Хоёрдугаар шатны “Нүүрсний сонсгол” нүүрсний экспорт болон гааль, хилийн цэргийн алба хаагчдын асуудлаар үргэлжиллээ.
Шинжээчийн зүгээс, хилээр олон удаагийн давтамжтайгаар хоосон тээвэр хийсэн гэх мэдээллийг өгсөн ба нэг автомашин 400 гаруй удаа хилээр нэвтэрсэн тухайд мэдээллээ. Мөн Хятад, Монголын гаалийн хамтарсан манифестаар буюу гаалийн мэдүүлэггүйгээр 1748 машин 186 мянган тонн нүүрс хилээр гарсан гэдгийг тогтоосон байна.
Энэ асуудлаар гаалийн удирдлагуудын зүгээс “Анх 2018 оны хавраас эхэлж уг асуудлын талаар мэдээлэл авч, дотооддоо шалгаж эхэлсэн. Гэвч энэ нүүрс тээврийн асуудал дотоод шалгалтаас хэтэрсэн асуудал байсан учраас хуулийн байгууллагад хандаж, одоогийн яригдаж байгаа тоон мэдээг гаргаж ирсэн” гэлээ.
Харин ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Үдээс өмнөх сонсголын үеэр яригдсан. Улсын хилээр ямар ч бүртгэлгүйгээр ногоон гэрлээр хэсэг бүлэг хүмүүсийн, улс төрийн хамаарал бүхий компаниудын машин гардаг тухай жагсаалттай танилцлаа.
Үүнээс өөрөөр арав гаруй жил үргэлжилсэн энэ хулгайд одоо ямар баримт хэрэгтэй байна вэ.
Гаалийн байгууллага, үүнийг хариуцсан Сангийн яам энэ асуудалдаа онцгой дүгнэлт хийх шаардлага үүснэ. Энэ нь мөн татвартайгаа холбогдоно” гэсэн юм.
Хулгайн тээврийн асуудал үүсэх үед Хил хамгаалах байгууллагад ямар нөхцөл байдал үүсэж байсан талаар тодруулахад Хил хамгаалах ерөнхий газрын дарга Х.Лхагвасүрэн “Хилээр гарч байгаа автомашины тоо, Хил хамгаалах ерөнхий газарт байгаа төв серверт байгаа мэдээлэл хоёрын тоо зөрсөн. Тагнуулын албанаас манай сервер халдлагад өртсөн эсэхийг шалгуулахад халдлагад өртөөгүй байсан. Төв газрын сервер болон боомтуудад байгаа серверийн мэдээлэл зөрсөн нь үнэн. 2022 оны тавдугаар сард машины тоо зөрсөн асуудлыг дотооддоо илрүүлж, бүртгэлгүй гаргаж байсан дөрвөн хүнийг шаогуулж, шүүхэд шилжүүлсэн.
Арван жилийн хугацаанд 2 сая гаруй автомашин гарсан. Манай байгууллагаас хил зөрчигч байхгүй” гэдэг байр суурь илэрхийлснээр өнөөдрийн сонсгол өндөрлөлөө. Сонсголд 119 гэрч дуудсанаас 81 гэрч хүрэлцэн ирж ирц 68.1 хувьтай байлаа.
Сэтгэгдэл ( 0 )