Монгол Улсад Захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 20 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ удаагийн “Өглөөний зочин”-оор Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэнг урьж ярилцлаа. Тэрбээр Монгол Улсад Захиргааны хэргийн шүүх анх байгуулахад томилогдон ажилласан анхны шүүгчдийн нэг юм.
-Монгол Улсад Захиргааны хэргийн шүүх байгуулагдаад 20 жил өнгөрчээ. Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх анх ямар бүтэцтэй, хэдэн шүүгчтэй ажлаа эхэлж байв?
-УИХ-аас 2002 онд Шүүх байгуулах тухай хууль болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг батлан гаргаж, 2004 оноос эхэлж мөрдөхөөр тогтоосон. 2004 оны зургаадугаар сарын 7-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Захиргааны хэргийн шүүхийн шүүгч нарыг анх томилсон. Одоо Улсын дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байгаа Х.Батсүрэн, Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Цогт, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн А.Отгонцэцэг, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүгч Т.Энхмаа, Дархан-Уул аймаг дахь Эрүү, иргэний давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Амарсанаа, мөн миний бие, ийм зургаан хүн анх томилогдож, Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх байгуулагдсан. Бүтцийн хувьд хамгийн анх Тамгын газартай, нярав, нягтлан бодогч, нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах, бичиг хүргэгч гээд бүрэн бүрэлдэхүүнээрээ байгуулагдсан шүүх юм.
Манай шүүх байгуулагдсан даруйд одоогийн Нийслэлийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхийн байрны нэг давхарт үйл ажиллагаагаа эхлэн явуулж байгаад тухайн оныхоо есдүгээр сард ХБНГУ-ын Ханнс Зайделийн сан, Германы техник-хамтын ажиллагааны нийгэмлэг зэрэг олон улсын байгууллагуудын шууд туслалцаа дэмжлэг, Дэлхийн банкны хэрэгжүүлж байсан төслийн санхүүжилтээр тусдаа өөрийн гэсэн байртай, тоног төхөөрөмжтэй, бүх юм нь цоо шинэ, будаг нь ханхалсан шинэ байранд шүүх байгуулагдсан түүхтэй. Анхны зургаан шүүгч дотроо хамгийн олон жил шүүгчээр ажилласан нь Ерөнхий шүүгчийн үүргийг гүйцэтгэдэг байсан, тэр үеийн хуулийн дагуу миний бие хамгийн анх тус шүүхийн Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдож, тухайн оны арваннэгдүгээр сард Ерөнхий шүүгч томилогдож ирэх хүртэл ажилласан.
Оролцогч олон байх тусам хянан шийдвэрлэх ажиллагаа сунжирдаг
-Захиргааны хэргийн анхан шатны шүүх жилд хэчнээн хэрэг хянан шийдвэрлэдэг вэ?
-Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх анх байгуулагдаад /шүүхийн нэр өөрчлөгдөөд одоо Захиргааны хэргийн анхан шатны шүүх болсон/ 2004 онд 48 хэрэг шийдвэрлэж байсан бол сүүлийн гурван жилийн статистик мэдээнээс үзвэл 2021 онд 984 хэрэг, 2022 онд 1065, 2023 онд 1193 хэрэг болж өссөн, өөрөөр хэлбэл жилд дунджаар 1000 гаруй хэргийг хянан шийдвэрлэж байна. Жил ирэх тусам шүүхийн шийдвэрлэж байгаа хэрэг маргааны төрөл улам нарийсч, тоо нь улам бүр өсөж байна, цаашдаа ч өсөх нь ойлгомжтой.
-Хэргийн тоо өсөж буй шалтгаан нь юутай холбоотой байдаг юм бол?
-Манай шүүх нийслэлийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрийг хамарсан, төрийн захиргааны төв байгууллагуудыг хамаарсан хэрэг маргааныг шийдвэрлэдэг, мөн дээр нь Монгол Улсын хүн амын тэн хагас нь нийслэл хотдоо амьдардаг. Тиймээс Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь захиргааны хэргийн бусад шүүхээсээ хамгийн их ачаалалтай буюу улсын хэмжээнд шийдвэрлэгдэж байгаа нийт захиргааны хэргийн 70-аад хувийг дангаараа шийдвэрлэж байна. Захиргааны хэргийн шүүх байгуулагдахаас өмнө нь захиргаа хэмээх нүсэр том аппаратын эсрэг иргэн ганцаараа зогсоод маргаанаа шийдвэрлэдэг, гэхдээ энэ маргаан нь мөн тэгш эрхийн зарчим дээр явагддаг байсан бол Захиргааны хэргийн шүүх байгуулагдсанаар захиргаа, иргэн хоёрын хүч тэнцвэргүй харилцааг тэнцвэржүүлэх үүднээс шүүх өөрөө нотлох баримтаа цуглуулах үүргийг хүлээдэг онцлогтой. Захиргааны эсрэг зогсож буй этгээдэд ирж буй ачааллыг нэг талдаа шүүх үүрч байдаг, иргэний шүүхийг бодвол процесс ажиллагаан дээр Захиргааны шүүх харьцангуй илүү буюу давамгайлж ордог онцлогтойг хэлмээр байна. Хэргийн тоо жил бүр өсөн нэмэгдэж буй шалтгаан нь янз бүр гэж харж байна, тухайлбал нийгмийн харилцаа улам бүр боловсронгуй болж, шинэ харилцаа бий болохын хэрээр олон шинэ хуулийг УИХ-аас батлан гаргаж байна, мөн нөгөө талдаа Захиргааны хэргийн шүүх иргэд байгууллагын зөрчигдсөн эрхийг харьцангуй сэргээн тогтоож чадаж байгаа тул ийнхүү хандаж байна гэж ойлгож болно, бас нийслэл хотдоо хүн амын нягтаршил улам бүр нэмэгдэж байгаа нь ч нөлөөлж байна гэж харж байна.
-Танай шүүхийн хувьд шүүгчдэд тавьдаг шалгуур нь бусад шүүхийн шүүгчийнхээс өөр үү, орон тоо хэр хүртээмжтэй байдаг вэ?
-Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч болох шалгуур нь бусад анхан шатны шүүхийн шүүгчийнхтэй адилхан, энэ дээр өөр тусгай шаардлага тавигддаггүй. Орон тооны хувьд манай шүүх хамгийн сүүлийн байдлаар 20 шүүгчийн орон тоотой, одоо харин Шүүх байгуулах тухай хуульд нэмэгдэхээр тусгагдсан. Шийдвэрлэж байгаа хэрэг маргааны тоо, ажлын ачаалалтайгаа харьцуулах юм бол манай шүүгч нар маш их ачаалалтай ажилладаг. Тэгэхээр Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн нэг жилд шийдвэрлэх хэргийн тоо дунджаар 100 орчим гэж үзэхэд энэ нь эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчтэй харьцуулахад бага тоо мэт сонсогдох боловч захиргааны зөвхөн нэг хэрэг дээр нь л гэхэд хийгдэж буй процесс ажиллагаа нь бусад шүүхээс илүү.
-Шүүх хурал хойшиллоо, сунжирлаа гэж бухимдах хүн байдаг. Шалтгаан нь юунд байдаг юм бол?
-Иргэд, шүүх хэргийг удаан шийдэж байна, шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж байна гэх гомдолтой байдаг нь үнэн. Гэхдээ шүүгч тухайн шүүх хуралдааныг хойшлуулахдаа хэзээ ч өөрийнхөө санаачилгаар, хэргээ шийдвэрлэхгүй гэсэн сэдлээр хойшлуулдаггүй юм л даа. Энд маш олон шалтгаан нөхцөл байдаг, түүний хамгийн түгээмэл нь Захиргааны хэргийн шүүх нотлох баримтаа өөрөө цуглуулдаг, захиргааны байгууллагаас баримтаа ирүүлэхгүй байх, дутуу ирүүлэх үед нотлох баримт цуглуулахын тулд хурал нэлээд хойшилдог тал бий. Нөгөө талаар захиргааны хэргийн оролцогч нар бараг бүгд өмгөөлөгчтэй, итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй орж ирдэг. Яагаад гэвэл, захиргаа гэж хүч тэнцвэргүй аппарат тэнд байгаа учраас иргэн өмгөөлөгч авч, төлөөлөгчөө дагуулаад орж ирдэг. Үүнийг нь манай захиргааны процессийн хуулиар хүлээн зөвшөөрсөн байдаг учраас бусад шүүхийн процессийг бодвол олон оролцогчтой, оролцогч олон байх тусам хянан шийдвэрлэх ажиллагаа сунжирдаг тал бий. Ер нь шүүгч хэрэг шийдвэрлэхдээ анхаарал хандуулдаг гол зүйл бол талуудын мэтгэлцэх зарчмыг хангах үүднээс оролцогчдыг бүрэн оролцуулж бүх материалыг судалж, оролцогч тус бүрийн тайлбар саналыг нь сонсож мэтгэлцүүлж байж шийдвэрээ гаргахыг л хичээдэг.
Шүүх хуралдааныг шууд нэвтрүүлэх зорилготой байгаа
-Эрүүгийн хэргийн шүүх дээр авлига, албан тушаалын том хэргүүд удаашралтай байгааг олон нийт шүүмжилдэг. Шүүгчдийн нэр хүнд сүүлийн үед унах болсон. Захиргааны хэргийн шүүх ил тод, итгэл хүлээж ажиллаж чаддаг уу?
-Шүүхэд итгэх иргэдийн итгэл төдийлөн сайн биш байгааг олон улсын байгууллагын судалгаа, иргэдийн дунд явуулсан санал асуулгаас ч харагддаг. Тэр бол нууц биш. Үүнийг яаж сайжруулах вэ гэдэг чиглэлээр судалгаа, эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлгүүд явагдаж байна. Тухайлбал, Захиргааны хэргийн шүүхийн 20 жилийн ойд зориулж Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимаас “Шүүхийн ил тод нээлттэй байдал” сэдэвт хэлэлцүүлгийг өргөн хүрээнд, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг оролцуулан явуулсан. Уг хэлэлцүүлгийн явцад Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шууд нэвтрүүлгээр явуулах боломжийг судалж хэрэгжүүлэх шатандаа орсон байгааг, цаашлаад Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ч мөн шууд нэвтрүүлэх зорилготой байгааг Танхимын тэргүүн, шүүгч Д.Мөнхтуяа танилцуулж байсан. Энэ бол эхлэл нь, цаашид иргэдийн шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх гол зүйл бол шүүх нээлттэй, мэдээлэл нь тодорхой, нууцлалгүй байх явдал гэдгийг шүүгч бүр ойлгож байгаа. Шүүгч, шүүхийн захиргааны ажилтан хэн боловч энэ чиглэлд хичээл зүтгэл гаргаж ажиллах ёстой. Эрүүгийн хэргийн шүүхүүд дээр авлига, албан тушаалын том хэргүүд удаашралтай байгаа гэх асуудлын хувьд тухайн төрлийн хэргийг эрүүгийн хэргийн шүүх шийдвэрлэдэг, энэ шүүхийн шийдвэрлэж байгаа хэргийн талаар Захиргааны хэргийн шүүхийн шүүгч тайлбарлах боломжгүй л дээ.
-Шүүх хаалттай, шүүгчид хараат бус байна гээд вакум орчинд ажилладаг. Сүүлийн үед шүүгчид шийдвэрээ товч мэдээлдэг болж, түүнийг нь хэвлэлүүд авах болсон. Шүүх нээлттэй болох тухай та ямар бодолтой байдаг вэ?
-Би шүүхийг хаалгаа тас барьчихсан хаалттай газар гэж бодохгүй байна. Шүүх шийдвэрээ гаргалаа, тухайн шийдвэрийнхээ талаар тойм мэдээлэл бичдэг. Дараа нь цаасаар хэвлэгдэж, Шүүх.мн цахим сан руу шууд орж байна. Энд нэг зүйл байгаа нь байгууллага, хувь хүний нууц.
Тухайлбал, байгууллага өөрийнхөө нууцыг тогтоож байна, манай байгууллагын энэ баримт нууц гээд тэмдэг дараад ирүүлж байгаа тохиолдолд бид тэрийг нь ил гаргах боломжгүй. Энэ утгаараа тодорхой хэмжээнд хаалттай явж байгаа. Шүүхийн шийдвэр дээр ч гэсэн цахим санд оруулахдаа нэрийг нь нууцлаад оруулдаг. Тэр нь ач холбогдол багатай, хүмүүст ойлгомжгүй байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ цахимжилт эрчимтэй яригдаж байна. Та бүхэн анзаарсан бол Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны зар оронгуут хэргийн оролцогч хэн байгаа юм, хэн гомдол гаргав, ямар үндэслэлээр гаргасан юм бэ, шүүгч нар нь хэн бэ, хамгийн сүүлд Дээд шүүхийн тогтоол ингэж гарлаа, энэ тогтоолтой энд дарж танилцана уу гэсэн байгаа. Тэгэхээр хэвлэл, мэдээллийнхэн болон сонирхсон хэн ч сайт руу шууд ороод тэндээс мэдээллээ авчих боломж нь байгаа. Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процессын хуулиудад нэмэлт, өөрчлөлт орвол цахимаар шүүх хуралдаанаа явуулах, цаашлаад нотлох баримт, өргөдөл, гомдол, нэхэмжлэлээ хүртэл шүүх цахимаар хүлээн авах боломжтой болно. Тэгэхээр шүүх ойрын хугацаанд ил тод, нээлттэй болж чадна гэдэгт итгэлтэй байна.
-Өнөөдөр шүүгчдийн өмнө ямар асуудал хамгийн их тулгамддаг вэ?
-Шүүгчийн хөдөлмөр бол оюуны хөдөлмөр, хүнд хөдөлмөрт хамаарна гэж боддог. Шүүгч тодорхой нэг маргааныг шийдвэрлэхдээ хуульд заасан хугацааны дотор хуульд нийцүүлж шийдэх ёстой. Тиймээс шүүгчийн ажил бол цаг наргүй хүнд хөдөлмөр. Шүүгчдийн олонх нь эмэгтэйчүүд байдаг. Бид бүгдээрээ ээж хүн, ардаа ар гэртэй, эр нөхөртэй, үр хүүхдүүдтэй. Тэгсэн хэрнээ энэ ажлын төлөө тангараг өргөсөн гэдэг утгаараа эмч нартай адил өдөр шөнөгүй, нойр хоолгүй ажилладаг гэж хэлж болно. Иймд энэ ташрамд, шүүгч нарын маань ар талыг найдвартай авч явж буй гэр бүлийнхэнд нь талархал илэрхийлэхийг хүсч байна. Шүүхийн тухай хуулиар шүүгч тэтгэвэрт гарснаасаа хойш өмгөөлөгч хийх эрхийг хаачихсан. Тэгэхээр энэ хүмүүс яах ёстой юм бэ гэхээр ганц боломж нь багшлах, эрдэм шинжилгээний ажил хийх, ийм л зөвшөөрөлтэй. Гэтэл тэтгэвэрт гарч байгаа шүүгч болгон багш хийх боломжгүй. Өнөөдөр тэтгэвэрт гарсан ихэнх шүүгчийг харахад тэтгэврийнхээ мөнгөөр л амьдарч байна. Тиймээс ядаж өмгөөлөл хийх эрхийг нь нээж өгөх хэрэгтэй. Өнөөдөр 55 настай шүүгч тэтгэвэртээ гарлаа гэхэд тэр болгон дан ганц тэтгэврийн мөнгөөр амьдрах боломжгүй. Өмгөөллийн үйлчилгээ үзүүлж, тэр хөлс мөнгөөр нь амьдралаа залгуулж яагаад болохгүй гэж. Шүүгчийнхээ амьжиргаа, амьдралын боломжийг ингэж дордуулж болохгүй, хуулиар эдгээр эрхийг нь нээж өгөх ёстой гэж үздэг.
-Та Захиргааны хэргийн шүүх анх байгуулагдахад шүүгчээр томилогдож, Ерөнхий шүүгчийн үүргийг түр гүйцэтгэж байж. Тэгвэл одоо бас Ерөнхий шүүгчээр ажиллаж байна. Өнгөрсөн 20 жилийг дүгнэж, цаашдынхаа зорилгыг тодорхойлоход юуг онцолж хэлэх бол?
-Захиргааны хэргийн анхан шатны шүүх харьцангуй сүүлд шинээр байгуулагдсан ч эрх зүйн хөгжил дэвшилд тодорхой хэмжээнд хувь нэмрээ оруулсан, эрх зүйн шинэ соёлыг авчирсан болох нь өнгөрсөн 20 жилийн түүхээс тодорхой харагдаж байгаа. Манай шүүхэд хандаж буй иргэд болон эрхээ хамгаалуулж буй хүмүүсийн тоо, орж ирж байгаа хэрэг маргааны үйл баримт зэргээс харах юм бол ингэж дүгнэж болно. Ойрын үед шүүх цахимжиж, хүмүүст аль болох чирэгдэлгүй шуурхай ажиллаж, шийдвэр нь шударга, ил тод нээлттэй байх юм бол шүүхэд итгэх иргэдийн итгэл улам өндөр болж, шүүхийн ирээдүй гэрэл гэгээтэй сайхан болно, энэ зорилгыг чухалчилж байна. Ингээд Монгол Улсын Захиргааны хэргийн шүүхийн нийт шүүгчид, өмнө ажиллаж байсан ахмад шүүгчид, шүүхийн захиргааны ажилтнууд, тэдний гэр бүл та бүхэндээ Монгол Улсад Захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 20 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлж, эрүүл энх, ажлын өндөр амжилт хүсье.
Сэтгэгдэл ( 0 )