ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр өчигдөр цаг үеийн асуудлаар хэвлэлийнхэнд мэдээлэл, тайлбар өглөө. Түүнээс дараах зүйлийг тодрууллаа.
-Засгийн газрын тогтоолоор Гадаадын хөрөнгө оруулагчдыг хохироосон, эд хөрөнгийг нь дээрэмдэж авсан гэх гомдлыг шалгаж, тогтоох Ажлын хэсэг байгуулсан. Энэ ажил ямар шатандаа явна вэ. Дээр нь, таныг зарим хэвлэлээр “БНХАУ-ын талд үйлчиллээ, хятад” гэх мэдээлэл гараад эхэллээ. Үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, гадаадын хөрөнгө оруулсан хөрөнгийг хууль бусаар булааж авсан, хохироосон гэх асуудлаар хоёр жилийн өмнө Х.Нямбаатар сайдаар ахлуулсан Ажлын хэсэг гаргаж, ажилласан. Одоо хүртэл ажиллаж байна. Үүний үр дүнд 50 гаруй гадаадын хөрөнгө оруулагчдыг хохироосон гэх асуудлыг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд шийдвэрлэсэн байна. Энэ ажлын хүрээнд сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр хятадуудад үйлчиллээ гэдэг төлбөртэй, цаанаа том хэмжээний санхүүжилттэй гүтгэлэг түгээсэн. Үүнтэй холбоотойгоор миний бие тайлбар хийхээс өөр аргагүй нөхцөл байдалд орлоо. Тэгэхээр Сүхбаатарын талбайн яг урд, хотын төвийн “А” зэрэглэлд байх 14 мянган метр квадрат “Ayud tower” гэх БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттаар барьсан офиссын барилгыг өөрсдийн өмчлөлд хууль бусаар шилжүүлж авсан гэдэг гомдол ирсэн.
-Гомдол нь Засгийн газарт ирсэн үү?
-Тийм ээ, Засгийн газарт ирсэн. Засгийн газар хоёр удаа тогтоол гаргаж энэ компанийн асуудлаар ХЗДХ-ийн сайдад үүрэг, чиглэл өгсөн байдаг. Нэг нь Х.Нямбаатарыг ХЗДХ-ийн сайд байхад, нөгөө нь намайг сайдаар томилогдсоны дараа өгсөн юм. Ингээд миний бие ХЗДХ-ийн сайдын хувьд Ажлын хэсэг гаргаж, шалгасан. Ажлын хэсэг илтгэх хуудас, дүгнэлтээ гаргаж надад танилцуулсан. Энэ шалгалтын дүнгээр олон ноцтой асуудал тогтоогдсон.
-Ямар асуудал үүссэн юм бол?
-Нэгдүгээрт, тухайн БНХАУ-ын иргэний хөрөнгийг шилжүүлэх үйлдлийг гэрчилсэн нотариатч өмчийн эзэн болох БНХАУ-ын иргэн гарын үсэг зураагүй байхад хуурамчаар зурсныг нь баталгаажуулсан. Улмаар өмчлөлийг нь шилжүүлсэн байна. Тухайн нотариатч энэхүү үйлдлийг хийснийхээ дараа АНУ руу зугтаж алга болсон нь тогтоогдсон. Харин улсын бүртгэлийн байгууллага тэр хөрөнгийг шилжүүлэхдээ Бүртгэлийн тухай хуульд заасан 11 шаардлагын найм нь хангагдаагүй бүртгэл хийж, хөрөнгийг нь шилжүүлсэн байна. Энэ асуудлаар бүртгэлийн байгууллагад олон удаа гомдол гаргахад тэр гомдлыг нь хангалттай хянаж, шалгалгүйгээр эрх зүйн бүрэн бус дүгнэлт хийж, татгалзсан хариунуудыг өгч байсан нь тогтоогдсон. Энэ хэрэгт Монгол Улсын Хил хамгаалах байгууллагын албан тушаалтан тухайн өмчийн эзэн БНХАУ-ын иргэнийг сатуулах этгээдийн жагсаалт, ямар ч байгууллагын шийдвэр гараагүй байхад бүртгэлд оруулсан байсан нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, энэ хэрэгт олон этгээд оролцсон нь тодорхой байна.
-Ингэхэд тэр БНХАУ-ын иргэн өнгөрсөн хугацаанд хууль, хяналтын байгууллагад хандсан л байж таарна шүү дээ?
-АТГ, цагдаагийн байгууллагад тухайн компани гомдол гаргаж, найман удаагийн эрүүгийн хэрэг үүсгэгдсэн ч дөрөвт нь хэрэг үүсгэхээс татгалзаж, хааж шийдвэрлэсэн байна.
-Хууль зөрчиж гэсэн үг үү?
-Тийм. Өөрөөр хэлбэл, энэ асуудалд манай маш олон хуулийн байгууллагын албан тушаалтнуудын оролцоотой хэрэг. Цаанаа эрх бүхий хүний нөлөөтэйгээр зохион байгуулалттайгаар хийгдсэн ажиллагаа байна гэж үзэхэд хүрч байна. Тиймээс албан даалгавар гаргаж, улсын бүртгэлийн байгууллага, хил хамгаалах байгууллага, нотариатын байгууллагын албан хаагчдад хариуцлага тооцсон. Намайг албан даалгавар гаргаж тэр хүмүүст хариуцлага тооцлоо гэж Хятадын талд үйлчиллээ гэдэг байдлаар гүтгэлэг явуулж байна.
-Хэргийн ард улстөрд нөлөө бүхий хүмүүс байгаа юм биш үү?
-Хүний хөрөнгийг дээрэмдсэн тэр этгээдүүд явуулж байна. Энэ асуудлаар Монгол Улсын Ерөнхий прокурорт шалгалтын дүнг бүрэн эхээр нь хүргүүлсэн. Энэ хэрэгт хуулийн байгууллагынхан өөрсдөө оролцоотой хэрэг гэдэг нь тодорхой харагдаж байна. Жижиг "гар" бол ийм зүйл хийж чадахгүй. Эзнийг нь олж тогтооно.
Сэтгэгдэл ( 4 )
Сайдад ажлын амжилт
хурдан арга хэмжээ авах хэрэгтэй дээ
хуулийн байгуллага ялангуа прокурор шүүх системээрээ ялзарсан. эрүүгийн хуульд авилга нэхэж авагч, аргагүйн эрхээр өгөгч хоёрыг хоёууланг нь яллах өөрчлөлт оруулсан нь авилгыг нууц хэлбэрт оруулсан. авилга авагчийг илчлэх боломжгүй болгосон.\n
Хуулийн байгууллага ингэтэлээ ялзарсан шдээ монголын маш олон цагдаа шүүххэн ингэж хулгайчдтайгаа нийлсэн та үүнийг маш дорвитой шударгаар цэгцлэх хэрэгтэй шдээ \n