НУТГАА ДУУРАЙЖ ТӨРСӨН ДУУЧИН
Өлмий дороос наран мандаж, өөдрөг байхыг соёрхон, ертөнцийг гийгүүлдэг нутгаас өргөсөн дуу нь дэлхийн сонорт хүрсэн Ардын жүжигчин, уртын дуучин Шарын Чимэдцэеэ бол Дарьгангын их өвийг тээж, сэргээн амьдруулж, зуун дамжуулан хойч үед өвлүүлж яваа өвгөдийн гэрээслэлтэй дуун ухааны үргэлжлэл билээ. Тэрбээр бас дууны гайхамшгаар улсаа өргөж, түмнээ энэрсэн ачтан. Араасаа дагуулж, гараасаа хөтөлсөөр олон шавь төрүүлсэн ардын багш. Эрдэм судлалын олон ажил, бүтээсэн номон суваргаар түмнийхээ нүдийг нээсэн соён гэгээрүүлэгч юм. Ийн дурдваас та бидний хайртай дуучин, урлагийн хүний хувьд амьдрал нь алган дээр мэт санагдах ч хувийн орон зай нь ямагт таашгүй оньсого мэт байж ирсэн Ардын жүжигчин, уртын дуучин Шарын Чимэдцэеэ гэж нээрээ хэн юм бол.
Дуу, дуучин хоёр нутгаа дууриаж төрнө гэсэн эртний ерөөлтэй үг бий. Сүхбаатар аймгийн Уулбаян сумынхан “Хоолой” хэмээх газрыг сайн мэднэ байх. Хачин юм шүү, яг тэр бууцанд хонин жилийн хөхөө сарын тэргүүнд их талын энгүй хоолойтон, ирээдүйн алдарт дуучин Чимэдцэеэ дуугаа хадаан мэндэлжээ. Арван гурван хүүхэдтэй хөдөөний малчин айлын дунд охин тэрбээр ус нутагтаа гоо үзэсгэлэнгээрээ гайхагдсан сайхан ижийн охин тул ээжийнхээ сайхныг өвчиж төрсөн гэдэг. Аялгууны сайхныг ч гэсэн дууг өөрөө жаргаж бас бусдыг жаргааж дуулдаг ээжээсээ өвлөсөн гэж тэрбээр хэлдэг. Төрсөн эцэг Жамбал гэж хүн байсан ч тэрээр хойд эцэг Шарын нэрээр овоглодог. Удам судрыг нь мөшгивөл баян, буян хоёроороо алдартай Орлойн баян Совд гэдэг хүний ач охин.
ИЧИМХИЙ ОХИН ИХ УРЛАГТ ХӨЛ ТАВЬСАН НЬ
Сургуульд байхдаа нэг их дуулдаггүй, багш “Дуул” гэхээр самбарын өмнө гараад уйлчихдаг охин 15 настайдаа урлагийн үзлэгээр сумынхаа клубт анх удаа “Жаахан шарга”-ыг дуулжээ. Сумаасаа шалгараад аймагт, аймгаасаа Зүүн бүсэд, тэндээсээ шалгарч, улсын нийслэл Улаанбаатарын тайзнаа дуулав. Урлагийн хүн, дуучин болох их зам түүний хувьд ингэж эхэлжээ. 1975 онд “Дуучин болох хүмүүсийг курст суулгана” гэж аймгийн Соёлын хэлтсийн дарга Доржцэрэн багш нь дуудсанаар хотод очиход алдарт дуучин, Ардын жүжигчин Н.Норовбанзад, Ж.Дорждагва нар угтаж авав. Ийнхүү нэг үеийн 16, 17-тууд, хожмын цуутай дуучин С.Сүглэгмаа, Б.Лхамжав, С.Нэргүй, Ж.Нансалмаа, Г.Тэрбиш, Ш.Чимэдцэеэ нар дууны урлагт шамдан суралцсан гэдэг. Курсээ төгсч ирээд Сүхбаатар аймгийнхаа Соёлын ордонд гоцлол дуучнаар ажиллаж, дуулалт жүжгийн гол дүрүүдийг бүтээн, хөгжим анги дутагдалтай тул өөрөө хөгжмөө тоглон урлаг соёлыг түгээн дэлгэрүүлсээр 1986 онд Соёлын тэргүүний ажилтан, 1991 онд Монгол Улсын гавьяат жүжигчин болсон байна.
1993 онд тэрбээр Улаанбаатар хотноо ирж “Морин хуурын чуулга” анх байгуулагдахад гоцлол дуучнаар орж ажилласан бол 2003 оноос Хөгжим бүжгийн коллежид багшилж шавь сургалтаа эхлүүлжээ. Энэ хооронд тэрээр “Алтан Овоо”, “Ижий буурал гол”, “Алтан Хөхийн оргил”, “Дарь уул, Ганга нуур мину”, “Алтан Овоо минь өршөө”, “Тэнгэрийн нулимс шиг аялгуу”, “Хязгааргүйн чинадаас” цомгуудаа гаргаж, бие даасан 60 гаруй тоглолт хийж, хандивын тоглолтод оролцсон нь тоогоо алджээ. Ганц жишээ хэлэхэд, Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжиж, дэлгүүрийн лангуун дээр давснаас өөр юм үлдээгүй 1990-ээд оны хүнд үе, урлаг соёл уналтад орсон амаргүй нөхцөлд улсын төсөв бүрдүүлэх үүрэг авч, улсаа бүтэн тойрон тоглолт хийж байв. Монгол түмний их шүтээн Мэгжид Жанрайсаг бурханыг бүтээх хандив цуглуулахад Соёлын сангийн элч дуучны үүргийг нэр төртэй биелүүлж байсан зэргээс үзэхэд тэрбээр улсаа өргөж, ард түмнээ тэтгэсэн дууны урлагийн зүтгэлтэн юм. Ш.Чимэдцэеэд нэг биед багтамгүй олон авьяас цугласан, урлагийн тэнгэрүүдэд ивээгдсэн бүсгүй. Хүүхэд байхаас харганын толгойд салхиар хөөгдөж ирээд тогтсон ном, сонины тасархайг уншин шүлэг дуу цээжилж явсан түүнийг бүр жаахнаасаа шүлэг бичсэн авьяаслаг яруу найрагч гэдгийг саяхныг хүртэл тийм ч олон хүн мэддэггүй байв. Өөрийн шүлгүүдээс “Тэнгэр ээж минь өршөө”, “Дуунд залбирсан тавилан”, “Тавилан” зэрэг дуу бүтээж, өөрөө дуулж амьдруулсан нь олонд хэдийнэ түгсэн. Түүний анхны шүлэг 1988 онд Сүхбаатар аймгийн яруу найрагчдын “Алтан Овоо” түүвэрт хэвлэгдсэнээс хойш “Дууны шуранхайд шүлэг төрнө” /2008 он/, “Тэнгэрийн цэцэрлэгээс” /2013 он/, “Би бясалган дуулагч” /2019 он/ шүлгийн түүврүүдээ уншигчдын гар дээр тавьжээ.
ӨВ СОЁЛЫГ ХАМГААЛАГЧ
Ш.Чимэдцэеэ зөвхөн уран бүтээлч бус, дарьгангын өв соёлын тээгч, түүнийгээ судалгааны эргэлтэд оруулж “Дарьганга дууны хэл соёлын судалгаа” нэг сэдэвт бүтээлээрээ докторын зэрэг хамгаалсны зэрэгцээ Монгол Улсаа уртын дууны ноттой болгосон эрдэмтэн, судлаач. Өдгөө түүний зохиосон нотоор ар, өвөр Монголын уртын дуучид уртын дуугаа сурч байна. Дарьганга судлалтай холбоотой өөр нэг зүйлийг онцолбоос, дэлхий дээр 300 гаруй үндэстний хэл устсан атал 2010 оны хүн амын тооллогоор дарьганга хүний тоо цөөрсөн нь хэл устах аюул хаалга тогшиж буй дохио болохыг сэрэмжлүүлж тэрбээр “Дарьганга хэл аялгууны толь бичиг” гаргаж байсан юм. Дэлхийн монголчуудад зориулан өөрийн зохиосон дүрс нот, өрнө дахины нотоор нотлон кирилл болон худам монгол бичгээр “Тэнгэр мэт” хэмээх ном гаргасан Чингис хааны дэлхийн академийн жинхэнэ гишүүн, академич бол Шарын Чимэдцэеэ юм. Үүгээр зогсохгүй “Жаахан шарга” хэмээх дарьганга, үзэмчин урт богино 108 дууг судлан цуглуулж түүх, домгийн хамт Японд хэвлүүлж, сүүлд худам монгол, кирилл монгол, англи, хятад хэл дээр дахин хэвлүүлсэн ном нь монгол судлалын өв санд хүндтэй байр суурийг эзэлнэ. Хурдлуулах моринд марзай, гийнгоо дуудахын утга тайллын судалгаа, мөн тэр тухай Монголын үндэстэн ястнуудын гийнгоо марзайн судалгааг хийж, өөрөө марзайлж гийнгоолон бичүүлсэн цомог, монгол эхийн бүүвэйн дууны утга тайллын судалгаа, бүүвэйн дууг нутаг нутгийнхаар судлан өөрийн хоолойгоор бүүвэйлж бичүүлсэн цомог зэрэг бүтээлүүдээрээ ардын урлагийг судлах, сурталчлах ажилд чухал хувь нэмэр оруулсан гэж мэргэжлийн судлаачид дүгнэсэн байдаг.
Урлагийн алтан тайзнаа “Монгол Улсын Ардын жүжигчин, уртын дуучин Шарын Чимэдцэеэ дуулна” хэмээн зарлуулж, Япон, Солонгос, Хятад, Энэтхэг, Орос, Герман, Англи, Франц, Швейцарь, Америк, Польш, Канад, Голланд, Чех зэрэг 40 гаруй орноор аялан тоглож, Японы Suntory hall alcoross АНУ carnegle hall, Нью-Иорк хотын НҮБ-ийн танхим, Германы Берлин филармони, Францын Юнеско зэрэг дэлхийн алдартай тайзнуудад дуулсан тэрбээр яахын аргагүй их талын энгүй хоолойтон, Монголын нэгэн бахархал юм. Монголчууд “Энгүй” гэх үгийг зах хязгааргүй, тоо томшгүй, тоолж баршгүй гэсэн утгаар хэрэглэдэг. Тэгвэл хүчит бөхчүүдээ энгүй хүчтэн, энгүй бяртай гэхчлэн ярьж бичих нь бий. Ш.Чимэдцэеэ их талын энгүй хоолойтон болохыг Монголд анх удаа дуучин хүний хоолойн царааг шалгасан гурван октавтай дуу зохиож дуулсан гайхамшиг нь хэдийн баталсан. Дэлхийд энэ хэмжээний дуу дуулсан хүн өдгөө түүнээс өөр бүртгэгдээгүй билээ.
Сэтгэгдэл ( 0 )