АНУ-ын хууль тогтоогчид Саудын Арабд зэвсэг худалдахыг ЗОГСООХ САНАЛ гаргав

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 10

Америкийн хууль тогтоогчид Саудын Арабд зэвсэг худалдаалахыг зогсоох санал гаргажээ.

Америкийн Конгрессын ардчилсан намын гишүүд ОПЕК+ байгууллагын газрын тосны олборлолтоо багасгах шийдвэрийн хариуд Саудын Арабд зэвсэг худалдахыг зогсоох санал гаргаж байгаа аж.

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Ро Ханна болон сенатор Ричард Блюментал нар Politico-д нийтлүүлсэн өгүүлэлдээ “Үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх илүү энгийн бөгөөд хурдан алхам бол АНУ-аас Саудын Арабд үзүүлж байгаа цэргийн бүх нийлүүлэлт, худалдаа болон бусад цэргийн тусламжаа зогсоох байж болно” гэж дурджээ.

Тэд энэхүү хуулийн төслөө Сенат болон Төлөөлөгчдийн танхимд мягмар гарагт танилцуулах бодолтой байгаа аж.

Тэдний үзэж буйгаар Саудын Арабд зэвсэг нийлүүлэхээс татгалзах нь  Америкийн цэргийн тусламж болон зэвсгийн нийлүүлэлтээс тодорхой хэмжээгээр хамааралтай Эр-Риядын хувьд том асуудал болох юм.

Өнгөрсөн долоо хоногт ОПЕК+ нь газрын тосны олборлолтын квотыг хоногт 2 сая баррелаар бууруулах шийдвэр гаргасан билээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ОПЕК+ нефть экспортлогч орнуудын байгууллагын олборлолтоо багасгах шийдвэрт дургүйцэж буйгаа илэрхийлсэн юм.

Цагаан ордны төлөөлөгч Карин Жан-Пьер хэвлэлийн хурлын үеэр Вашингтон ОПЕК+ байгууллагын энэхүү шийдвэрийг тус байгууллага байр сууриа Оростой баталгаажуулсан гэж үзэж буйг хэлжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top