Саудын Арабын эрх баригчдын мэдээлснээр, энэ жил Меккад хаж мөргөлийн үеэр дор хаяж 1301 мөргөлч амиа алджээ. Дийлэнх нь аагим халуунд наршиж, халуунд цохиулан хорвоог орхисон байна.
Саудын Арабын албан ёсны SPA мэдээллийн агентлагийн мэдээллээр, нас барсан мөргөлчдийн гуравны нэг нь хаж мөргөлийн үеэр тус улсад байх шаардлагатай бичиг баримтгүй байжээ.
Хаж мөргөл нь исламын шашны асар өргөн цар хүрээтэй арга хэмжээ. Жил бүр тус арга хэмжээнд олон сая хүн оролцдог уламжлалтай. Исламын ном, сударт сүсэгтэн хүн бүрийг амьдралдаа дор хаяж нэг удаа хаж мөргөл үйлдэхийг заадаг. Үүний тулд гэхдээ бие бялдрын хувь хүч тэнхээтэй, санхүүгийн боломжтой байх ёстой.
Саудын Арабын эрх баригчид мөргөлчдийн эрүүл мэндийг хамгаалах үүргээ амжилттай биелүүлсэн хэмээн мэдэгджээ. Энэ жилийн хаж мөргөлийн үеэр аагим халуун цаг агаар тогтож, олон зуун мянган хүн оролцсон ч халдварт өвчин дэгдээгүй байна.
Албан ёсны мэдээллээр, хаж мөргөлд давхардсан тоогоор 1.83 сая мөргөлч оролцсоноос 1.6 сая гаруй нь гаднын улс орнуудаас иржээ. ВВС агентлаг энэ жилийн хаж мөргөлийн үеэр мөргөлчдийн ийм олноор амиа алдсан шалтгааныг тодруулсан байна.
Хэт халалт
Хамгийн гол хүчин зүйл нь хаж мөргөлийн үеэр таарсан хэт халалт байжээ. Меккад агаарын температур сүүдэр газраа 51 градусыг давж, шөнөдөө 40 градусаас бууж байжээ. Ихэнх мөргөлчид, ялангуяа өндөр настай эсвэл эрүүл мэндийн байдал нь тааруу хүмүүс аагим халууныг арайхийж давж байсан аж. Арга хэмжээ асар том талбайг хамарсан бөгөөд сүүдэр бараадах боломжгүй байсан гэж ВВС онцолжээ.
Ихэнх даяанчид хаж мөргөлд ирэхдээ албан ёсны зөвшөөрөл, бичиг баримтгүй ирсэн тул эрүүл мэндийн тусламж авахад хүндрэлтэй байжээ.
Эрх баригчид “сэрүүцүүлэх станц” байгуулж, ус тарааж байгаа ч Арабын халуун олон хүний хувьд үхэлд хүргэв.
Ингэхдээ хаж мөргөлийн үеэр хэт халалтаас үүдэлтэй нас баралт гардаг нь шинэ үзэгдэл огт биш. Эрдэмтэд уур амьсгалын өөрчлөлт нөхцөл байдлыг улам хүндрүүлнэ гэж анхааруулж байгаа. Судалгаанаас үзвэл, агаарын дундаж температур 1.5 градусаар нэмэгдэхэд хаж мөргөлийн үеэр халуунд цохиулах эрсдэл тав дахин нэмэгдэнэ гэсэн тооцоолол гарчээ.
“Бурханы авралаар би амьд үлдлээ. Учир нь тэсвэрлэхийн аргагүй халуун байсан. Байнга шүхэр барьж, дээрээсээ ус асгадаг байсан” гэж Нигерээс ирсэн мөргөлч Айша Идрис ярьжээ.
Ариун цэврийн асуудал ба хэт бөөгнөрөл
Ихэнх мөргөлчид энэ жил орчны нөхцөл маш муу байсан хэмээн гомдолложээ. Зарим хүмүүсийн ярьснаар, мөргөлчдийн байрлаж байсан майхнууд дүүрч, агааржуулагчгүйн дээр ариун цэврийн цэгүүд байгуулаагүй байжээ.
Исламабадаас ирсэн мөргөлч Аминагийн хэлснээр, агааржуулагч ажиллаагүй тул майханд нь бүгчим халуун байсан гэнэ. Мөргөлч Фаузиагийн ярьснаар, хэт халуунд хүмүүс бөөгнөрсөн учир зарим нь ухаан алдаж унаж байжээ.
Тээврийн асуудал
Зарим мэдээллээс үзвэл, энэ жил хаж мөргөлийн үеэр нар шарж байхад мөргөлчдөд холын замыг явган туулахаас өөр аргагүй байв. Нэг мөргөлчийн ярьснаар, тэрбээр нэг ч дусал усгүй, нэг сөөм ч сүүдэргүй газраар долоон км замыг явганаар туулсан байна. Замын хаалтууд мөргөлчдийн хөдөлгөөнд том саад болжээ.
Даяанчид хүнд нөхцөлтэй майханд байрлахаас гадна замуудын хаасан тул өмнөх жилүүдээс ч хол замыг явганаар туулах шаардлага гарсан гэж мөргөлчид гомдолложээ. Улмаар хүмүүс халуун цохиулах, усгүйдэх зэрэг эрсдэлд орж, ялангуяа эмнэлгийн тусламж шаардлагатай хүмүүсийн биеийн байдал муудахад хүргэсэн байна.
Эмнэлгийн тусламжийн хүртээмж муу
Зарим мөргөлчид эрүүл мэндийн тусламж авах боломжгүй байсан эсвэл хүрэлцээгүй байсан тухай шүүмжилжээ. Түргэн тусламжийн машиныг удаан хугацаанд хүлээснээс гадна эмнэлгийн ажилтнуудын зүгээс хайхрамжгүй хандаж байсныг мөн шүүмжилсэн байна.
Давчуу орчноос айх эмгэгтэй найздаа түргэн тусламж дуудсан Амина хагас цаг эмч нар ирэхийг хүлээжээ. Гэвч эмч өвчтөн рүү зэрвэс хараад бүх зүйл хэвийн хэмээн тусламж үзүүлээгүй байна.
Харин Саудын Арабын эрх баригчид мөргөлчдөд эрүүл мэндийн тусламж үзүүлэх хангалттай нөхцөлөөр хангасан хэмээн мэдэгдэж байгаа. Тэдэнд эрүүл мэндийн тусламж үзүүлэх зорилгоор нийт 190 эмнэлэг, мянган эмч, эмнэлгийн ажилтан, олон зуун түргэн тусламжийн машиныг дайчилсан хэмээн мэдэгджээ.
Эрх баригчид, мөргөлчдийн ярьж байгаа зүйлс нь ийм их ялгаатай байгаа нь ийм асар олон хүн оролцсон арга хэмжээг зохион байгуулахад хүндрэлтэй байдгийг гэрчилж байна гэж ВВС агентлаг онцолжээ.
Бичиг баримтгүй мөргөлчид
Хаж мөргөлд оролцох тусгай виз авалгүйгээр даяанд оролцох нь аюултай болохыг жил бүр сануулсаар байдаг. Албан ёсны бичиг баримтгүй даяанчид зохион байгуулалтад орох хүндрэлтэй байна. Тиймээс эрх баригчид тэдний урсгалыг хянах, эрүүл мэндийн тусламж үзүүлэхэд хүндрэлтэй байна. Энэ нь хаж мөргөлийн үеэр нас баралт ийм өндөр байгаагийн гол хүчин зүйлсийн нэг юм.
Эх сурвалжийн мэдээллээр, Египетийн 630 гаруй мөргөлч нас барснаас ихэнх нь албан ёсны визгүй байжээ.
Саудын Арабын эрх баригчид хаж мөргөлд хууль бусаар оролцож байгаа үзэгдэлтэй тэмцэхийг хичээж байна. Энэ хүрээнд албан ёсны бичиг баримттай мөргөлчдөд ариун газарт орох тусгай үнэмлэх олгожээ.
Өндөр настай, өвчтэй мөргөлчид
Ихэнх мөргөлчид амьдралынхаа сүүлийн он жилүүдэд хаж мөргөл үйлддэг. Үүний тулд бүх насаараа мөнгөө хадгалж, зарим нь даяан хийх явцад хорвоогийн мөнх бусыг үзүүлнэ хэмээн найддаг байна.
Бангладешийн исламуудын зөвлөл хаж мөргөлийн үеэр хорвоог орхихыг их хувь заяа гэж үздэг байна. Ийм үхлийг нэр хүндтэй гэж үзэн, талийгчид том хүндэтгэл үзүүлдэг аж.
Энэ бол хаж мөргөлийн үеэр жил бүр нас баралт тохиодгийн бас нэг шалтгаан. Өнгөрсөн хоёр жилд хаж мөргөлийн үеэр 200 орчим нас баралт бүртгэгдэж байв.
Саудын Араб дахь Аль Баки оршуулгын газрыг зөнч Мохаммед өөрөө байгуулсан гэж итгэдэг байна. Тиймээс үнэн шашинт мусульман хүний хувьд тэр л оршуулгын газарт оршоохыг хүсдэг гэнэ.
Хаж мөргөлийн үеэр нас барвал?
Хаж мөргөлийн үеэр хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн мөргөлчийн талаар юуны өмнө ар гэрийнхэнд нь дуулгаж, таниулдаг байна. Дараа нь шарилыг нь ариун усаар ариутгаж, Саудын Арабын засгийн газраас олгосон хөргүүртэй тусгай машинаар тээвэрлэдэг байна. Салах ёс гүйцэтгэх ёслол нэр хүндтэй исламын сүмд болдог хэдий ч шарилуудын нэг газар оршуулах нь бий.
Саудын Арабын Засгийн газар буяны байгууллагуудтай хамтран хорвоог орхисон мөргөлчдийг зохих ёсоор, хүндэтгэлтэй оршуулахыг хичээдэг байна.
Сэтгэгдэл ( 0 )