Есдүгээр сарын 27-оос 28-нд шилжих шөнө Израилын гүйцэтгэсэн агаарын цохилтын улмаас Хезболла бүлэглэлийн тэргүүн Хасан Насралла амь үрэгдэж, тус бүлэглэл тэргүүнээ алдаад зогсохгүй тулгуургүй боллоо гэж шинжээчид үзэж байна.
Тэрбээр зөвхөн бэлэг тэмдэг байгаад зогсохгүй тус бүлэглэлийн стратегийн болон цэргийн тархи нь байв. Түүний үхэл тус бүлэглэлд ноцтой үр дагавар авчрах нь маргаангүй гэж үзэж байна.
Насраллагийн нөлөөллийн хүрээ Хезболла бүлэглэлээс хальж байлаа. Израил болон өрнөд дэх түүний дайснууд хүртэл түүнийг Ойрх Дорнодын гарамгай улс төрийн зүтгэлтэн байсныг хүлээн зөвшөөрдөг.
Насралла “Хезболла” бүлэглэлийг 32 жилийн турш удирдаж, бодлого, цэргийн стратеги нь тодорхойлж, Ираны тусламжтай бүлэглэлээ бэхжүүлэхдээ Тегеранаас хараат бус байдлыг нь тодорхой хэмжээнд ханган ажилладаг байлаа.
Түүнтэй эн тэнцэх орлогчийг энгийн цаг үед ч олоход хүнд. Тэр тусмаа Израилын зүгээс цуврал ажиллагаа явуулж, ихэнх дээд командлагчаа алдаж, дотоодын аюулгүй байдлын систем нь нэлээд нурсан энэ үед бүр ч хэцүү гэж шинжээчид онцолжээ.
“Тэрээр маш хурдан өсөн тэлж байгаа байгууллагыг нэгтгэж, “барьцалдуулж байсан цавуу нь байв” гэж Карнегийн хүрээлэнгийн Ойрх Дорнод судлалын төвийн ахлах шинжээч Моханад Хаге Али онцолж байна. Түүний хэлснээр, Насралла амь үрэгдсэнээр тус бүлэглэлээс авхуулаад Ираны ивээл доорх Израилын эсрэг эвсэл хүртэлх бүхий л түвшний тогтолцоо өөрчлөгдөнө.
Хезболлагийн сэтгэл зүйн байдал хэр удаан унах вэ?
1992 онд Хезболла бүлэглэлийн тэргүүн Аббас Мусави мөн л Израилын агаарын цохилтын улмаас амь үрэгдсэний дараа Хасан Насралла Хэзболла бүлэглэлийг тэргүүлсэн.
Мусавийг мөн л орлуулшгүй нэгэн гэж үзэж байсан ч ийм төрлийн байгууллагууд шинэ удирдагчаа төвөггүй олдог. Учир нь ийм байгууллагууд ирээдүйн удирдагчаа удаан хугацаанд бойжуулан бэлтгэдэг.
Үнэндээ энэ л дүрмийн дагуу бүх зүйл болж өнгөрдөг тул Хезболлад хүссэн ч эс хүссэн ч шинэ удирдагчаа зарлахаас өөр сонголт үгүй. Харин шинэ удирдагчийн анхны алхам нь юу байх нь Хезболла Насраллагийн үхэлтэй хэр хурдан эвлэрч, сэргэлт авахаас ихээхэн шалтгаална. Ойрын өдрүүдэд Хезболла бүлэглэл дотор ес суртахууны доройтолд туйлдаа хүрнэ гэж шинжээчид таамаглаж байна.
Удаан хугацааны туршид өөрийнхөө байгаа байршлыг маш чадамгай нууж байсан Хасан Насраллагийн үхэл Израилын цэргийн болон тагнуулын давуу байдлыг харуулж байна.
Насраллагийн аминд хүрсэн, Бейрут хотод өгсөн цохилтын дараа Хезболла Израилын зүг хэд хэдэн пуужин харвасан. Үүгээрээ тус бүлэглэлийн ноён нуруу хугараагүй гэдгээ харуулахыг зорьсон байх. Гэсэн ч Хезболла бүлэглэлийнхэн асар том хохирол амссан гэдгээ ойлгож байгаа гэж шинжээчид онцолжээ.
“Энэ бол бүрэн хэмжээний дайн. Израил тус бүлэглэлийн удирдлагуудыг устгаж, дэд бүтцийг нь сүйрүүлэхийн тулд энэ боломжийг ашиглаж байна” гэж Лондонгийн эдийн засгийн сургуулийн олон улсын харилцааны профессор Фаваз Хергес үзэж байна. Түүний бодлоор, Хасан Насралла амь үрэгдсэний дараа Хезболлагийн тус бүс нутаг дахь нөлөө буурна.
“Энэ бол ял л шаг, мад гэсэнтэй адил. Израил шахалтаа сулруулахгүй, хойд хилийн бүсээс дүрвэсэн хүмүүсээ гэрт нь хариулах хэрэгтэй. Энэ чигт л Израил явж байгаа. Гэхдээ эрт, орой хэзээ нэгэн цагт Хезболла сэргэнэ. Тиймээс үүнд бэлэн байх учиртай” гэж Израилын цэргийн шинжээч ярьжээ.
Цэргийн хүчин чадал болон улс төрийн ирээдүй
Хезболлагийн цэргийн нөөц хүч Хасан Насраллагийн үхэлтэй зэрэгцэн тарж үгүй болохгүй л болов уу.
Насраллагийн хүч, нөлөө үнэндээ Ирантай тогтоосон түүний хувийн харилцаа холбоо, нэр хүнд дээр нь тогтож байсан. Түүний үхэл Ливан дахь Ираны нөлөө болон Ойрх Дорнод дахь Ираны стратегийн байр суурьт бүхэлд нь ноцтой цохилт өгсөн гэдгийг ч Тегеран ойлгож байна.
Тиймээс Иран юуны өмнө өөрийн статус-квогоо сэргээхийн тулд өөрөөс шалтгаалах бүхнийг хийх нь дамжиггүй. Үүнд цэрэг, зэвсгийн нийлүүлэлт мөн орж байгаа.
Хезболла нь хэт даврах үзэлтэй цэрэгжсэн бүлэглэл төдийгүй 2005 оноос хойш Ливаны Засгийн газрын бүрэлдэхүүнд орж байгаа улс төрийн нам юм. Өдгөө Хезболла Ливаны парламентад 15 суудалтай.
2022 оныг хүртэл Хезболла бүлэглэлийн “Амаль” намтай байгуулсан эвсэл парламентын олонхыг бүрдүүлж байв. Гэвч тус улсад үүссэн эдийн засгийн гүн хямралтай зэрэгцэн тус эвсэл олонхын суудлаа алдаж байсан билээ. Гэсэн хэдий ч түүний улс төрийн нөлөө тус улсад хүчтэй хэвээр байна.
Израил болон өрнөдийн үзэж буйгаар, Ливан улс үнэндээ хэт даврагчдын барьцаанд орсон. Ливаны ихэнх улстөрч үүнтэй санал нэгддэг ба Хезболлаг террорист бүлэглэл хэмээн ил тод нэрлэдэг.
Ливанчуудын дунд явуулсан судалгаа ч мөн Хезболла бүлэглэлийн үйлдэлд дургүйцсэн хүмүүс нэмэгдэж буйг харуулж байна. Хезболла бүлэглэл авлигын схемд оролцон, хүн амыг сүрдүүлж, эдийн засгийн хямралын эсрэг ямар ч арга хэмжээ аваагүйд олон нийт дургүйцдэг.
Ливаны төрийн эрхэнд байгаа суннитууд болон христийн шашинтнууд хүч нь суларч, балмагдсан Хезболла бүлэглэлийг улс төрөөс шахан зайлуулахыг оролдож магадгүй. Гэхдээ үүнийг тулд ямар механизм ашиглах нь одоогоор тодорхойгүй байна.
Шинэ удирдагч
Хезболла бүлэглэлийн шинэ удирдагчийг байгууллага дотор бүхий л түвшинд төдийгүй Иран дахь түншүүд нь хүлээн зөвшөөрч, дэмжих ёстой. Насраллаг Хашема Сафиддин залгамжлах магадлал өндөр гэж ихэнх ажиглагчид таамаглаж байна. Эх сурвалжуудын мэдээллээр, тэрбээр баасан гарагт Израилын армийн Бейрут хотод өгсөн цохилтын голомтод байсан ба амьд гарч чаджээ. Тэрбээр Насраллатай хамт байсан уу эсвэл цохилтод өртсөн өөр нэг объектод байсан уу гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.
Сафиддин нь Хасан Насраллагийн үеэл. Тэрбээр Хезболлагийн улс төрийн жигүүрийг удирддаг бөгөөд “Жихадын зөвлөл” бүлэглэлд багтдаг.
2017 онд АНУ-ын Төрийн департамент Сафиддиныг эрэн сурвалжилж буй алан хядагчдын жагсаалтад оруулж байжээ. Тэрбээр Израилд нэг бус удаа сүрдүүлэн заналхийлж байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )