Монгол Улсын Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас зохион байгуулж буй Ази, номхон далайн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хамтын ажиллагааны Коломбын төлөвлөгөө байгууллагын Зөвлөлдөх хорооны 48 дахь удаагийн хурал 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр эхэллээ.
Хурлыг нээж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр хэлсэн үгэндээ хүн амын насжилтын хувьд харьцангуй залуу улс орны хувьд ирээдүй, хойч үеэ хар тамхины хор хөнөөлөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлд онцгой анхаарал хандуулж буйгаа дурдаад энэ чиглэлийн хууль эрх зүйн орчныг сайжруулж, төрийн байгууллагуудын уялдаа холбоо, бүс нутгийн улс орнуудын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх замаар хамтдаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эсрэг тэмцэхийг уриалав.
Хар тамхины эсрэг нэг улс дангаараа тэмцэх биш нийтээрээ нэгдэж, олон талт мэдээллийг шуурхай солилцож, үр дүнтэй хамтран ажиллах шаардлагатай байгааг Б.Энхбаяр сайд тодотгов.
Хурлын үеэр тус байгууллагын Удирдах зөвлөлийн Ерөнхийлөгч Пайтүн Махапаннапорн, Коломбын төлөвлөгөө байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Бенжамин П.Рейэс нар нээлтийн үг хэлсэн бол Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар уншиж сонордууллаа.
Коломбын төлөвлөгөө байгууллагад Ази, номхон далайн бүс нутгийн 28 Улс гишүүнчлэлтэй бөгөөд Монгол Улс тус байгууллагад 2004 онд гишүүнээр элсэн орсон юм. Коломбын төлөвлөгөө байгууллагын Зөвлөлдөх хорооны 48 дахь удаагийн хуралд тус байгууллагын гишүүн улсын төлөөлөгчид, ажиглагчаар оролцож буй олон улсын байгууллагын төлөөлөл болсон нийт 52гадаадын зочид, дотоодын 100 гаруй төлөөлөгчид оролцож байна. Коломбын төлөвлөгөө байгууллагын дэгийн дагуу Зөвлөлдөх хорооны хурлыг эх орондоо зохион байгуулж буй Улсад хурал даргалах эрхийг шилжүүлдэг бөгөөд Зөвлөлдөх хорооны 48 дахь удаагийн хурал даргалагчаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа томилогдлоо. Өнөөдрийн хурлаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эсрэг хүчээ нэгтгэсэн бүс нутгийн төлөө: Урьдчилан сэргийлэх ажиллагааг эрчимжүүлэх нь” сэдвийн хүрээнд танилцуулга мэдээлэл хийв.
Сэтгэгдэл ( 0 )