АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп НҮБ-ын Ерөнхий Ассамблейн үеэр Арабын болон исламын шашинт орнуудын удирдагчидтай уулзаж, Палестин, Израилын мөргөлдөөнийг зохицуулах арга замыг хэлэлцэхээр төлөвлөж байна.
Америкийн Axios порталын мэдээлснээр, уг уулзалтыг мягмар гаргийн үдээс хойш хийхээр товлосон аж. Үүнээс хойш долоо хонгийн дараа буюу есдүгээр сарын 29-нд Трамп Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху-тай уулзахаар төлөвлөсөн байгаа ажээ.
Уг уулзалтад Саудын Араб, АНЭУ, Катар, Египет, Иордан, Туркийн удирдагчдыг урьсан бөгөөд АНУ-ын Засаг захиргаа дайны дараа Газын зурвасыг сэргээн босгоход эдгээр улсыг оролцуулах, цэргийг нь байрлуулж энхийг сахиулах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байгаа ажээ. Нетаньяху-д шахалт үзүүлж, Газын зурваст байлдааны ажиллагааг зогсоож, Иордан голын баруун эргийн газар нутгийг эзлэн авахаас түүнийг татгалзахад хүргэхийг арабын орнууд Трампаас хүсэх бодолтой байна.

Сэтгэгдэл ( 0 )