Хөгжмийн зохиолч, МУУГЗ, морин хуурч, профессор Ц.Пүрэвхүүгийн “Хань” дууны уран бүтээл дээр хийсэн ажиглалт
Дууны хөгжим гэдэг нь Монголын хөгжмийн соёлын салшгүй нэг хэсэг. “Морин хуур” хөгжмийн наадам нь Орчин үеийн мэргэжлийн дууны уран бүтээлийн ерөнхий хөгжлийн түвшинг тодорхойлогч мөн.
ХХ зууны дунд үеэс зохиолын дуу нь Монголын соёлын өвөрмөц үзэгдлийн нэг болохын зэрэгцээ дууны уран бүтээлд шингээсэн үнэт зүйлс нь “Үндэсний соёлын өвийн чухал хэсэг” болж байсан. Гэсэн хэдий ч өнөөг хүртэл зохиогчийн дууны бүтээлийн талаарх урлагийн системд эзлэх байр суурийг тодорхойлсон судалгааны ажил хомс. Тиймээс дууны уран бүтээлд “Соёлын орон зайг тодорхойлох” зүй ёсны байдлыг баталгаажуулан үзвэл:
1. Нийгэм соёлын үзэгдлийн тодорхой бус байдлыг хүрээлэн буй орчинтой нь нэгдмэл байдлаар танин мэдэх боломжийг олгох
2. Яруу найраг, хөгжмийн салбарыг хослуулснаар ёс зүй, гоо зүйн ертөнц дэх хүн хоорондын оюун санааны харилцааны чухал хэрэгсэл хэмээн авч үзэх
3. "Зохиогчийн дуу" гэсэн хэллэгийг “соёлын үзэгдлийг тодорхойлогч”, мөн хөгжмийн бие даасан “төрөл жанр”, “уран сайхны бүтээл” гэсэн шинжлэх ухааны үндэслэлтэй гурван нэр томъёоны утгаар ашиглах шаардлага зүй ёсоор тавигдаж байна гэж үзлээ.
Урлагийн бусад төрлүүд болох утга зохиол, театр, уран зургийн бүтээлүүд нь олон нийтийн ухамсар, гоо зүйн мэдрэмжид нөлөөлдгийн нэгэн адилаар дууны хөгжмийн бүтээл нь хүмүүс хоорондын харилцааны асар хүчирхэг хэрэгсэл болж чаддаг.
Хөгжим, үг хэллэгийн органик холбоос болох дууны уран бүтээлд “сэтгэлийн дууллыг илэрхийлэх” онцгой увидас оршдгоос гадна ардын болон сонгодог хэлбэрийн дуулаачийн хөгжмийн олон төрөл жанрын чухал шинжүүдийг агуулсан байдгаараа онцлогтой.
Дууны жанрын үндэс нь эртний үеэс эхлэлтэй. Эртний урлагт яруу найраг, хөгжим хоёр салан тусгаарлагдаагүйгээр үл барам дууны урлагийг нэгдмэл төрөл гэдгийг илэрхийлж ирсэн байдаг. Дундад зууны үеийн дан хоолойн трубадур, трувер, мейстерзингерүүдийн дуунууд аялгуу, үг хэллэг хоёрын салшгүй нэгдмэл хэлбэр байсны нотолгоо нь дуунд яруу найргийн мөр, шадын бүтэц ба хөгжмийн аялгууны каденцын нэгдэл гэсэн уялдаа холбоос оршин буйгаар тодорхойлогдож ирсэн.
ДУУНЫ ХӨГЖИМ-МОНГОЛЫН ХӨГЖМИЙН СОЁЛЫН САЛШГҮЙ ХЭСЭГ
Монголын хөгжмийн соёлын судалгааны талаас Дууны уран бүтээл нь илүү сонирхол татахуйц төрөл яахын аргагүй мөн. Энэ нь "дуу" гэсэн ойлголтыг хэл шинжлэл, түүх соёлын үүднээс нарийвчлан концепцчилах байдалтай холбоотой гэж үзсэн болно.
ДУУ хэмээх нэр томьёо нь:
Дуулаачийн хөгжмийн хамгийн түгээмэл төрөл бөгөөд нийтийн болон зохиогчийн (мэргэжлийн) дуу гэж ангилахаас гадна ардын дууны элементүүд, хөгжмийн зохиолчдын харилцан уялдаат бүтээлийн төрөл жанр, зохиомжийн бүтэц, хэв маяг, гүйцэтгэлийн хэлбэр, амьдралын давхарга хүрээ зэргээр тодорхойлогдоно.
ДУУНЫ МӨН ЧАНАР гэж юу вэ?
§ Дууны мөн чанарыг тухайн хэлний мөн чанар, түүний хэмжээс, хөгжмөөр тодорхойлдог.
§ Хөгжим ба үг хоорондын харьцаа нь хөгжим-яруу найргийн бүтцийн харьцаанаас үүдэлтэй учир тэдгээрийн давхцлын уулзвар дээр хармонилог гэхээсээ илүүтэйгээр шинэ эвсэлдүүлэг, шинэ уялдаа холбоог бүрдүүлдэг.
§Дуу гэдэг нь түүх соёлын код, тэдгээрийн шинж чанар, нийгмийн хөгжлийн тусгал болох соёлын дурсгалт өвийн чухал хэсэг мөн.
§Дууны жанрт дүн шинжилгээ хийх диахроник тал нь түүхэн үйл явдлуудыг дууны төрөлд дүрслэн илэрхийлэхэд чухал ач холбогдолтой.
§Дууны анализ-шинжлэл нь тухайн цаг үеийн соёлт орон зайн ойлголтын эх үүсвэр болно.
УЛАМЖЛАЛ БА ИННОВАЦИ
“Аливаа уламжлал гэдэг нь урьд өмнө оршин байсан инноваци. Харин аливаа шинэчлэл нь ирээдүйд далд хэлбэрээр ч гэсэн өөрийгөө илэрхийлэх боломжтой уламжлал байж болзошгүй” гэж судлаачид үзсэн байдаг. Энэ нь одоогийн бидний инноваци гэж харж байгаа зүйл нь цаг хугацааны явцад инноваци шиг харагдахаа болих тэр цагт л уламжлал болж үлддэг гэсэн үг юм.
“Уламжлал нь шинэчлэлгүйгээр оршин тогтнох боломжтой, гэхдээ эсрэгээрээ бол байж чадахгүй...” (Н.Т.Ултургашева, Л.Ю.Егле)
Уламжлал нь нийгмийн оршин тогтнолыг хадгалахад зайлшгүй чухал зүйл, харин инноваци нь түүний хөгжилд зайлшгүй шаардлагатай чухал зүйл болдог.
Дууны уран бүтээл гэдэг нь дуучны хоолойг чинээнд нь тултал дуугаргахдаа бус, харин тухайн дууны эгшиг аялгуу, хэм хэмнэлийн бүтцээс гадна агуулга санаа, илэрхийлэл, мэдрэмж (feeling) зэргээр тодорхойлогдох нь зүй ёсных.
“ХАНЬ” ДУУНЫ ТУХАЙД
Хөгжмийн зохиолч Ц.Пүрэвхүү (МУУГЗ, морин хуурч, хөгжмийн зохиолч, удирдаач, профессор): Үгийг бичсэн Ж.Батбаяр (Авьяаслаг зохиолч, нягтлан бодогч мэргэжилтэй, Багануурын харьяат. Р.Чойномын итгэлт найз. Р.Чойном түүнд бичсэн захидалдаа: “Одоо л оргилоо бүтээхгүй бол Оройгүй уул болно шүү!” гэжээ. (Хувийн захидлаас):
Темп-Andante (Хөгжмийн аажуу, энгийн, яаралгүй гэх шинж чанарыг илэрхийлсэн нэр томъёо. XVII зуунд хэрэглэж эхэлсэн. Andante нь adagio-с хурдан боловч andantino, moderato-с удаан темп).
Цагийн жавартай сэтгэл салхилж
Цастай шороотой хуйлран шуурахад минь
Нөмөр сайтай уул шиг дүмбийж
Нөөлөг дайртал санаа алдахдаа
Хаврын тэнгэрийн араншинг намжтал
Хамаг бурууг надаас зайлуулж
Халуун харцаа өлмийд зөөллөсөн
Хатан ханийхаа ухааныг яалтай
Аадрын үүлтэй сэтгэл нижигнэж
Аянгатай гялбаатай бороогоор асгарахад минь
Амгалан тал шиг тайван шингээж
Алдаа гэмийг алгуур учирлахдаа
Бухимдсан сэтгэлийн тэнгэр цэлмэтэл
Буруу бүхнийг бусдаас холдуулж
Будантай орчлонг уужруулж аргадсан
Бурхан ханийхаа ухааныг яалтай
Уулын голтой сэтгэл оволзож
Ууртай омогтой догширон үерлэхэд минь
Элгэн хад шиг чимээгүй зогсож
Эмтрэлгүй өнгөрөөж үгээ хэлэхдээ
Асгарах голын урсгал номхортол
Алдаа бүхнийг өөртөөн үүрүүлж
Амирлангуй сэтгэлийн тэвчээр өлгийдсөн
Амраг ханийхаа ухааныг яалтай
Энэ дууны үгэнд Байгалийн өөрийнх нь төрх, араншингаар хүний амьдралын ухаан, хүн байгалийн харьцааг, хүний араншинг өршөөх уучлах, элгэмсэг зөөлөн байх учиртайг илэрхийлсэн.
Ц.Пүрэвхүү энэ дуугаа өөрийнхөө “далд эрдэнэсийн дэвсгэр хөг” болсон b-moll (си бемоль минор)-т бичсэн нь амьдралын тухай бодрол, дууны дэвсгэр хөгийн сонголт хоёрын нэгдмэл бүтээлч холбоос үүсгэхүйц өдөөлт гэж болохоор.
"Хань” дууны хөгжмийн онцлох шинжүүд
8/6 хэмжээс (Хөгжмийн хэмжүүр дэх хэмнэл болон шүлгийн нэгж дэх хэмнэл, үгийн тоо, байршил) нь
Бүүвэйн дууны хэмнэлд суурилсан. Монгол эмэгтэйн ухаан нь Бүүвэйн дууны уян зөөлөн агуулга гэж харж байна. Бүүвэйн дуу гэдэг нь ардын аман зохиолын хамгийн эртний төрөл зүйлүүдийн нэг бөгөөд ардын уламжлалт соёлд бүүвэйн дууг ид шидийн хамгаалалтын функцийг гүйцэтгэж чаддаг байсан гэж үздэг.
Бас (Аргил буюу хамгийн доод регистрийн эрэгтэй хоолой) хоолойд зориулсан ч гэлээ эмэгтэй найрал дуу, цөөхүүл хөгжмийн бүрэлдэхүүнтэй найралжуулга нь сонирхол татахуйц зохиомжлолтой.
Хөгжмийн зохиолч Ардын хэв шинжит бүтээлээр дууны уран бүтээлд шинэчлэл хийхдээ:
-Ихэнх нийтийн дуунуудад нэг загварчлалын пентатоник эгшиглээнээс гажихгүй байх “Алтан дүрэм”-ээ баримталдаг арга барил байдаг. Тэрбээр үүнийг гажуудуулалгүйгээр дараалсан биш байдлаар тогтворгүй, оруулгын эгшиг буюу “мэдрэмтгий өрөг” болох VII өргийг богинохон орон зайнд өгсөх хөдөлгөөнөөр оруулан,
-Монгол аялгууны амин сүнс болсон Таван эгшигт тогтолцоо буюу хагас шат ороогүй ангемитон эгшгийн дараалал болох Пентатоник руу эвлэгхэн шилжих шилжүүлгийг диссонанс (фр. dissonance-харш эгшиглэгээ) бус сонсогдохоор авч ашигласан нь тун онцлог шинж болно.
Энэ нь байрлалаараа хроматик боловч диатоник шинжтэй (ж нь: хармоник A minor дээр дурдсан gis-a) байдаг.
Орчин үеийн хармонид ийм интервалыг заримдаа "диахроматик" (диатоник хамааралтай хромат, ялгарамжтой тулгуур эгшгийн фокусыг хүчитгэдэг) гэсэн нэр томъёогоор тэмдэглэдэг.
Харин II өргийг (уруудах оруулгын эгшиг) кульминаци буюу оргил хэсэгт шүргээд авснаар энэ дуу нь “таван өрөг биш долоон өргийг хамарсан дуу” (ардын хөгжмийн минор) гэж болохоор аж.
Энэхүү тогтворгүй II, VII өргийн хэрэглээ нь манай томоохон уртын дуунуудад хааяахан л тохиолддогоос бус зохиолын дуунуудад “Алтан дүрэм”-ийнхээ дагуу өмнө нь бараг ашиглаж байгаагүй үзэгдэл гэж болно.
Лад-цомнолын I өргөөс секунд дээр дор байрших өргийг “subsemitonium modi (“ладын доод хагас шат”, ө.х. тоникоос хагас шат доор орших бөгөөд хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг гэж үздэг)-буюу “мэдрэмтгий өрөг” гэж нэрлэдэг.
Ц.Пүрэвхүүгийн дууны уран бүтээлд Аялгуу (дуулах, эгшиглэх, хөгжмийн "хэвтээ" хэмжээс)-тэргүүлэх байр суурийг эзэлдэг.
Үгийг хувилгах, галиглах зарчмыг яруу найраг хэмээн тодорхойлсон байдаг. Тиймээс яруу найраг-хөгжмийн нийлмэгшил синтезээр үгийг нь “дуулуулж”, аялгууг нь “яриулдаг” илэрхийллээр гаргахыг тэрээр зорьсон байна.
Үг болгоныг нарийвчлан дагалгүйгээр үгийг эгшиглээтэй нь яв цав тааруулах гэж эрмэлздэггүй ч аялгуугаар текстийн илэрхийлэлд хариу үйлдэл үзүүлэх нюанс буюу нарийвчилсан ялгарамжийн тохиргоог илүү чадварлаг гүйцэтгэдэг сүрхий уран бүтээлч аж.
Тиймээс ч Д.Пүрэвдорж (Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын Уран Зохиолч, яруу найрагч, "Болор цом" наадмын анхны тэргүүн шагналтан), Б.Лхагвасүрэн (Хөдөлмөрийн баатар,Төрийн шагналт, Ардын Уран Зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн), Ц.Гайтав (Төрийн шагналт, СГЗ яруу найрагч), Ш.Сүрэнжав (Төрийн шагналт, Ардын Уран Зохиолч, яруу найрагч), Т.Галсан (Хөдөлмөрийн баатар, Ардын Уран Зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн), П.Бадарч (Төрийн соёрхолт, Ардын Уран Зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч), нарын суу билэгтнүүдтэй уран бүтээлийн хамтрагчид болж туурвирсаар л....
Морин хуурч-багш Ц.Пүрэвхүү үгийн далд утгыг илүүтэйгээр ойлгож, бүтээсэн дуу бүрдээ өөр өөрийн өнгө төрхийг илэрхийлэх нь түүний үгийг хүртэж буй утга тайллын мэдрэмж хавь илүү юм хэмээн ойлгогдож байна.
Ц.Пүрэвхүү “Сэтгэл хөдөлгөх мөртүүд шүлгэнд шингэсэн байхад хөгжим төрж л таарна” хэмээн үздэг ч дуунд заяагдсан "давуу эрх"-ийг үл харгалзан хамсран тоглох үүрэг маш чухал юм гэдгийг дууны уран бүтээлдээ гүнзгий шингээсээр ирсэн байдаг.
Ц.Пүрэвхүү цөөхүүл хөгжим, эмэгтэй найрал дууны хэсгээрээ уран сайхны илэрхийлэмжийг бүхэлд нь дэлгэн харуулах хүчирхэг хэрэгсэл, ур чадварын "нууц" -ыг эзэмдэгч элемент хэмээн тайлбарладаг.
“Ц.Пүрэвхүү бол шинэчлэл хийж бүтээлээ туурвидаг нийтийн дууны мастер болсон” хэмээн МХЗХ-ны дарга асан, хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж (Монгол Улсын Төрийн соёрхолт) үнэлсэн байдаг.
Бас нэгэн сонирхолтой зүйл гэвэл Монгол ардын уртын дуунд “эгшиг томох арга” (Эгшиг томох гэдэг нь дуулах явцдаа нэг эгшиг нь үүргээ гүйцэтгээд дараагийн эгшигт уусч, шинэ эгшиг авиаг тасралтгүйгээр үүсэхийг хэлдэг) гэж том ухаан байдаг.
Хөгжмийн зохиолч энэ аргыг хэд хэдэн дуундаа шингээж туршихдаа боломжтой, хэрэгтэй арга гэдгийг аль хэдийнэ мэдэрсэн байдаг.
Харин энэ арга нь зохиолын дуунд хийсэн “ШИНЭЧЛЭЛ” яахын аргагүй мөн бөгөөд “Монгол вокалын (дуулаачийн урлаг) чухал махбодь” гэж цохон тэмдэглэх нь зүйтэй.
Хөгжмийн зохиолч өөрийн гэсэн арга барилаараа танигдаж байх нь чухал хэдий ч Монголын дуу хөгжмийн үндэсний баялаг сангаас суралцаж, хичээн туурвихдаа зохиомжлолоо этгээд бус, харин ч шинэ содон бас бусдыг давтаж хуулбарлаагүй байхад ихээхэн анхаарал хандуулсаар ирсэн байдаг. Мөн дууныхаа эхлэл хөгжимд илүү ач холбогдол өгдөг нь тухайн бүтээлийнхээ гол утга санааг товчлон илэрхийлэхийг зорьдогт оршино.
Сэтгэлд дотно уянгын ертөнц, байгальлаг дүр төрх, өдөр тутмын амьдрал, ардын дуу хөгжим, үндэстний эгшигт сэтгэлгээ, ёс заншил бол Ц.Пүрэвхүүгийн сонгосон яруу найргийн текстүүдийн агуулгад гүн оршдог. Хөгжмийн зохиолчийн хувьд Ц.Пүрэвхүүгийн хамгийн чухал төрөл жанр, хамгийн дуртай чиглэл, хамгийн үнэ цэнтэй туурвил бол яахын аргагүй дууны уран бүтээл мөн гэдгийг түүний монгол эгшигт сэтгэлгээнээс нь “Түүх соёлын кодыг тээгч” гэдгийг бэлхнээ илчилсээр л...
Хөгжим судлаач Мөнхтөмөрийн МӨНГӨНСҮХ
2024.12.08
Сэтгэгдэл ( 0 )