Зуны дунд сар дундаа орсон ч сэвэлзүүр салхитай сэрүүхэн өглөө Улаанбаатар хотоос төвийн хэвлэл мэдээллийн хэсэг сэтгүүлчид уужим том автобус хөлөглөн өмнийн говийг зүглэн хөдөллөө. Тэнгэрийн өнгө бараандуу, зарим газар алсаас харанхуйлан харагдана. Гэсэн ч дотроо “Одоо ч говьд халуу шатаж байгаа даа” хэмээн бодон жирэлзэн өнгөрөх зам, харгуй, уул давааг сониучирхан харж явах сэтгүүлчид бол “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Нүүрс баяжуулах үйлдвэрийн эхний ээлжийг хүлээж авах ёслолыг сурвалжлахаар яваа МҮОНТР-ийн Монголын мэдээ суваг, NTV телевиз, Өдрийн сонин, Зууны мэдээ сонин, Өглөөний сонин, ubn.mn, tug.mn zindaa.mn mining.mn гэх мэт мэдээллийн портайл сайтуудын сэтгүүлч, зураглаач нар юм.
Бидний хөлөглөсөн автобус нэгэн жигд хурдаар нуугин давхисаар нар баруун уулын орой шүргэх цаг дор Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ирлээ. Бид сумын төвөөс баруун тийш холгүй орших “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан тасалгаа, ажилчдын амрах байр бүхий цогцолборт очин уурхайчдын хоолноос идэж, алжаалаа тайлж, амарцгаав.
Аргын улирлын 2024 оны зургадугаар сарын 20-ны өглөө Цогтцэций сумын төвөөс чиг ургашаа хөдлөөд гөвөө давах төдийд Нүүрс баяжуулах үйлдвэрийн байгууламж наран дор тодрон харагдлаа. Энгүй уудам говийн нэгээхэн чөлөөнд сүндэрлэсэн боссон энэ байгууламж аргагүй нүсэр сүрлэг харагдлаа.
Бидний сууж явсан автобусны хажуугаар сайд, дарга нар, албаны хүмүүсийн хөлөглөсөн унааны цуваа гүйцэж түрүүлэн өнгөрлөө. Хойноос нь бид мөр даган нэгэн цуваанд орж, үйлдвэрийн талбайд ирэхэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ажилчин албан хаагчид эгнэн зогсч угтан авлаа.
Тусгайлан зассан талбайд хүндэтгэлийн индэр, зочдын суудал засч, асар майхан босгожээ. Нүүрс баяжуулах үйлдвэрийн хананд нээлтийн ёслолд зориулсан мэндчилгээ бүхий том том хулдаасан сурталчилгаа өлгөөөтэй харагдана. Өглөөний 9 цаг дөнгөж болж байгаа боловч үдийн нар гарсан юм шиг зулай дээрээс халуу шатаж байлаа.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд ирсэн зочдыг угтан авч, шууд үйлдвэрээрээ дагуулан бүтээн байгуулалттай танилцууллаа.
Танилцуулгын эхэнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Стратеги төлөвлөлт, төслийн газрын дарга Ц.Анх-Од хэлэхдээ “Эрдэнэс Тавантолгой” ХК жилд 30 сая тонн нүүрс баяжуулах үйлдвэрийн төслөө 2022 оноос эхлүүлсэн. Уг үйлдвэрийн эхний блок буюу жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хэсгийг өнөөдөр ашиглалтад оруулж байна. Ингэснээр өнөөгийн ханшаар тооцвол нэг тонн нүүрсний өгөөж 10-20 ам.доллароор өсөх тооцоо гарсан. Өмнөх жилийнх шиг өндөр үнэтэй байвал нэг тонн нүүрсний өгөөж 60 хүртэлх ам.доллароор өсөх тооцоо гарч байгаа” гэв. Үйлдвэрийг ажиллуулж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд тохируулга хийж, тоног төхөөрөмжийн ажиллагааг чигдрүүлэх аж. Өөрөөр хэлбэл, уг үйлдвэр жил орчмын дараагаас бүрэн хүчин чадлаараа жигд ажиллаж эхэлнэ гэсэн үг юм.
БНХАУ-ын “Норинко интернэшнл” компани баяжуулах үйлдвэр барих олон улсын тендерт шалгарч, “Эрдэнэс Тавантолгой”-той 314 сая ам.долларын оффтейк гэрээг 2022 оны хоёрдугаар сард байгуулсан нь олны анхаарлыг татаж байжээ. Учир нь тус компанийн толгой “Норинко” групп зэвсэг үйлдвэрлэлээр дэлхийн дөрөвдүгээрт эрэмбэлэгддэг нь олон нийтийн эргэлзээг төрүүлж байсан аж. Гэсэн ч “Норинко интернэшнл” нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэр байгуулах тендерт “Норинко Дади” түншлэлийг байгуулан оролцож шалгарч чадсан юм. Ингэснээр тус түншлэл үйлдвэрийн барилга барих, тоног төхөөрөмж суурилуулах ажлыг өнгөрсөн хоёр жилд тасралтгүй хийж гүйцэтгэжээ.
Нүүрс угаах үйлдвэр бариад оронд нь нүүрс авах оффтейк гэрээний дагуу “Норинко Дади” түншлэл одоогоор түүхий нүүрс хүлээн авах 80 мянган тонны хүчин чадалтай хоёр агуулах, түүнийг баяжуулах үйлдвэр, баяжуулсан нүүрсний гурван агуулах, үйлдвэрийн удирдлагын байр, 216 ажилчин байрлах уурхайчдын хотхон болон бусад дагалдах дэд бүтцийн байгууламжуудыг барьж ашиглалтад оруулж байна. Баяжуулах үйлдвэрийн нийт тоног төхөөрөмжийн 80 гаруй хувь евро стандартын тоноглол байгаа ажээ.
Баяжуулах үйлдвэрийн төслийг бүрэн дуусгахын тулд яг түрүүнийх шиг нэмж хоёр блок барих учиртай. Төслийг бүрэн дуусгахын тулд нийтдээ 67 барилга байгууламж барих шаардлагатай гэнэ. Тухайлбал, уурхайн амнаас баяжуулах үйлдвэр рүү нүүрс тээвэрлэх 12.5 км туузан дамжуулга барих бөгөөд баяжуулсан нүүрсээ буцаагаад төмөр зам руу тээвэрлэх туузан дамжуулга, ачих терминал барих юм байна. Ингэснээр жилдээ 30 сая тонн нүүрс баяжуулах үйлдвэр барих төсөл бүрэн хэрэгжиж дуусах ажээ. Үүнд нийтдээ нэг их наяд төгрөг зарцуулах тооцоотой.
Одоогоор энд 796 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийжээ. Тэгэхээр “Норинко интернэйшнл”-тэй төслийн дараагийн шатны санхүүжилтийг хэрхэх хэлэлцээрийг “Эрдэнэс Тавантолгой” компанийнхан хийх шаардлагатай болсныг нээлтийн ёслолд оролцсон албаны хүмүүс дурдаж байв.
Нүүрсний нэмүү өртгийг өсгөхийн тулд хамгийн зардал багатай тээвэр болох төмөр зам тавих, баяжуулах үйлдвэр барих шаардлагатай байсан. Тиймээс “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлага 2012 оноос хойш төмөр зам тавих, баяжуулах үйлдвэр барих судалгааг нь эхлүүлсэн байна. Баяжуулах үйлдвэрийн төслийг 2026 он гэхэд бүрэн дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэнэ. Энэ үед Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын хил холболтыг хийж дуусгах төсөөлөлтэй байгаа. Тухайн цагаас “Эрдэнэс Тавантолгой” компани нь нүүрсээ дүүрэн өгөөжтэй борлуулж эхлэх юм.
“Эрдэнэс Тавантолгой” компани нүүрсээ сорчлон боловсруулж байна гэсэн зэмлэлийг мэргэжлийн хүмүүсээс олонтаа сонссон. Баяжуулах үйлдвэр барьснаар Тавантолгойн ордын 2-8 хүртэлх давхаргын нүүрснийг хольж баяжуулан захиалагчийн хүсэлтийн дагуу нийлүүлэх боломжтой болсон гэнэ. Баяжуулах үйлдвэр нь коксжих, сул коксжих, эрчим хүчний нүүрс гэсэн үндсэн гурван бүтээгдэхүүн гаргах аж. Үйлдвэр бүрэн автомат. Тиймээс таван сая тонн нүүрс угаахад дөрвөн хүн удирдаад ажиллах боломжтой юм байна.
Уг үйлдвэр нойтон аргын хөвүүлэн баяжуулах технологитой. Энгийнээр хэлбэл, нүүрсийг усаар угааж баяжуулна гэсэн үг. Баяжуулах үйлдвэрийн усаа үйлдвэрээс 70 км зайтай Загийн усны хоолойгоос татаж байгаа аж. Үйлдвэрт Загийн усны хоолойн 180 метрийн гүн дэх эрдэсжилт өндөртэй, унданд хэрэглэх боломжгүй усыг ашиглана. Тус усны ордыг 25 жил ашиглах боломжтой гэж тооцжээ. Үйлдвэр хэрэглэсэн усныхаа 96 хувийг дахин ашиглах гэнэ. Тиймээс хаягдлын далан байгуулахгүй юм байна. “Эрдэнэс Тавантолгой”-нхон “Үүгээрээ манай үйлдвэр экологид ээлтэй” хэмээн онцолж байлаа.
Нүүрс баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсаны дараа Баяжуулах үйлдвэрийг нээх ёслол эхэллээ. Хүндэтгэлийн тайзан дээр Үндэсний найрал хөгжмийнхөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар,Төрийн шагналт Б.Шаравын хөгжим “Сэрсэн тал” аялгууг эгшиглүүллээ. Уудам их говийн наран дор сүндэрлэсэн энэ их бүтээн байгуулалтыг магтан дуулах гэж зохиогдсон юм шиг энэ аялгуу хурсан олны сэтгэлийг догдлуулж, уухайн түрлэг нь уужим алсыг даван цуурайтах шиг санагдлаа.
Нүүрс баяжуулах үйлдвэрийн нээлтийн ёслолд Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга У.Бямбасүрэн, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал С.Наранцогт, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Мөнхжаргал, “Норинко Дади” түншлэлийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ян Шаопин нар оролцож тус бүртээ үг хэлж, төслийн үр дүн, ач холбогдлыг өндрөөр үнэлж байлаа. Зарим хүмүүс энэ үйлдвэр бол “Эрдэнэт” үйлдвэртэй эн тэнцүү бүтээн байгуулалт боллоо хэмээн онцолж байв.
Нүүрс баяжуулах үйлдвэрийн нээлтийн ёслолд “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал С.Наранцогт хэлсэн үгэндээ “Аж үйлдвэрийн сэргэлтийг бий болгох томоохон төлөвлөгөөний эхлэл бол өнөөдөр ашиглалтад орж байгаа жилд 10 сая тонн нүүрс баяжуулах үйлдвэр юм. Баяжуулсан нүүрс нь зөвхөн шууд экспортод гарах бус, Тавантолгойн кокс-химийн цогцолборын үндсэн түүхий эд болж, аж үйлдвэрийн гинжин хэлхээг бий болгох нэн чухал ач холбогдолтой. Цаашид бид дэлхийд чанараараа тэргүүлдэг Тавантолгойн коксжих нүүрсийг дотооддоо боловсруулж кокс, метанол, демитилийн эфир, нийлэг байгалийн хий, бензин, дизель түлш, устөрөгч гэх мэт олон төрлийн аж үйлдвэрийн түүхий эд үйлдвэрлэх хөгжлийн төлөвлөгөө боловсруулаад байна. Ингэснээр Монгол Улсад хими-металлургийн үйлдвэрлэл хөгжих үндэс суурийг тавьж, аж үйлдвэрийн шинэ шат руу гарах юм. Эхний ээлжинд 10 сая тонн баяжуулсан нүүрсний 1.7 саяыг кокс-химийн үйлдвэрт, 2.7 саяыг нь кокс эрчим хүчний үйлдвэрүүдэд нийлүүлж, 2.2 сая тонн кокс, 107 МВт эрчим хүч, 60 мянган тонн коксын давирхай, 100 сая шоо метр нийлэг хий, 8.5 мянган тонн амиак үйлдвэрлэнэ. Мөн баяжуулах үйлдвэрийн хаягдал буюу хоёр сая тонн мидлингийг эрчим хүчний нүүрстэй хольж Таван тлгойд баригдах 450 МВт-ын цахилгаан станцыг түүхий эдээр хангаж, цахилгаан станцын 1.4 сая тонн үнсээр эко хавтан, гипсэн блок зэрэг барилгын материал үйлдвэрлэнэ. Өөрөөр хэлбэл, Тавантолгойн нүүрсийг иж бүрэн ашиглаж, байгальд ээлтэй, хаягдалгүй, эдийн засгийн өндөр өгөөж бүхий төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна” гэв.
Нээлтийн ёслолын үеэр “Норинко Дади” түншлэлийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ян Шаопин хэлэхдээ “Төслийн анхан шатны төлөвлөлтөөс эхлээд, бүтээгдэхүүн гарган, ашиглалтад орох хүртэл, бид бүхэн хамтдаа аагим халуун зун, тэсгэм хүйтэн өвөл, говь нутгийн шороон шуурга зэрэг олон сорилт, бэрхшээлийг даван туулсан билээ. Энэхүү нүүрс баяжуулах үйлдвэрийн ,бүтээн байгуулалт бол Хятад Монгол хоёр улсын хамтын ажиллагаа, оролцогч бүрийн шаргуу хөлс хүч шингэсэн хөдөлмөрийн үр шим юм.
Норинко компани нь цаашид “Найрсаг, чин сэтгэлийн, харилцан ашигтай, хүртээмжтэй” гэх зарчмыг баримталж Монгол Улстай стратегийн түншлэл холбоогоо гүнзгийрүүлж, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын явцад нөөц баялаг болон байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалах, шинжлэх ухаан, технологи , хүмүүнлэгийн харилцан тэнцвэрт байдлыг хадгалахад илүү анхаарал хандуулж, байгууллагын нийгмийн хариуцлагын хүрээнд үргэлж орон нутгийн хөгжлийг дэмжиж, шинээр ажлын байр бий болгож , тухайн орон нутгийн ард иргэдэд илүү өгөөж өгөхийг эрмэлзэж ажиллах болно” гэв.
Нүүрс баяжуулах үйлдвэрийн нээлтийн ёслолд Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Д.Отгонжаргал мөн л Монгол Улсын Хөдөлмөрийн баатар,Төрийн шагналт Б.Шаравын хөгжим “Монголын тал нутаг” дууг цуурай хадаан уянгалууллаа.
Эх орноо магтан дуулах үүнээс илүү аялгуу гэж юусан билээ. Алсын зэрэглээнд сүүмэлзэнхэн сүндэрлэнхэн буй Гандирсын хот шиг гайхамшигт энэ бүтээн байгуулалтыг их хөгжмийн зохиолчийн зүрхэнд хоногшсон аялгуу түүхэнд мөнхлөн үлдээхээр эгшиглэж байх шиг санагдана. Яасан ч сайхан аялгуу юм дээ, энэ чинь.
Ийнхүү “Монголын тал нутаг”-т “Сэрсэн тал” эгшиглэж, эрхэм зочид үйлдвэрийн эхний цахилгааныг өгсөн дохиог дуугаргаснаар их говийн наран дор бас нэгэн шинэ үйлдвэрийн хүчит нүргээн хадлаа.
Сэтгэгдэл ( 5 )
овоодоо баяр хүргэе!
Гүний усаар нүүрс угааж байгаа нь сэрэлт биш говийг сөнөөж байгаа гэмт хэрэг шүү, сэрцгээ хүмүүс ээ.
Гүний усаар нүүрс угааж байгаа нь сэрэлт биш говийг сөнөөж байгаа гэмт хэрэг шүү, сэрцгээ хүмүүс ээ.
Гүний усаар нүүрс угааж байгаа нь сэрэлт биш говийг сөнөөж байгаа гэмт хэрэг шүү, сэрцгээ хүмүүс ээ.
сайхан байна үйлдвэржилт л хамгийн хэрэгтэй дээ монгол улсад