Саудын Арабын угсаа залгамжлагч хунтайж, Ерөнхий сайд Мухаммед бен Салман аль Сауд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены газрын тосны олборлолтоо бууруулах шийдвэр нь ноцтой үр дагаварт хүргэнэ хэмээн Саудын Арабд сануулсны хариуд харилцаагаа тасалж, эдийн засгийн шинж чанартай хатуу арга хэмжээ авна хэмээн 2022 оны намар сүрдүүлж байжээ. “The Washington Post” сонин нийгмийн сүлжээнд тавигдсан АНУ-ын нууц баримт бичгээс энэ тухай мэдээллийг олж илрүүлсэн байна.
Тус хэвлэлд онцолсноор, үүнээс хойш найман сарын хугацаа өнгөрөөд байхад Жо Байдены засаг захиргаа Эр Риядын эсрэг ямар нэгэн арга хэмжээ аваагүй ба угсаа залгамжлах хунтайж АНУ-ын өндөр түвшний албан тушаалтнуудтай уулзалт явуулсаар байна. Энэ сарын 7-нд л гэхэд тэрбээр АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкентэй яриа хэлэлцээ хийсэн юм.
Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгч тус хэвлэлийн тодруулгад хариулахдаа Саудын Арабын зүгээс ийм төрлийн сүрдүүлэг хийсэн талаар мэдэхгүй хэмээжээ.
2022 оны намар ОПЕК+ бүлгийн гишүүн орнууд газрын тосны олборлолтын хэмжээг бууруулах тохиролцоонд хүрсний дараа Байдены засаг захиргаа Саудын Арабтай харилцах харилцаагаа эргэн харахыг амласан билээ. Тухайн үед АНУ-ын эрх баригчид Саудын Араб эрчим хүчний бодлогоо Оростой зөвшилцдөг болохыг ОПЕК+ -ийн энэхүү шийдвэр харуулж байна хэмээн мэдэгдэж байсан юм. 2019 онд АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан Байден Саудын Арабыг олон улсын тавцан дээр тусгаарлана хэмээн амлаж байв.
Сэтгэгдэл ( 0 )