Ливанд пейжерүүд дэлбэрч, 2700 гаруй хүн шархаджээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 09 сарын 18

Ливан дахь Хезболла бүлэглэлийн гишүүдийн хэрэглэдэг пейжерүүд нэгэн зэрэг дэлбэрч эхэлсний улмаас есөн хүн амиа алдаж, 2750 шархадсанаас 200 хүний биеийн байдал хүнд байна гэж Ливаны эрх баригчид мэдээлжээ.

Шархадсан хүмүүсийн дунд Хезболла бүлэглэлийн гишүүд, эмч нар болон Иранаас тус улсад суугаа элчин сайд байна. Дэлбэрэлтүүд Хезболла бүлэглэлийнхний төвлөрсөн Бейрут хотын өмнөд хэсэгт болон зарим бүс нутагт гарчээ. Мөн Ливантай хил залгаа Сирид хэд хэдэн пейжер дэлбэрсний улмаас 14 хүн шархадсан байна. Ройтерс агентлагийн эх сурвалжийн мэдээлснээр, энэхүү хэрэг явдал нь тус зэвсэгт бүлэглэлийн аюулгүй байдлын албаны томоохон бүтэлгүйтэл болж байна. Шинжээчдийн үзэж буйгаар, пейжерүүдэд 10-20 гр хүчтэй тэсрэх бичил төхөөрөмж суулгаж, хожим нь тусгай мэдээллээр идэвхжүүлсэн байж магадгүй гэнэ. Ройтерс агентлагийн мэдээллээр, дэлбэрэлтүүд 30 гаруй минутын турш үргэлжилжээ. Хезболла бүлэглэлийн гишүүдийн харилцаа холбоондоо ашиглаж байсан пейжерүүдийг Израилын тусгай албадынхан хакердсан гэж Ливаны аюулгүй байдлын албаныхан үзэж байна.

Хезболла бүлэглэл дэлбэрэлтүүдийн шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд Израилыг буруутгажээ. Израилын эрх баригчид байр сууриа одоогоор илэрхийлээгүй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top