсан. Учир нь, "Тавантолгой транс" ХХК-ийн 70 хувийг "Ажнай корпораци" ХХК эзэмшдэг. Харин "Ажнай корпораци"-ийг УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнэ 100 хувь эзэмшдэг.

Л.Гантөмөр нарын АН-ын 7 гишүүний гэр бүл нийлж "Тавантолгой" ХК-тай нүүрсний гэрээ байгуулжээ

"Тавантолгой" ХК-тай нүүрсний гэрээ байгуулсан "Акмиконсалтинг" ХХК-ийг УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан долоон гишүүний эхнэр, охин болон хамаарал бүхий этгээдүүд хамтран үүсгэн байгуулжээ.

Тодруулбал, АН-ын дарга Л.Гантөмөрийн эхнэр А.Туул, УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргалын охин А.Азбаяр, УИХ-ын гишүүн асан Ц.Баярсайханы охин Б.Нарангоо, УИХ-ын гишүүн С.Ламбаагийн охин Л.Шинэцэцэг, УИХ-ын гишүүн асан Н.Батбаярын охин Б.Жаргалан, УИХ-ын гишүүн асан Д.Зоригт болон УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат нар хамтран "Акмиконсалтинг" компанийг байгуулсан байна. Тус компани нь "Тавантолгой" ХК-тай 50 мянган тонн нүүрсний гэрээ байгуулсан гэдгийг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр сонсголын үеэр тодотголоо.

 

Үргэлжлэл бий

Нээлттэй сонсгол ба ИЛ БОЛСОН БАРИМТУУД-I

Нээлттэй сонсгол ба ИЛ БОЛСОН БАРИМТУУД-III

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
арай арай(202.9.40.135) 2023 оны 12 сарын 08

Энэ бүх луйврын баримт тодорхой байсан, гаргаж ярьж байгаа нь энэ юм, одоо хариуцлага тооцож, хохирлыг барагдуулах нь чухал.

0  |  0
Баагий(202.9.46.189) 2023 оны 12 сарын 07

ЭЗЭНГҮЙ МОНГОЛ БОЛЖЭЭ...........

0  |  0
Зочин(103.212.118.181) 2023 оны 12 сарын 08

БАРИМТ БОЛ БАРИМТ. БАРИМТ БАЙСААР БАЙТАЛ ЭДГЭЭР ХҮМҮҮСИЙН ЛУЙВРААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААЖ АВАХГҮЙ БОЛ АРДЧИЛАЛ ГЭЖ ЦЭЭЖЭЭ ДЭЛДЭЭД БАЙГАА ”АРДЧИЛАЛ3 ЗӨВХӨН ЭДГЭЭР ХҮМҮҮСИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХЫН ТӨЛӨӨ БАЙДАГ ГЭЖ ҮЗЭХЭЭС ӨӨР АРГА АЛГА. ИЙМ ЛУЙВАРЫН АРДЧИЛАЛ ХЭНД ХЭРЭГТЭЙВэ. .” АРДЧИЛАЛ”-ЫН НОЁРХОЛ ТОГТООЖ АРД ТҮМНИЙГ УЛ РУУ НЬ ЧИГЛҮҮЛЖ БАЙЖ. ЭНЭ ГЭМТ ХЭРЭГТНҮҮД

2  |  0
ххх(66.181.180.140) 2023 оны 12 сарын 08

Ардчилсан нам л авчихсан бсн бн штээ, тэгээд улстөржөөд л, сөрөг хүчин рүү дайрч бн гэж жүжиглээд л . Баримтаараа үнэн ил гарч бхад

3  |  0
Top