Б.Ганхуяг эзгүй, С.Баярцогт гайхаж, Ш.Адьшаа, А.Адъяасүрэн нар бухимдсан сонсгол

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2023 оны 12 сарын 20

УИХ-ын хянан шалгах Түр хорооноос зохион байгуулж буй нүүрсний хулгайн асуудлаарх “Нээлттэй сонсгол” өчигдөр  хоёр дахь өдрөө үргэлжлэв. Гол сэдэв нь ЭТТ компанийн борлуулалтын үйл ажиллагаа, нүүрсний гэрээний үнэ тогтоолт, "Чалко"-той байгуулсан гэрээ, нүүрс баяжуулах үйлдвэр, газрын тос дамжуулах хоолой болон уулын ажлын төлбөрийн хүрээн дэх нүүрс худалдах, худалдан авах гэрээний асуудлаарх баримт мэдээллийг сонслоо. Нүүрс баяжуулах үйлдвэр барих төсөл, төслийн үйл явцын талаарх шинжээчийн дүгнэлтийг сонсоход тус төслийн гэрээг хөнгөлөлттэй нөхцөлөөр хийсэн учраас "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг оффтэйк гэрээнд оруулж байжээ. Тэгвэл хөнгөлөлттэй нөхцөлийн зөрүүнээс 34.1 сая ам.долларын боломж алдагдсан байна. Түүнчлэн уг гэрээнд ТУЗ-ийн тогтоолоор нэмэлт өөрчлөлт оруулснаар гэрээний анхны үнийн дүн болох 355 тэрбум төгрөгийг нэмэгдүүлж, нэг  их наяд, 87 тэрбум төгрөг хүртэл өсгөжээ.

ЭТТ-Н ТУЗ-Д ДАРГА НАРЫН ХҮҮХДҮҮД “ТОНГОЧИЖ” БАЙЖЭЭ 

Төслийн явц бодит байдалд  ямар байгаа талаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнээр ажиллаж байсан П.Өлзийнаранг гэрчээр дуудаж асуусан юм. Тэрбээр "Би ТУЗ-д 2016 оны арваннэгдүгээр сараас хойш суусан. Ийм том төслийг ямар ч судалгаа шинжилгээгүйгээр, яг “нинжа” шиг ухаж ирсэн байсан. Анх орсноосоо эхлээд суурь судалгааны ажлыг эхлээч, ахуйгаар яривал сүүтэй саалийн үнээгээ малын эмчид үзүүлээч гэдэг саналыг байнга тавина. Үүний нэг хэсэг нь Нүүрс баяжуулах үйлдвэр байгаа юм. Энэ үйлдвэр ашиглалтад орсноор ажлын байр нэмэгдэнэ. Бүтээгдэхүүний чанар дээшилнэ, дагаад нүүрсний үнэ доод тал нь хоёр  дахин өсөх өндөр магадлалтай гэх мэт олон ач холбогдолтой байсан учраас 2016 оноос хойш нүүрс баяжуулах үйлдвэр, бусад судалгаа шинжилгээний ажлыг хийгээч гэдэг шаардлагыг тавьж ирсэн. Ийм байдалтай байсан учраас ТУЗ-өөс гарсан. Дарга цэрэг нарын хүүхдүүд, тэдний найзууд, ТУЗ-ийн хуралд ийм байдалтай ханддаг. Мэргэжлийн бус, төслөө ойлгохгүй. Уурхай руу огт явдаггүй. Уурхайн тоос идэж үзээгүй хүн яаж хөгжил цэцэглэлтийг бий болгох юм бэ. Яаж технологийн нарийн хөрөнгө оруулалтуудыг хийлгэхийг шаардах юм бэ. Огт шаарддаггүй байсан” гэв.

Шинжээчийн зүгээс “Энэ төсөлд саналын эрхтэй хувьцаа эзэмшигчид нь  төслийн тогтвортой байдлыг хангах хөрөнгө оруулалтуудыг ер нь хийгээгүй. Шууд бус стратегийн ач холбогдолтой өөр төслүүдэд бүх хөрөнгө оруулалтыг хийж ирсэн” гэдгийг хэллээ.

ГААЛИЙН МЭДҮҮЛЭГГҮЙ 1748 МАШИН, 186 МЯНГАН ТОНН НҮҮРС ГАРЧЭЭ

Сонсголын үеэр хилээр олон удаагийн давтамжтайгаар хоосон тээвэр хийсэн гэх мэдээллийг өгсөн бөгөөд нэг автомашин 400 гаруй удаа хилээр нэвтэрсэн тухайд шинжээчийн мэдээллийг сонсов. Ажлын хэсэг Хятад, Монголын гаалийн хамтарсан манифестаар буюу гаалийн мэдүүлэггүйгээр 1748 машин 186 мянган тонн нүүрс хилээр гарсан гэдгийг тогтоосон байна.Тэгвэл  гаалийн газрын удирдлагууд “Анх 2018 оны хавраас эхэлж уг асуудлын талаар мэдээлэл авч, дотооддоо шалгаж эхэлсэн. Гэвч энэ нүүрс тээврийн асуудал дотоод шалгалтаас хэтэрсэн асуудал байсан учраас хуулийн байгууллагад хандаж, одоогийн яригдаж байгаа тоон мэдээг гаргаж ирсэн” гэсэн юм. Харин ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Улсын хилээр ямар ч бүртгэлгүйгээр “ногоон гэрэл”-ээр хэсэг бүлэг хүмүүсийн, улс төрийн хамаарал бүхий компаниудын машин гардаг тухай жагсаалттай танилцлаа. Үүнээс өөрөөр арав гаруй жил үргэлжилсэн энэ хулгайд одоо ямар баримт хэрэгтэй байна вэ.

Гаалийн байгууллага, үүнийг хариуцсан Сангийн яам энэ асуудалдаа онцгой дүгнэлт хийх шаардлага үүснэ. Энэ нь мөн татвартайгаа холбогдоно” гэсэн юм.

 

Х.Лхагвасүрэн: 2022 онд машины тоо зөрсөн асуудлыг илрүүлж, дөрвөн хүнийг шүүхэд шилжүүлсэн

 

Хулгайн тээврийн асуудал үүсэх үед Хил хамгаалах байгууллагад ямар нөхцөл байдал үүсэж байсан талаар тодруулахад Хил хамгаалах ерөнхий газрын дарга Х.Лхагвасүрэн “Хилээр гарч байгаа автомашины тоо, Хил хамгаалах ерөнхий газарт байгаа төв серверт байгаа мэдээлэл хоёрын тоо зөрсөн. Тагнуулын албанаас манай сервер халдлагад өртсөн эсэхийг шалгуулахад халдлагад өртөөгүй байсан. Төв газрын сервер болон боомтуудад байгаа серверийн мэдээлэл зөрсөн нь үнэн. 2022 оны тавдугаар сард машины тоо зөрсөн асуудлыг дотооддоо илрүүлж, бүртгэлгүй гаргаж байсан дөрвөн хүнийг шалгуулж, шүүхэд шилжүүлсэн. Арван жилийн хугацаанд хоёр сая гаруй автомашин гарсан. Манай байгууллагаас хил зөрчигч байхгүй” гэдэг байр суурь илэрхийлснээр сонсгол түр өндөрлөв. Сонсголд 119 гэрч дуудсанаас 81 гэрч хүрэлцэн ирж ирц 68.1 хувьтай байлаа.

СОНСГОЛЫН ХАМГИЙН ТОМ ГЭРЧИЙГ ИРҮҮЛСЭНГҮЙ

Өчигдрийн “Нээлттэй сонсгол”-д ЭТТ-н гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг гэрчээр оролцуулах  бичгийг шүүхэд хүргүүлсэн ч хэргийг эцэслэн шийдвэрлээгүй, шүүгдэгч нарын гэм буруутай эсэхийг тогтоогоогүй байгаа бөгөөд хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх шатанд байгаа тухай хариу албан бичгийг ирүүлжээ. Ийнхүү сонсголын хамгийн том гэрч эзгүй, хэлэлцүүлэг өрнөлөө. Гэрчээр дуудагдсан УИХ-ын гишүүдээс Т.Аюурсайхан ирсэнгүй. Ж.Мөнхбат гадаадад яваа сурагтай.  Тэгвэл гэрчээр дуудагдсан Сангийн сайд асан С.Баярцогт “Намайг энд дуудсаныг би гайхаж байна. Би маш богино хугацаанд 2008, 2009 онд маш ашигтай гэрээнүүд хийсэн” хэмээн байр сууриа илэрхийлэв. Гэтэл түүнийг Сангийн сайд, ЗГХЭГ-ын даргаар ажиллаж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой ойр байж, мөн Ерөнхийлөгчийг ЭТТ-н дарга байсан  Б.Энэбишт  дарамт үзүүлж, “Хонгил”-оор чирсэн түүхийг мэдэх нэгэн  гэдгийг хэвлэлүүд бичдэг. Үүний зэрэгцээ сонсголд гэрчээр дуудагдсан УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, А.Адъяасүрэн нарын  амьсгаа  нэлээн дээр, ихэд бухимдаж буй сураг дуулдлаа.

Ч.Хүрэлбаатар: Би “Чалко” компанитай ямар холбоотойгоо ойлгохгүй байна

Сонсголоор хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан 2008-2012 оны Засгийн газарт сайдаар ажиллаж байсан Ч.Хүрэлбаатар,  Д.Зоригт нар мөн  гэрчээр оролцсон. Тэднээс Хянан шалгах түр хорооны гишүүн Д.Ганбаатар “Чалко” компанитай байгуулсан гэрээтэй ямар холбоотой болохыг тодруулсан юм.

Ч.Хүрэлбаатар "Чалко”-тай  ямар сэжмээр  холбогдоод энд сууж байгаагаа сайн ойлгохгүй байна. Шинжээчийн дүгнэлтийг харлаа. Үнэтэй холбоотой зүйл ярьж байна. Үнэ зах зээлийнхээ нөхцөл байдлаас хамаараад өсөж, буурч явдаг.

Өндөр үнэтэй байх үед хийсэн гэрээ бол сайн гэрээ. Үнэ буурсан үед гэрээнийхээ нөхцөлөө ашиглаад явбал сайн. Гэрээ байгуулчихаад үнэ өсөөд явчихвал алдагдалтай байх магадлалтай.

Тэгэхээр би Б.Энэбиш захирлын хэлж байгаа тайлбараас сонсоход үнэ өндөр байх үед гэрээ хийгдсэн юм байна. Дараа нь үнэ унаад эхлэх үед ажлаа авсан хүмүүс гэрээнийхээ нөхцөлүүдийг ашиглаж чадаагүй юм байна гэж ойлголоо” гэв.

Д.Зоригт: Иргэддээ хишиг хүртээх тогтоолуудыг хэрэгжүүлсэн

Эрдэс баялаг, эрчим хүчний сайд асан Д.Зоригт "Энд байгаа шалтгааныг шинжээчийн дүгнэлтээс харахад “Эх орны хувь, хишиг” бол УИХ-ын шийдвэрээр байгуулагдсан хамтарсан Засгийн газраас Монгол Улсын бүх иргэдэд олгох хууль байгаа. Энэ хууль яагаад гарсан бэ гэдэг зүйл яригдахгүй байгаа учраас би нэг зүйлийг онцолж хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Тавантолгойн орд газар бол ашиглах эрх нь гаднын компанид бараг дөрөв, таван жил байсан.

Гаднын компани нь ашиглах эрхээ 98, 99 оны хямралын үеэр хаяад гараад явахад нь Монголын үндэсний хэдэн аж ахуйн нэгж ашиглах эрхийг нь аваад бараг арваад жил болж, эрхээ хадгалаад төрдөө буцааж өгсөн. Төрдөө буцааж өгсөн шалтгаан нь 2006 онд Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт орж, стратегийн орд газруудын тухай заалт нь батлагдаж, стратегийн жагсаалтад орсон орд газруудад төр хувь эзэмшилтэй байна гэсэн заалт орсон.

Гэхдээ энэ хууль яг хэрэгжсэн газар нь Тавантолгой, Оюунтолгой хоёр л байгаа. Өнөөдөр Монгол Улсын түүхэнд стратегийн байна уу, энгийн орд газар байна уу өөрөө эзэмшиж явж байгаад нэг ч хүрз авалгүйгээр төрдөө буцаагаад өгсөн түүх Тавантолгойгоос өмнө ч байхгүй, хойно ч байхгүй.

2008 онд УИХ-д сонгууль болоход төрд буцаж ирсэн лицензийг яаж ашиглах вэ, ямар байдлаар ард иргэддээ үр шимийг нь хүртээх вэ гэдэг маш том хэлэлцүүлэг улс орны хэмжээнд явагдсан. Үүний үр дүнд хоёр нам сонгуульд орохдоо эх орны хишиг 1.5 сая төгрөг өгнө гэсэн амлалт өгч, хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт хуульчлагдаж, их орны хувь хишиг өг гэдэг заалт орсон. УИХ-аас Засгийн газарт нь жил бүр үүнийг хэрэгжүүлэх үүрэг өгч, тогтоол баталдаг байсан.

Ард иргэддээ уул уурхайн баялгаас хишиг хүртээж, хувь өгөх нь Үндсэн хуулийн заалтад байгаа. Тухайн үедээ би ч гэсэн эргэлздэг байсан. Нэгэнт УИХ-ын шийдвэр гарсан, хуультай учраас хэрэгжүүлэхээс өөр аргагүй гэж боддог байсан бол өнөөдөр эргээд харахад ард иргэддээ хүртээж байх нь зөв юм байна гэж харж байгаа.

Иргэдэд хишиг хувь хүртээх 2008 оны тогтоол, Хүний хөгжлийн сангаас 2010 онд иргэдэд өгөх эх орны хишиг хувийн хэмжээг тогтоох тухай 2009 оны тогтоол байгаа. 120 мянга, 2011 онд 258 мянга, 2012 онд ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөг, бусад иргэнд дахиад 128 мянган төгрөг өгөх гэсэн тогтоолууд баталсан байна. Энэ тогтоолыг хэрэгжүүлэхийн төлөө Засгийн газар ажилласан юм” гэв.

Нүүрсний сонсгол өнөөдөр үргэлжилж байна.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(139.5.219.79) 2023 оны 12 сарын 21

хүрэлбаатар баярцогт зоригт гээд оюутолгойн гэрээг байгуулхад гол үүрэг гүйцэтгэсэн 3 хулгайч байна. гэмгүй царайлаад л сууж байнаа.

0  |  0
иргэн(202.9.46.172) 2023 оны 12 сарын 20

ЭЗЭНГҮЙ, ТОЛГОЙГҮЙ БОЛСОН МОНГОЛ МИНЬ ЯАНА ДАА.............................

0  |  0
Top