Израил Газын зурвас дахь ажиллагаагаа үргэлжлүүлэхээр төлөвлөж байна. Тус улсын Батлан хамгаалах армийн Жанжин штаб Газын зурвасын өмнөд хэсэгт хүчтэй ажиллагаа явуулахаа мэдэгджээ. Жанжин штабын дарга Херци Халеви “ЦАХАЛ-ын Газын зурвасын өмнөд хэсэг дэх ажиллагаа нь хойд хэсгийн ажиллагаанаас багагүй хүчтэй байх болно” гэж мэдэгдлээ.
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Тель-Авив Газын зурвасыг цэвэрлэхтэй зэрэгцэн Хан-Юнис болон Рафах хот дахь ажиллагаан дээр төвлөрч байгаа талаар мэдээлж байсан юм. Үүн дээр зарим дүгнэлтээр хэт даврагч ХАМАС бүлэглэлийн эсрэг ажиллагаа нэг жилээс илүү хугацаанд сунжрахаар байгаа аж. Израил өмнө нь палестинчуудыг шахан гаргаж байсан Газын зурвасын өмнөд хэсэгт цэргийн ажиллагаа үргэлжилвэл энгийн номхон иргэдийн амь нас эрсдэх болно гэж шинжээчид үзэж байна.
Израилийн Батлан хамгаалах хүчиний Газын зурвасын өмнөд хэсэгт явуулах тус бүсийн хойд хэсэгтэй адил хүчтэй ажиллагаа арванхоёрдугаар сарын 2-ноос эхэлсэн байна. Газын зурвасын хойд хэсэгт явуулсан ажиллагаанаас дутахааргүй үр дүнг өмнөд дэх ажиллагаа авчрах болно гэжээ. ХАМАС-ын командлагчид хаа сайгүй Израилийн армийнхантай “уулзах” аж.
Байлдааны ажиллагаа дахин эхэлснээс хойш Израилийн арми ХАМАС-ын хэд хэдэн командлагчийг аль хэдийнээ устгасан байна. ЦАХАЛ-аас “Бид үүнийг хамгийн нарийн аргаар хийх хүчин чадалтай. Газын зурвасын өмнөд хэсэгт явуулж буй ажиллагаа нь хойд хэсэгт явуулсан ажиллагаатай ижил хүч чадалтай, нягт нямбай явагдаж байгаа. Үүнээс гадна бид хойд хэсэгт амжилтаа бататгасаар байна” гэж мэдэгдсэн байна.
Арваннэгдүгээр сарын дундуур Израилийн цэргийн хүчнийхэн Газын зурвасын өмнөд хэсэгт цохилт өгөхгүй гэсэн амлалт өгөөгүй гэдгээ мэдэгдсэн билээ. Тель-Авив өмнө нь зурвасын хойд хэсэгт амьдардаг палестинчуудыг нүүлгэн шилжүүлэхийг уриалж байсан юм.
Стратегийн ялагдлын аюул
“Financial Times” сонин Израилийн цэрэг-улс төрийн удирдлагын эх сурвалжаас иш татан мэдээлэхдээ “Тель-Авив Газын зурвас дахь ХАМАС хөдөлгөөний эсрэг кампанит ажил явуулахад нэг жил ба түүнээс дээш хугацаа шаардагдаж магадгүй. Энэ бол маш урт дайн байх болно... Одоогоор тэд зорилгодоо хүрэх тал руугаа ч хүрээгүй байна” гэжээ.
Израилийн гол даалгавруудын тоонд, эх сурвалжийн мэдээлснээр ХАМАС-ын удирдагчдыг устгах, тус хүчинтэй цэргийн ялалт байгуулах, Газын зурвасын удирдлагаас тус хөдөлгөөнийг бүрэн зайлуулах зэрэг нь орж байгаа юм. “Financial Times” сонины мэдээлснээр Израилийн эрх баригчид Газын зурвасын өмнөд хэсэгт одоо ХАМАС-ын удирдлагууд, дайчдынх нь үндсэн хэсэг, тус хөдөлгөөний пуужингийн зэвсэг болон аравдугаар сарын 7-нд барьцаалсан хүмүүсийн тодорхой хэсэг байгаа гэж үзэж байгаа аж. Тус сонины мэдээлснээр өмнөд хэсэг дэх ЦАХАЛ-ын ажиллагаа нь Хан-Юнис болон Египеттэй хиллэх Рафах хот руу төвлөрөх юм байна.
Үүний зэрэгцээ Израил Газын хойд хэсэгт явуулж буй ажиллагааны үе шатыг дуусгасан гэж үзэхгүй байна гэж тус хэвлэлд бичсэн байлаа. Газа хот хараахан бүрэн эзлэгдээгүй. Магадгүй 40 хувийг нь эзэлжээ. Хойд хэсгийг бүхэлд нь эзлэхэд дахиад хоёр долоо хоногоос нэг сарын хугацаа шаардагдах аж.
Тель-Авивын Газын зурвас дахь цэргийн кампанит ажлын хоёр дахь үе шат 2024 оныг дуустал үргэлжилж магадгүй байгаагаас гадна Израилийн бусад дайн, ажиллагаанаас ялгаатай нь энэ мөргөлдөөн тодорхой төгсгөлгүй байж магадгүй гэж зарим шинжээч үзэж байна.
Аравдугаар сарын 7-нд Палестины ХАМАС хөдөлгөөнийхөн Еврейн улсад халдсаны дараа Израил Газын зурваст бөмбөгдөлтөө үргэлжлүүлж, хуурай замын ажиллагаа явуулж буй. Тухайн үед ХАМАС Израилийн өмнөд бүс нутгууд руу довтолж, хэд хэдэн цэргийн байгууламж, иргэний суурин руу дайран, Израилийн нутаг дэвсгэр рүү их хэмжээний гал нээсэн юм.
Тэгвэл Газын зурвас дахь ЦАХАЛ-ын ажиллагаа нь барилгын болон хүн амын нягтрал ихтэй тус бүсэд олон тооны энгийн иргэдийн амь насанд хүрч буй. Палестинчуудын эсрэг Израил улс ялгаварлан гадуурхсан, хэт хатуу ширүүн үйл ажиллагаа явуулж байгаа нь Олон улсын хамтын нийгэмлэгийн шүүмжлэлд өртөж, Тель-Авив болон түүний гол холбоотон АНУ-ын хооронд зөрчилдөөн үүсэхэд хүргэжээ.
Арваннэгдүгээр сарын дундуур хэлэлцээрийн явцтай танилцсан эх сурвалж “Тель-Авив Палестины энгийн иргэдийн дунд олон тооны амь үрэгдэгсдийн талаарх Америкийн талын анхааруулгыг зүгээр л үл тоомсорлож байна” гэж мэдээлсэн байна. Үүний цаана Израилийн эсрэг АНУ-ын шүүмжлэл улам ноцтой болж байгаа аж. Тиймээс энэ сарын 1-нд Пентагоны тэргүүн Ллойд Остин израилчуудад арга барилаа өөрчлөхгүй бол стратегийн ялагдалтай нүүр тулна гэж анхааруулсан байна. Остин Үндэсний батлан хамгаалахын форум дээр үг хэлэхдээ “Хүндийн төв нь энгийн иргэд бөгөөд хэрэв та нар хүмүүсийг дайсны гарт оруулвал тактикийн ялалтыг стратегийн ялагдал болгон хувиргах болно” гэжээ. Тэрбээр Израилийн төлөөлөгчидтэй ярилцахдаа Газын энгийн ард иргэд хохирохоос зайлсхийх, хүмүүнлэгийн тусламжийг Газын зурвас руу хүргэхийг баталгаажуулах шаардлагатайг анхааруулсан аж. Бид Израилийн энгийн иргэдийг хамгаалж, хүмүүнлэгийн тусламжийн тогтвортой урсгалыг хангахыг уриалсаар байх болно гэж Л.Остин хэлсэн байна.
Хохирол ихэснэ
Цэргийн шинжээч нар Израилийн Жанжин штабын төлөвлөгөөний талаар “ХАМАС-ын удирдагчид болон дайчдаас гадна израилчууд Газын зурвасын өмнөд хэсэгт одоог хүртэл ажиллаж буй бүх газар доорх хонгилуудыг устгаж, Газын зурвасыг Египеттэй холбохыг хүсэж байна. Үүнээс гадна тэнд далд сумны үйлдвэрүүд байдаг. Гэхдээ ерөнхийдөө энэ ажиллагаа бүхэлдээ палестинчуудыг Газын зурвасаас гаргахад чиглэж байна” гэж бичжээ. Израил орон зайгаа чөлөөлж, ядаж л нутаг дэвсгэрт нь халдлага үйлдэхгүй байх цэрэггүй бүсээ цэвэрлэж байна гэж шинжээчид үзжээ.
Өмнө нь Тель-Авив палестинчуудыг шахаж байсан тус бүсийн өмнөд хэсэгт явуулж буй идэвхтэй цэргийн ажиллагаа нь олон тооны энгийн иргэдийн амь насыг хохироох нь гарцаагүй аж. Газын зурвас шиг хүн амын нягтаршилтай нөхцөлд энэ нь зайлшгүй юм. Дайралтуудад хамгийн түрүүнд энгийн иргэд хохирох аж. Эмэгтэйчүүд, хүүхдүүд, хөгшин хүмүүс илүү хохирно...
Израил Ллойд Остины яриад байгаа стратегийн ялагдлыг хүлээх магадлал багатай ч Ойрх Дорнод дахь цэргийн тэргүүлэх гүрний статусаа аль хэдийнээ алдсан байна. Учир нь Израилийн тагнуул, үндэсний аюулгүй байдлын алба аравдугаар сарын 7-нд ХАМАС-ыг халдлага хийхийг “зөвшөөрснөөр” өөрсдийгөө аль хэдийнээ харуулсан аж.
ЦАХАЛ-ын цэргийн кампанит ажлын шинэ үе шат нь энгийн номхон хүмүүсийн амь насыг бүр ч их хэмжээгээр алдахад хүргэнэ гэж судлаачид анхааруулаад “Одоогоор ажиллагаа нь Палестины талд явагдсан ч амь үрэгдэгсдийн тоо өмнөх арабууд болон израилчуудын хоорондын мөргөлдөөний үеийнхээс давсан байна. Цаашид Газын зурваст ижил аргаар цэргийн ажиллагаа явуулвал энгийн номхон иргэд л амь үрэгдэгсдийн тоог нэмнэ” гэж онцолжээ.
Тэгвэл АНУ Израилийг стратегийн холбоотон гэдгээрээ дэмжих ёстой ч газрын тос олборлогч Арабын орнуудтай харилцах харилцаанаас ихээхэн хамааралтай аж. Тиймээс Вашингтон энэ мөргөлдөөнийг цаашид үргэлжлүүлэх сонирхолгүй байна. Түүнчлэн Арабын ертөнц болон Олон улсын хамтын нийгэмлэгийн хариу үйлдэл хохирогчдын тоо нэмэгдэх тусам улам дордох аж.
Сэтгэгдэл ( 0 )