Өнөөдөр өглөө Мьянмарын Качин муж дахь хаш чулуу олборлодог бүсэд хөрсний гулгалт үүссэний улмаас амиа алдсан хүний тоо 113-д хүрээд байна гэж Мьянмарын мэдээллийн яам мэдэгджээ. Үүнээс өмнө 96 хүн нас барсан тухай мэдээлж байсан билээ.
Аврах албаны төлөөлөгчийн мэдээлснээр, орон нутгийн цагаар 08.00 цаг орчим 304 метр өндөр хад нурсны улмаас Сате Му тосгонд байрладаг хаш чулууны уурхай хөрсний гулгалтад өртжээ.
Борооны улирлаар хашийн эх орон гэгддэг Качин мужид аюултай хөрсний гулгалт үүсэх нь элбэг тохиодог байна. Хөрсний гулгалт ажлын цагаар болсон тул хаш чулуу олборлогчид олон тоогоор дарагдсан байж болзошгүй гэж аврах албаныхан эмээж байна.
2015 оны арваннэгдүгээр сард тус бүс нутагт томоохон хөрсний гулгалт үүссэний улмаас хаш олборлодог 116 хүн амиа алдаж байжээ.
Сэтгэгдэл ( 0 )