Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр эмгэнэл илэрхийллээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 06 сарын 16

Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр Өвөрхангай аймгийн Сант сумын Ардчилсан намын дарга сонгуулийн сурталчилгааны үеэр бусдын гарт амь насаа алдсанд эмгэнэл илэрхийлж, мэдээлэл хийлээ.

Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр "Өвөрхангай аймгийн Сант сумын Ардчилсан намын даргын амь насыг санаатайгаар хохироосон харамсалтай хэрэг гарлаа. МАН-ын түрэмгийлэл хэрээс хэтэрлээ. МАН-ынхан мундаг хүмүүс бусад нь хүн биш гэдэг хар пи-арбид бүгдийг хувааж, талцуулж байна" гэдгийг онцлов. 

Улс орныхоо өнцөг булан бүрд суугаа мянга, мянган эгэл жирийн гишүүдийнхээ нэрийн өмнөөс талийгаачийн ар гэр, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна. Сонгууль болдгоороо болно. Хүний амиар улс төр хийж болохгүй. Монголын ард түмэн цаашид амьдрах хэрэгтэй. МАН-ын даргыг албан ёсоор энэ асуудал дээр уучлалт гуйхыг шаардаж байна. Мөн УИХ-ын 1-р тойрогт МАН-аас нэр дэвшигчид улс төрийн ёс зүйтэй байж, нэрээ татахыг шаардлаа. Монгол Улс дарангуйлал, түрэмгийлэл доор амьдрах учиргүй. Монгол төрийг сонгох гэж байгаа сонгууль бодлогын уралдан байх ёстой, хүчирхийлэл байх ёсгүй. Ард түмэн шийдвэрээ гаргаж, төрөө байгуулна. Харин МАН энэ түрэмгийллээ зогсоож байж эрүүл саруул монгол төр бүрдэнэ" гэдгийг дахин илэрхийллээ

Top