А.Гантулга: Боксчин, дасгалжуулагч гээд томрох юм байхгүй, би ах нараасаа одоо ч айдаг

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2024 оны 09 сарын 06

 

“Алдар” спорт хорооны дасгалжуулагч, багш А.Гантулга хэмээх нэр боскоор хичээллэгч залуус, энэ спортыг сонирхогчдын дунд эртнээс танил болж, 2015 оны наадмын өмнөхөн Монгол Улсын гавьяат дасгалжуулагч болж байв. Төрийн өндөр шагнал хүртээд гарч ирэхдээ тэрбээр “Ганц миний хичээл зүтгэл биш боксын спортод бэлтгэсэн шавь нарын маань амжилт, тэдний хөлс, хүч хөдөлмөр намайг энэ зэрэгт хүргэлээ. Түүнээс биш би ямар рингэн дээр зодолдож байгаа биш. Миний заасан, хэлсэн ярьсныг тэд маань гаргаж үзүүлж байна. “Алдар” спорт хорооны хамт олон, боксын спортыг хүндэлдэг, дэмждэг, ойлгодог төр засаг, түмэн олондоо баярлаж байна” хэмээн даруухан өгүүлж билээ. “Алдар” спорт хороогоор овоглосон түүнийг Аабатын Гантулга гэдэг, төрсөн нутаг нь Сүхбаатар аймгийн Уулбаян сум гэдгийг тэр бүр мэдэхгүй. Түүнийг “Өглөөний зочин”-ы хойморт урьж ярилцлаа.


-Бөхчүүд нутаг ус гэж их ярьдаг. Боксынхон тэгж сүйд болдоггүй. Та нутаг ус болоод өөрийгөө танилцуулна уу?

-Хүмүүс намайг “Алдар” спорт хороогоор овоглоод сурчихсан болохоос намайг Аабатын Гантулга гэдэг юм шүү дээ. 1971 онд төрсөн. Аав ээж минь Сүхбаатар аймгийн Уулбаян сумын уугуул болохоор би тэр нутгаар овоглодог.

-Та боксын спортод хэдэн жил зүтгэж байна? 

-Хүүхэд байхаас боксоор хичээллэсэн. Энэ спорт руу ороход хоёр ах маань нөлөөлсөн. Ах нар маань бокс тоглодог байсан юм. Би 1984 онд 14 настайгаасаа боксоор хичээллэсэн. Тухайн үед “Хүч” спорт хороон дээр Х.Магван багшийн удирдлагад долоо хоног бэлтгэл хийгээд  “Олимпын гараа”-д орж алтан медаль авч байлаа. Дараа нь У.Мөнх-Эрдэнийн багш гавьяат дасгалжуулагч Д.Батмөнхийн удирдлагад 1985 онд 6-7 сар хичээллэсэн. Багш маань Чех рүү явснаар би “Алдар” спорт хорооны дасгалжуулагч Х.Магван багшийн удирдлагад 1997 он хүртэл бокс тоглосон. Өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн тэмцээнд орж байлаа.

Багшийнх манайх хоёр Чингэлтэй уулын ар, өвөрт  байсан юм. Намайг бэлтгэлээ тасалчихаар багш маань уул даваад орилоод ороод ирдэг байлаа. Би 1997 оноос багшийнхаа зөвлөснөөр дасгалжуулагчийн ажилд шилжсэн. Тэгэхдээ “Алдар”-аас хаашаа ч яваагүй, өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Эхлээд  “Алдар” спорт хорооныхоо тамирчин байгаад багшийнхаа халааг авч дасгалжуулагч болсон. ОУХМ Б.Энхтайван бид хамтдаа  “Алдар”-ыг дасгалжуулах ажлын гарааг эхэлж байсан юм. Түүнээс хойш өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн аль нэгээр  нь дагналгүй бүгдийг  дасгалжуулж, орсон тэм¬цээн болгоныхоо эхний гурван байраас мултарч үзсэнгүй. Намайг жаахан байхад Монгол Улсын харцага Ч.Өвгөнхүү багш  “Алдар” спорт хорооны ууган дасгалжуулагч байлаа. Ээжтэй нэг ангид сурч байсан гээд манайд ирдэг байсан. Ирэхдээ миний толгойг илээд сайн тамирчин дасгалжуулагч болоорой гэдэг байсан. Ууган дасгалжуулагчийн нэг нь Уулбаяны Ч.Өвгөнхүү  харцага байсан  бол энэ цаг үед Уулбаянаас би залгамж болж, үргэлжлэл нь болж “Алдар”-т ажиллаж л явна гэж хааяа боддог. Бас тэр хүний хэлсэн нь ерөөлтэй юм шиг  сайн тамирчин, дасгалжуулагч болох замыг зассан мэт явж ирж дээ.

-Ингэхэд Сүхбаатар аймгийн  нэрийг гаргасан боксчид хэр олон бэ?

-Манай сумаас бокс тоглодог хүн надаас өөр байхгүй. Харин хурдан морьд бол байгаа. Аймгийн төвөөс бол ОУХМ М.Отгонбаатар, Б.Ганбаатар нарын нэгэн үе бокст нөлөөтэй сайн тамирчид төрж гарсан. Мөн Ангараг, Мөнхжаргал гэж сайн  боксчид байлаа. Тэднийг ид  гарч ирж байх үед  Г.Ганхуяг багш очиж ажиллаж байсан юм. Түүнээс хойш залгамж чанар тасарсан. Саяхнаас тэмцээнд баг ирээд байдаг болсон байна лээ. Мөн сонирхогчийн боксоос мэргэжлийн бокс руу хүч үзэж яваа Д.Баярхүү чинь манай Сүхбаатарын Түмэнцогтын хүүхэд шүү дээ.

-Та гэр бүлээ танилцуулна уу. Хүүхдүүдээс чинь боксоор хичээллэдэг үү?

-Манайх нэг охинтой. Хүүхэд байхдаа боксоор хичээллэж, Азийн наадмаас медаль авч байсан. Нэрэмжит тэмцээнээс нэг мөнгө, хоёр алтан медаль хүртсэн амжилттай. Одоо охин маань ханьтай болж, эхнэр бид хоёрыг хоёр хөөрхөн зээтэй  өнөр болгоод байна. Би их сайн ханьтай, Хань минь намайг бүх талаар дэмжиж, ар талыг сайн авч явдаг даа.

-Таныг гавьяат авах нь гэх сураг 2009 оноос эхлэн дуулдаж, таны шавь Н.Төгсцогтыг  гавьяат тамирчин болох үед бүр ч хүчтэй яригдаж байгаад чимээ алдарсан ч та 2015 оны наадмын өмнөхөн энэ өндөр цолыг хүртсэн. Тэр үед юу бодогдож байсан бэ?

-Тэр яах вэ дээ, намайг сайн ажилла гэсэн юм байгаа биз. Ямар ч байсан ажил үйлс маань  өөдрөг сайхан явж ирлээ. Манай тамирчид боксын улсын аваргад олон удаа удаа түрүүллээ,  Өсвөрийн эмэгтэйчүүдийн боксын дэлхийн аваргаас  миний шавь нар  медаль хүртэж ирлээ. Дэлхийн медальтан гурав төрчихлөө. Олимпын медальтан, Азийн аварга, Армийн дэлхийн аварга, Азийн тоглолт, Армийн наадам, Оюутны универсиаль наадам, Залуучуудын Азийн наадам гээд бүхий л тэмцээнээс шавь нар маань медаль авч, амжилттай явж ирсэн. Энэ бүхнийг маань төр, засаг үнэлж, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цолыг 2015 онд олгосон. Хамгийн гол нь төрөөс шагнал авах, авахгүйдээ  биш, миний цор ганц зорилго бол сайн тамирчин бэлтгэх, олимп, дэлхийд өрсөлдөх ширэн бээлийтнүүдийг  гаргах, энэ хүслээ биелүүлэхээр боксын рингээс буухгүй шавь нараа бэлдэж байна даа. Энэ жил Сэлэнгэ амралтад 2024 оны Олимпын наадмын  эмэгтэйчүүдийн боксын 54 кг-ийн жинд оролцсон шавь  Ц.Энхжаргалынхаа бэлтгэлийг хийлгэсэн.

 

 

-Та аав ээжээс хэдүүлээ вэ?  

-Ээж аав хоёр минь хоёулаа  Сүхбаатар аймгийн Уулбаяны унаган иргэд. Бид аав ээжээс есүүлээ. Би дороосоо гурав дахь нь. Дээрээ хоёр эгч, дөрвөн ахтай. Дороо нэг эмэгтэй, нэг эрэгтэй дүүтэй. Бид том даруулгатай өссөн. Аав бол юм хэлэхгүй харцаараа л сургана. Болохгүй бол ээж аавд хэлж  байгаад суран тэлээгээр шавхуурдуулна. Том ах нар бол биднийг маш жаягтай өсгөсөн. Том ахаасаа бид их айдаг. Одоо ч айна  шүү дээ.

-Танаас бусад нь спортоор хэр хичээллэж амжилт гаргав?

-Манайхан дунд ахаас өгсүүлээд боксоор явсан юм. Дунд ах Гал-Очир маань гал команд буюу одоогоор Онцгой байдлын ангид ажиллаж байсан. Одоо тэтгэвэртээ гарсан. Ганболд ах маань боксоор мөн хичээллэж явсан, ОУХМ, “Хүч” спорт хороонд тамирчин, аж ахуйн даргаар ажиллаж байгаад мөн тэтгэвэртээ гарсан. Гал-Очир ах  бол Ганболд ах бид хоёрыг хүүхэд байхаас гэртээ дасгалжуулж, боксын спортод дуртай болгосон. Лап-д авна, цохилт заана, ер нь их бэлддэг байсан. Тэгж бэлдсэний үр дүнг бид хоёр амжилтаар хариулж сайн тамирчид болсон. Ахынхаа итгэлийг алдаагүйдээ баярлаж явдаг. Энэ ташрамд ахдаа баярлалаа гэж хэлье. Манай том ах Ганхуяг гэж хүн бий. Тээврийн тавдугаар баазад ажиллаж байсан, ах бэр эгч хоёр маань боксын спортод бид хэдийгээ маш их дэмжиж, тусалж явсан. Ерөөсөө манай гэрийнхэн чинь тэр чигээрээ боксоор амьсгалдаг байлаа шүү дээ. Ээж аав, ах бэр эгч, дүү нар бүгд  хаана л тэмцээн болно, тэнд бүгдээрээ очдог, үздэг, дэмждэг. Тэр нь надад маш их урам зориг нэмж, энэ спортод амжилт гаргах үндсэн суурийг минь тавьж өгсөн. Намайг тамирчид бэлдэж, шавь нар  хүүхдүүдээ бэлтгэж байхад ч манай том ах ирээд, хүүхдүүдийг минь өглөө гүйлтэд гүйлгэж, жин үзүүлэхэд нь хөдөлгөж, шүдний хамгаалалтыг нь хийж өгөөд хажууд туслаад байж байдаг. Тийм болохоор миний хүүхдүүд, шавь нараас амжилт гаралгүй яах вэ.

-Тантай уулзсаных  Н.Төгсцогтын тухай асуухгүй өнгөрч боломгүй. Таны алтан шавь нарын нэг шүү дээ, тийм ээ?

-Төгсөөгийн мэргэжлийн бокс руу орох асуудал хүнд шийдвэр байсан. Надад бол тийш нь оруулалгүй гар дээрээ авч “Алдар”-ын тамирчин болгох хүсэл их байсан даа, тэр үед. Тийм болохоор өөрт нь зөндөө хэлсэн. Нэг шулуудсан бол зүтгэчихдэг зантай болохоор би дийлээгүй. Зан чанарын хувьд ч тийм л хүүхэд байгаа юм. Дээшилнэ үү гэхээс доошлохгүй шүү. Өөртөө тэгж зорилго тавьж, зүтгэж чаддаг сайн тал бий.

-Хэдэн настай таны шавь болж байв?

-79 дүгээр сургуулийн сурагч, 13 настай жаахан хүү миний шавь болж, түүнээс хойш  уйгагүй бэлтгэл хийсэн. “Олимпын гараа”, “Тэмүүлэл” тэмцээнд орж анхныхаа мөнгө, хүрэл медалийг авч, дараа нь өсвөрийн улсын аварга, залуучуудын улсын аваргад дараалан түрүүлсэн. Их мэдрэмжтэй хүүхэд байсан, өсвөрийн улсын аваргад түрүүлсний дараа Сахад болдог хүүхдийн наадамд оролцож хүрэл медальтай ирэхдээ “Багш аа, гадаадын тамирчид чинь биднээс илүү юм байдаггүй юм байна шүү дээ. Болох юм байна” гэсээр ирсэн. Тэгэхэд нь “Би чамд хэлдэг шүү дээ, хэн ч байсан адилхан эхээс гарсан, адил зорилготой хүмүүс байгаа. Хамгийн гол нь хэн ухаантай, хэн өөртөө зорилго тавьж өөртэйгээ ажиллаж байгаа нь гардаг, ялдаг юм шүү дээ, миний хүү” гэсэн. Тэгж явж ирсний дараа мань хүн их урамшиж,  бэлтгэлээ ч сайн болгосон. 2009 онд насанд хүрэгчдийн улсын аваргаар 48 кг-ын жинд  түрүүлсэн.Дараа нь ОХУ-д болсон тэмцээнээс хүрэл медаль, намар нь Гуанжоуд болсон тэмцээнд хүрэл медаль  хүртэж тэр эрчээрээ Миланд болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн рүү явсан. Тэндээс “Эхний учраа ширүүхэн болох нь ээ, багш аа” гэсэн мессэж ирүүлсэн, би зөрүүлээд тактикийн талаас нь зөвлөгөө өгсөн. Тэгээд туслах оноогоор хожсон. Түүний дараа “Бусад нь болчих байх аа, хуучин хүмүүс” гээд нэлээд тайвширчихсан байсан. Үнэхээр ч 2011 оны Бакугийн дэлхийн аваргын алт, 2009 оны Миланы дэлхийн аваргын хүрэл медальт, Европын аварга, ОХУ-ын боксчин Миша Алояныг  Төгсөө маань  илт давуу ялсан. Өмнө нь тоглоод үзчихсэн, арга барилыг нь мэдэж байна гэдэг том давуу тал байсан. Дэлхийн хоёр удаагийн аваргыг буулгаж авч байна гэдэг  дэлхийн энтэй тамирчин болсны баталгаа болсон. Тэгж 17-хон насандаа од болсон хүн шүү дээ, манай Төгсцогт.  17  насандаа  дэлхийгээс медаль авсан түүх манай боксын спортод байхгүй. Түүн шиг 20 насандаа олимпоос медаль авсан хүн ч ховор. Гэхдээ хар залуугаас нь од болгочих  хэцүү  юм  билээ.

 

 

-“Од”-ын өвчнөөр өвчилсөн хэрэг  үү?

-Тэгэхгүй яах юм бэ. Хүн болгон сайн байна, мундаг гээд байхаар залуу хүн зүгээр байхгүй биз дээ.

-Азийн наадмаас мань эр жаахан юм бодож ирэх шиг болсон. Тэр нь мэргэжлийн бокс руу ороход нөлөөлсөн гэж ойлгосон?

-Тэрэн дээр би юм яриагүй. Өөрт нь бол “Хохь нь” гэж л хэлсэн, тухайн үед. Олимп, дэлхийн аваргын медальтай хүн гэдэг чинь аливаа тэмцээн, уралдаанд хянамгай байж, дүгнэлт хийж байх хэрэгтэй. Ямар тамирчид байдаг билээ. Би нэг жин өгсөж  орж байгаа шүү гэдгээ дотроо бодож байх хэрэгтэй шүү дээ. Гэтэл тийм юм бодохгүй, бэлтгэл сургуулилтаа хаячихаад эрчээрээ давхиж ороод л. Гэхдээ Солонгосын тэр тамирчныг хожсон л доо. Үнэндээ бол  эхний хоёр раундад тэнцүүхэн тоглож, гуравдугаар раундад илүүрхсэн. Эхний хоёр раундад илүүрхсэн бол шууд хожих байсан. Тэгэхээр тэмцээн зохион байгуулж байгаа  орны хувьд аргагүй. Хэрэв манайд тэмцээн болж Төгсцогт шиг тэнцүүхэн тулаан хийж байгаа тохиолдолд ялалтыг өөрийнхөө тамирчинд өгөхийг бодно биз дээ. Тиймээс тэрэнд юм бодох хэрэггүй, тэгж байснаас харин илүү хичээж, амжилт үзүүлэхийн төлөө явах ёстой. Тэр талаас нь  би нуулгүй хэлэхэд Төгсцогтыг зэмлэсэн.

-Ингэхэд та боксчин  байхдаа үзүүлсэн амжилтаасаа сонирхуулаач?

-Улсын аваргаас хоёр хүрэл,  гурван мөнгөн медаль хүртсэн. Залуучуудын аваргаас мөн хоёр хүрэл авсан. АНУ-д 1997 онд болсон Мухамед Алийн нэрэмжит  сонирхогчдын боксын тэмцээнд оролцож   медальтай ирж байлаа. Жижиг тэмцээнүүдэд гаргасан амжилт нэлээд бий. Тэр болгоныг хэлээд яах вэ. Харин Мухамед Алийн нэрэмжит тэмцээнээс медаль авснаа би ховор аз гэж боддог.

-Дасгалжуулагчийн тактик, гол арга барил юу вэ гээд асуучихвал нууц уу?

-Тамирчидтайгаа хэр зэрэг тулж ажиллахаас бүх зүйл шалтгаална. Багш хүн миний бодож байгаагаар бэлтгэл сургуулилтаа хийлгэхээс гадна хүүхдүүдийнхээ дотоод сэтгэлийг нээх ёстой. Гол үүрэг нь энэ. Хүүхэд дотроо юу бодож явааг гаргаж, нээхээс амжилтын оргилд хүрэх, хүрэхгүй зэрэг бүх зүйл шалтгаална. Хүний дотоод сэтгэл агуу зүйл. Тиймээс миний ганц боддог, анхаардаг зүйл тамирчны сэтгэл зүй. Манай тамирчид  зуны улиралд долоо хоногт таван удаа бэлтгэл хийдэг. Өвөл бол  зааландаа гуравхан удаа орох эрхтэй байдаг.“Алдар” спорт хороо нэг талаас спортын, нөгөө талаас армийн байгууллага болохоор Монгол Улсын төлөө зүтгэх юм даа. Хариу нь тамирчдын маань амжилтаар гардаг. Миний шавь нараас Н.Төгсцогт маань 17-хон насандаа дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэж, 20 насандаа олимпоос мөнгөн медаль авчирсан. Тэрнээс хойш ахлах ахлагч Б.Чинзориг гэж хүү маань сая дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль авлаа. Ц.Энхжаргал маань дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэж, 2024 оны олимпод медаль аваагүй ч сайн оролцлоо. Ази, дэлхийн аваргаас медальтай шавь нар зөндөө бий. Азийн аварга Х.Энх-Амар, Армийн болон дэлхийн аварга, Армийн мөнгө, хүрэл медальтай шавь нар олон байгаа. Өөрөө өөртөө  зорилго тавьж явна гэдэг том амжилтын үндэс. Энэ 20 гаруй жилийн зорилго, зүтгэлийн үр шим  бол өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн бүх тэмцээндээ амжилт ололттой байхын суурь шүү дээ. Шавь нар минь амжилтаар дүүрэн байгаа. Би бол дэлхийн медалиудыг бүгдийг авсан учраас түүнээс илүү гарч, медалийнхаа өнгийг хувиргаж, алтан медалийн эзэн болохын төлөө сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байна. Шавь нартаа ч ингэж хэлж захьдаг.

-Шавь нартаа зарчим болгодог зүйл юу вэ?

-Тамирчин болохоос өмнө хүн болох ёстой. Хүн болох  гэдэг сэтгэл санаа ариусах юм. Үүнийг  шавь нартаа  нэн тэргүүнд захьдаг. Хүн хүнийхээ баярыг ч, зовлонг ч хуваалцаж чаддаг байх хэрэгтэй. Тэрийг шавь нартаа  төлөвшүүлэхийг хичээдэг. Хүнийг хүн үүднээс олж харахгүй байна гэдэг эмгэнэл шүү. Дарга, цэргийн ялгаа тэгж гардаг. Хүн хүнээ “хүн” л гэж харж явбал сайхан даа. Хүмүүс бялдууч, хов жив зөөдөг, ярьдаг болчихоод байгаа нь гутамшиг. Би тамирчдадаа сэтгэлээрээ, өөрийнхөөрөө, байгаагараа, цайлган цагаахан байхыг, зөв байхыг, шударга байхыг л захьдаг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top