Олон тэрбум ам.долларын зэвсэг худалдах гэрээ байгуулахыг санал болгохоор төлөвлөж байна

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 04 сарын 25

АНУ-ын засаг захиргаа 100 гаруй тэрбум ам.долларын нийт үнийн дүн бүхий Америкт үйлдвэрлэсэн зэвсэг худалдах-худалдан авах тухай гэрээ байгуулахыг Саудын Арабад санал болгохоор төлөвлөж байна гэж Ройтерс агентлаг мэдээлжээ.

Тус агентлагийн эх сурвалжуудын мэдээлснээр, АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын тавдугаар сард Саудын Арабад хийхээр төлөвлөсөн айлчлалын үеэр энэ тухай зарлах юм байна. Тухайлбал, Трампын өмнөх ерөнхийлөгч Саудын Арабын талд Америкийн зэвсэглэлийн тэргүүлэх системүүдийг худалдан авах өргөн боломжийг санал болгож, хариуд нь Хятадын зэвсгийг худалдан авахгүй, хөрөнгө оруулалт татахгүй байхыг тус улсаас хүсэж байжээ. Харин АНУ-ын одоогийн ерөнхийлөгч айлчлалынхаа үеэр өөр ямар нэмэлт хэлцэл хийх нь тодорхойгүй байгаа аж.

Америкийн компаниуд Саудын Арабд цэргийн тээврийн С-130 нисэх онгоц, пуужин, радарын систем, SeaGuardian дрон, нисэх төхөөрөмж, тав дахь үеийн F-35 сөнөөгч нисэх онгоц зэргийг нийлүүлэх боломжтой гэдгээ илэрхийлсэн байна. Зарим компанийн удирдлага АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж айлчлахад бэлэн байгаа гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu