Папуа Шинэ Гвинейд хөрсний гулгалтын улмаас 2000 хүн амьдаараа булшлагдаад байна

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 27

 

Папуа Шинэ Гвинейн Засгийн газар өнгөрсөн баасан гарагт болсон хөрсний гулгалт үүссэний улмаас 2000 гаруй хүн амьдаараа булшлагдаад байгаа тухай мэдээлж, НҮБ-д хандан олон улсын тусламж үзүүлэхийг хүссэн тухай Ройтерс агентлаг мэдээлжээ.

Одоогоор дөнгөж арав хүрэхгүй хүний цогцсыг шавар доороос гаргаж авчээ.

Тус улсын Энга мужийн Ямбали тосгоны 150 гаруй байшин шаварт булагдаад байна. Зарим газартаа хөрс, шавар нурангийн зузаан хоёр давхар байшинтай дүйцэхүйц байгаа аж.

НҮБ-ын мэдээллээр, 670 орчим хүн шавар, хөрсний нурангид дарагдаад байгаа бөгөөд амьд гаргаж авах найдвар багасаж байна.

Байгалийн гамшигт нэрвэгдсэн суурин алслагдмал бүсэд байрладаг бөгөөд хамгийн сүүлд 2000 онд хүн амын тооллого явуулсан тул амиа алдагсдын тоо ийм зөрүүтэй байгааг Ройтерс агентлаг тодруулжээ.

Үргэлжилсэн бороо, сул хөрсний улмаас гамшгийн бүсэд хүнд техник, тусламж хүргүүлэхэд хүндрэлтэй байна. Оршин суугчид эрэн хайх ажиллагаанд хүрз, модон саваа л ашиглаж байгаа гэнэ. Хөрсний нуралт дахин болох эрсдэл өндөр байна. Нутгийн зарим оршин суугчид гашуудлын арга хэмжээнд саад болно гэж үзэн, хүнд техник оруулах дургүй байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top