Ираны Ерөнхийлөгчийн сууж явсан нисдэг тэрэг осолдох үеэр өөр нисдэг тэргээр дагалдан явсан Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Голам-хоссейн Эсмаили “Осол болох үеэр цаг агаар таатай байсан” гэж мэдэгджээ.
Тэрбээр “Хавцлын гүнд манан байсан байж магадгүй. Бидний нисэж байсан газарт манан байгаагүй. Үүл нисдэг тэрэгнээс өндөрт байсан” гэлээ. Үүнээс гадна Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга осолдсон нисдэг тэргэнд зорчиж явсан Табриз хотын имам сүйрлийн дараа нэг цагийн турш амьд байж, түүн рүү залгасан тухай ярьжээ. Табриз хотын имам Мохаммад Али Аль-Хашем “Юу болсныг, хаана байгаагаа би мэдэхгүй байна. Бие муу байна. Моднуудад дарагдсан, ганцаараа, хэнийг ч харахгүй байна” гэж хэлсэн гэнэ.
Ираны Ерөнхийлөгч Эбрахим Раиси, Гадаад хэргийн сайд Хосейн Амир Абдоллахиян тэргүүтэй албаны найман хүний зорчиж явсан нисдэг тэрэгний хэлтэрхийг даваа гарагт олж, амиа алдсан хүмүүсийн цогцсыг гарган авч, таних ажил явагдсан.
Ираны Ерөнхийлөгч Эбрахим Раиси шашны дээд удирдагчийн суудалд нэр дэвших хүчтэй өрсөлдөгч байсан учир түүний үхэл Ираны улс төрийн дотоод тэмцэлтэй холбоотой байж магадгүй талаар Туркийн Hurriyet сонин мэдээлжээ. Ираны шашны дээд удирдагч Али Хаменеи нас өндөр болсонтой холбоотойгоор тус улсад шашны удирдагчийн төлөөх тэмцэл болж байгаа талаар уг мэдээнд өгүүлсэн байна.
Амиа алдагсадтай салах ёс хийх ажиллагаа өчигдөр Табриз хотод болсон юм.
Сэтгэгдэл ( 0 )