ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улсын нутаг дэвсгэрээс олдсон Хүннүчүүдийн бүсний арлын материалын бүтцийг Оросын эрдэмтэд тодорхойлжээ. Эртний нүүдэлчдийн хэрэглэж байсан бүсний арлыг битумтай чулуун нүүрсээр хийсэн болохыг тогтоожээ.
“Journal of Archaeological Science: Reports” сэтгүүлд бичсэнээр, судалгааг Санкт Петербургийн улсын их сургууль, Оросын Шинжлэх ухааны академийн Эдийн соёлын түүхийн хүрээлэн, Эрмитаж музейтэй хамтран хийжээ.
Тува улсын нутаг дэвсгэрт явуулсан малтлагын үеэр МЭӨ 220 оноос МЭ II зууныг хүртэл Хятадаас хойд зүгт орших тал нутагт нутаглаж байсан нүүдэлчдийн соёлын эд өлгийн зүйлс олжээ. Тухайлбал, олон өнгийн чулуугаар чимэглэсэн хар өнгийн бүсний арлуудыг илрүүлсэн байна. Эд өлгийн зүйлс маш муу хадгалагдсан тул эдгээр арлыг юугаар хийснийг тодорхойлоход хүндрэлтэй байжээ. Судалгаагаар бүсний арлыг битумтай чулуун нүүрсээр хийсэн ба хясаа, мана, оюу, фуксит зэрэг чулуугаар чимэглэсэн аж.
Сэтгэгдэл ( 0 )