Ираны Ерөнхийлөгч Эбрахим Раиси, Гадаад хэргийн сайд Хосейн Амир Абдоллахиян тэргүүтэй албаны найман хүний явсан нисдэг тэрэг энэ сарын 19-нд осолдож, сураггүй болсон билээ. Осолдсон нисдэг тэрэгний хэсгийг даваа гарагт олж, амиа алдсан хүмүүсийн цогцсыг гарган авч, таних ажил явагдсан.
Ираны баруун хойд хэсэгт болсон энэхүү ослоор амиа алдсан хүмүүсийн дунд Зүүн Азербайжан мужийн захирагч Малик Рахмати, Табриз хотын имам Мохаммад Али Аль-Хашем зэрэг албаны хэд хэдэн хүн байсан юм. Табриз хотын имам буюу мөргөл, сүмийн удирдагч Мохаммад Али Аль-Хашем нисдэг тэрэг осолдсоны дараа цагийн турш амьд байсан талаар Ираны хэвлэлүүд мэдээлжээ.
Ираны Онцгой байдлын байгууллагын тэргүүн Мохаммад Хасаны ярьснаар Табриз хотын имам ослын дараа Ерөнхийлөгчийн ажлын албаны тэргүүн рүү залгасан гэнэ.
Ираны Ерөнхийлөгч Эбрахим Раисиг тавдугаар сарын 23-нд төрсөн хот болох Мешхедэд нь оршуулах талаар тус улсын Дэд ерөнхийлөгч Мохсен Мансури мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )