Бүсийн хөгжлийг хотууд нь дагуулдаг

2024 оны 02 сарын 14

Монгол Улсын Засгийн газраас энэ 2024 оныг "Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил" болгон зарлаад байна. Үүний угтал болгож УИХ-ын сонгуулийн холимог тогтолцооны мажоритар хэсгийг бүсчилсэн том тойргоор явуулахаар боллоо. Гэхдээ бүсчилсэн сонгууль явуулах нэг хэрэг. Бүсчилсэн хөгжил гэдэг бодлого боловсруулаад улс орныг хөгжүүлнэ гэдэг нэгэн УИХ, нэгэн Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд хийж хэрэгжүүлэх бус, олон жилийн нөр их хөдөлмөр шаардсан, үе үеийн олон Засгийн газрын залгамж чанар дээр тогтох зүйл гэдгийг бодлого гаргагчид болгоосон л байж таарна.

Монгол Улсыг бүсчлэн хөгжүүлэх тухай олон янзын “онол” яригдсаар удаж буй. Анх 2001 онд УИХ-ын 57 дугаар тогтоолоор Монгол Улсын бүсчилсэн хөгжлийг баталснаас хойш 23 жил өнгөрлөө.  2001 оны бүсчилсэн хөгжлийн бодлогоор Баруун бүс: Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд; Хангайн бүс: Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Булган, Орхон, Хөвсгөл, Төвийн бүс: Говь-Сүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Зүүн бүс:  Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Улаанбаатарын бүс: нийслэл хот, түүний дүүргүүдийн нутаг дэвсгэр, хот орчмын бүсийн дагуул хотууд тус тус орно хэмээн төлөвлөж байсан юм. Гэвч бодитоор хэрэгжсэн ажил өнөөг хүртэл байсангүй.

“Саалиа хураахаар саваа бэлд” гэдэг үг бий. Бүсчилсэн хөгжил гэдэг яриа зөвхөн сааль бэлдэх ажил болж хоцроод, саалиа юүлж хадгалах, түүгээр цагаан идээ боловсруулж агуулах савны тухай яриа нь орхигдоод байгаагаас л шинэ зууны эхнээс яригдсан бодлого өнөөг хүртэл бүтээгүй гэж хэлж болно. Тэгвэл тэр сав нь юу вэ. Түүнийг тухайн бүсийн хөгжлийг дагуулан түүчээлэх томоохон хот, сууринууд гэж хэлмээр санагддаг.

Өнөөгийн сонгуулийн бүсчилсэн тойргийг бүсчилсэн хөгжлийн үндэс юм гэж үзвэл баруун бүсэд гол төв нь Ховд, түүний дагуул болгож Өлгий, Улаангом, Алтай, Улиастай, Тосонцэнгэл хотууд, Баруун хойд талд гол төв нь Эрдэнэт, түүний дагуул Мөрөн, Булган хотууд,  Хангайн бүсэд гол төв нь шинээр байгуулах Хархорин хот, дагуул нь Баянхонгор, Цэцэрлэг, Арвайхээр хотууд, Хойд бүсэд гол төв нь Дархан хот, дагуул нь Сүхбаатар, Зуунмод хотууд, Зүүн бүсэд гол төв нь Чойбалсан хот, дагуул нь Чингис, Баруун-Урт хотууд, Говийн бүсийн гол төв нь Ханбогд хот /Оюутолгойг түшиглэн шинээр байгуулах боломжтой/, дагуул нь Даланзадгад, Мандалговь, Сайншанд, Чойр хотууд байж болно. Тэдгээрт үйлдвэр, үйлчилгээ, тухайн бүсэд тохирсон аж ахуйн салбаруудыг хөгжүүлж, ажлын байр олноор байгуулж байж жинхэнээсээ төвлөрлийг сааруулан, бүсчилсэн хөгжлийн бодлого хэрэгжүүлэх учиртай байх.

Тэрнээс биш, зүгээр бүсчлэл яриад, иргэдийг хөдөө орон нутагт очиж амьдрахыг уриалаад суух нь амьдралд наалдахгүй. Очоод ажлын байргүй, хүүхдээ сургах чанартай сургалт бүхий сургуульгүй, эрүүл мэндийн наад захын үйлчилгээ авах боломжгүй, үзвэр, соёлын газар хомс нутаг тийш шилжин суурьших хүн төдий л их гарахгүй нь мэдээж. Тийм учраас өдий олон жил Улаанбаатартаа Монгол Улсын хүн амын тэн хагас нь суурьшсаар ирлээ. Хуучин төвүүдийн хот гэдэг нэрийг зайлшгүй сэргээж, түүнд нь тохирсон хөгжил, дэвшил, үйлдвэрлэл, үйлчилгээ, соёлыг нэвтрүүлэх зайлшгүй шаардлага бий.

Хотуудаа дагаж орон нутаг хөгжиж байсан бэлээхэн туршлага монголчуудад байдаг. 1992 оноос өмнө аймгийн төв бүр хот байж, сумдаа өөртөө татаж, иргэдийнхээ хэрэгцээг хангаж, биеэ даан хөгжсөн 18 бүс байсан хэрэг. Гэм нь 1992 онд Үндсэн хууль батлахдаа Монгол Улсыг Улаанбаатар гэдэг ганцхан хоттой, бусад нь зүгээр л хөдөө нутаг болж, аймгийн төвүүд өнгө зүсээ алдаж, үйлдвэр, албан газрууд нь тарж, оршин суугчид нь ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж, нийслэлийг чиглэсэн их нүүдэл үргэлжилж, 1990-ээд он, 2000-аад оны заагаар хэдэн өвөл зуд үргэлжилж, малаа барсан малчид ганц хот руугаа зүтгэн өнөөдрийн шаваарсан, утаа униартаа дарагдсан уйтгартай саарал томоохон тосгон маягийн хотыг бий болгосон. Нийслэл хотын соёл, хотын хүний донж маяг, хот газрын хэв шинж гэх онцлог арчигдаж, унаган хотынхон гадаад руу голдуу гарч, шилжин суурьшигчид орон нутгийн амьдралын хэвшлээ нийслэлд уусган, үндсэндээ Монголд хотын гэх тодотгол үгүй шахам болсон. Орон нутгийг гагнаж, иргэдээ татаж байсан төвүүд нь алга болсны балаг тэр юм.

Хуучин тогтолцооны үед сайн ч, муу ч хотуудтай байлаа. Тухайн үед Монгол 18 аймагтай, аймаг бүрийн төв нь хотын статустай, тэр бүү хэл аймгийн төвөөс гадна орон нутгийн хотын эрхтэй суурингуудтай байв. Тэдгээр нь зүгээр нэр төдий зүйл биш, цол дагаж бяр гэгчээр хот гэдэг нэрийг дагаад хотын соёл, хотын үйлдвэрлэл, үйлчилгээ бүгд тэнд төвлөрдөг байлаа. Үйлдвэр, аж ахуйн газрууд нь аймгийнхаа төдийгүй, улсын хэмжээний хэрэглээг хангадаг хүчин чадалтай байв. Газар тариалан эрхэлдэг Сангийн аж ахуй бүхий аймгийн төв болгон гурилын үйлдвэртэй, түүнийг дагаад хүнс, талх, чихэр, нарийн боовны үйлдвэрүүдтэй. Бой буюу мал төхөөрөх төвлөрсөн газруудтай, тэнд гэдэс дотор, толгой шийр, тураг махаар нь ангилаад худалдаанд гаргадаг. Тэдгээрийг түшиглэсэн нийтийн хоолны газруудтай. Хүнс, бараа, түүхий эд, шатахуун тээврээр төрөлжсөн авто баазуудтай, эрчим хүчээ өөрсдөө үйлдвэрлэчихдэг, төрөл бүрийн үйлчилгээ үзүүлдэг ахуйн үйлчилгээний газрууд, сум дундын эмнэлгүүд аймаг бүрд байсан. Тийм учраас хөдөөгийн хүн ам тэгтлээ нийслэл хот руу явахгүй, угаасаа авах ёстой бүх үйлчилгээ нь аймгийн төвүүдэд байсан учраас. Улаанбаатар хот ч орон нутгаас хүн барагтай шилжүүлэн авдаггүй нарийн дүрэм журамтай байсан тул иргэдийн тоо дөрвөн уулынхаа дунд, Хүн чулууны хонхортоо байх хэмжээндээ байж, утаа униаргүй, цэвэр агаартай, цэмцгэр нийслэл байж Азийн цагаан дагина алдрыг хүртэж явлаа.

Орон нутгийн хотууд гэж зарим талаараа аймгийн төвөөсөө ч илүү хөгжсөн газрууд байсан юм. Хөвсгөлийн Хатгал, Завханы Тосонцэнгэл, Сэлэнгийн Зүүнхараа, Дорноговийн Чойр, Зүүнбаян, Замын-Үүд зэрэг нэртэй алдартай хотууд байсан. Өөрийн мэддэгээр Хатгал хотоор жишээ татъя. Улаанбаатарын Аж үйлдвэрийн комбинатын нэг салбар болох Ноос угаах үйлдвэр Хөвсгөл нуурын эрэг, Хатгал хотод 1933 онд 24 цагийн турш цахилгаан гэрэл яралзуулан үүдээ нээж 50 гаруй жил ажилласан. Баруун аймгуудын хонины ноосыг химийн аргаар, техникийн хүчээр угааж боловсруулан хойд хөршид гаргадаг механикжсан том үйлдвэр байв. Аймгуудаас ноос тээвэрлэсэн машинууд өнөөгийн Улаанбаатар хотын замын түгжрэл гэгчээр олон км жирийтэл дараалан зогсож ноосоо үйлдвэрт тушаагаад, ЗХУ-аас усан замаар тээвэрлэж ирсэн гурил, будаа, хүнс, даавуу, даалимба, бараа, бэлэн хувцас, гоо сайхны бараа, дэвтэр, хичээлийн хэрэглэл, хүүхдийн тоглоомыг ачин буцдаг. Гадагш хөлөөр нь гаргадаг хонины ноосыг хяргаж авч үлдээд үйлдвэрт оруулан боловсруулж мяндас шиг болгоод нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгон гаргадаг байв. Нэг үгээр хэлбэл, хонь өөрөө нэг бүтээгдэхүүн, ноос нь дахиад өөр нэг бүтээгдэхүүн болоод гардаг гэсэн үг. Сүүлд боловсруулсан ноосоо Эрдэнэтийн Хивсний үйлдвэрт өгдөг, бүр гуравдагч орнууд, Вьетнамд гаргаж, барилгын дулаалгын материал болгон нийлүүлдэг байсан. Өнөөдөр огт үнэгүй болсон ноос тийм үнэ цэнийг үүсгэж байсан юм.

Аймгийн төвийн эмнэлгээс гадна Хатгалд сум дундын эмнэлэгтэй, ойр орчмын сумдын иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг, тойрог бүсийнхээ сумдын сурагчдыг наймдугаар анги төгсөхөд нь шилжүүлэн сургадаг 10 жилийн сургуультай, Ахуйн үйлчилгээний том төвөөр бүх төрлийн үйлчилгээ үзүүлдэг, бодын хөөвөр хялгас, ангийн арьс, түүхий эдийг ангилж боловсруулж гадагш гаргадаг дамжлага бааз, шатахуун тээврийн 24 дүгээр авто бааз, баруун аймгуудыг хангадаг шатахууныг агуулж хуваарилдаг нефть бааз, эрчим хүчний үйлдвэр, мод боловсруулах үйлдвэр, 1921 оноос ч өмнө оросуудын хэрэглэж байсан шуудан холбоо, усан замын боомт бүхий томоохон сууриныг 1990 оноос хойш хэдхэн жилийн дотор 100 хувь сүйрүүлж, дайнд нэрвэгдсэнээс дор болгоод хаясан нь маш том эмгэнэл байлаа. Одоо бол аялал жуулчлалын нэг түшиц болон хөгжих аясаа олж байна. Гэхдээ л нэгэн цагт аймгийн төв байж, сүүлдээ орон нутгийн хот, үйлдвэрийн том төв байсан энэ газар өөрөөсөө 30 км-ийн алс Алаг-Эрдэнэ сумын нэг баг болж, тосгон нэр зүүж бие даасан эрх мэдэлгүй үлдсэн нь дорвитой хөгжих боломж олгохгүй л байгаа харагддаг.

Тэгвэл өнөөдрийн бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхийн тулд бүс бүрд тухайн бүсээ татан хөгжүүлэх томоохон суурин, хотуудыг юуны түрүүнд хөгжүүлэх учиртай болов уу. Хотуудаа өөд татаж, ажлын байрууд олноор бий болгон, чанартай боловсрол олгодог сургууль, тохилог эмнэлгүүд байгуулан хөгжүүлсэн цагт нийслэл хотын төвлөрөл аяндаа саарна. Бүсчилсэн хөгжлийн бодлого ч хэрэгжих суурьтай болно. Цаасан дээр бүсийн хөгжил төлөвлөж сууснаас илүүтэй аймгуудынхаа төв хотыг сэргээхэд анхаарлаа тавихад л болоод явчих мэт. Угаасаа аймгийн төвүүдийг жаахан додомдоход л сэргээд ирэх боломж нь бүрэн байгаа харагддаг шүү дээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hehe(219.100.37.246) 2024 оны 02 сарын 14

haha

0  |  0
Top